Цас орж, зам мөстөхөд Улаанбаатарчууд тэг зогсоно

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

Цас орж, зам мөстөхөд Улаанбаатарчууд тэг зогсоно

Цас орж, зам мөстөхөд Улаанбаатарчууд тэг зогсоно

Автозамын түгжрэлд амьдралынхаа ихэнх хугацааг машин дотор өнгөрүүлэх нь нийслэлийн иргэдийн хувьд байдаг л үзэгдэл. Харин цас орж, зам мөствөл ганц километр замыг цаг туулах улирал айсуй. Түүний хэрээр шийдэл эрэх шинэ санаанууд ундрах биз. Иргэдэд хоорондоо ийн хэлэлцүүлэх эрх нь бий. Гол нь Улаанбаатарын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, нийслэлийнхнийг төлөөлж буй ИТХ-ын төлөөлөгчид, түгжрэл шийдэх сайд, Хотын дарга нар үүргийнхээ хувьд ямар зохицуулалт хийх бол…

Энэ удаад өвлийн өнөөх л улиг болсон бэлтгэл ажлаа танилцуулж, түгжрэлийг сааруулах төлөвлөгөө боловсруулахаа амлаж, автозам дээр хангалттай давс цацна гэвэл иргэд хүлцэнгүй сонсох нь юу л бол.

Статистикаар, нийслэлд бүртгэлтэй 618 мянган автомашин байгаа нь замын үндсэн багтаамжаас гурав дахин их үзүүлэлт. Үүн дээр жил тутамд машины тоо нэмэгдвэл автозамын оргил цагийн хурд 2024 онд явган хүний хурдтай тэнцэхийг судлаачид хэлж буй.

Хэрэв Улаанбаатарт жилд дунджаар 35-45 мянган автомашин нэмэгдэнэ гэж тооцоолбол замын ачаалал, даац хоёр жилийн дараа цэг тавихад хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цаг, өдрөөр түгжирдэг байсан цаг үлгэр болж, улирлын чанартай тэг зогсоход хүрээд байна.

Автозамын түгжрэлээс болж зөвхөн ажилтай иргэд хохирч бухимдаад зогсохгүй эдийн засагт ч алдагдал үүсч байгаа юм. Тодруулбал, бензин шатахуун хий урсахаас гадна дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувийг түгжрэлд алдаж байгааг ҮСХ-ноос гаргажээ.

Тиймээс үе үе хөндөж гаргаж ирдэг энэ сэдэв, асуудлыг анхаарч, дорвитой ач холбогдол өгөх шаардлага үүссэнийг шинэхэн сайд, Хотын дарга нарт сануулж буй. Өдгөө нийслэлд жолоо барьж буй хүн бүр стресстэй явж байна. Үүнийг харгалзаад ч болов хариуцсан дарга нар нь өөрсдийн нүүдэл, суудалд бус иргэдийн эрхийг зөрчихгүй шийдвэрийг яаралтай гаргах шаардлагатай.

ТҮГЖРЭЛИЙН ОРГИЛ ҮЕ БАЙХАА БОЛЬЖ ТЭГ ЗОГСОХ НЬ…

Хөлтэй нь алхаж, хөлгүй нь мөлхөнө гэдэг шиг түгжрэлийн оргил үе сүүлийн жилүүдэд хүмүүсийн овсгоог шалгаж байгаа. Хүмүүс ажил эхлэх, тарах цагаар тавилантайгаа эвлэрэхээс өөр сонголтгүйд хүрдэг. Дор бүрнээ түгжрэлийг шийдвэрлэх шийдлийг эрж, хайж хоорондоо хэлэлцдэг ч хэрэгжүүлэх шатанд хэн ч хүргэж чаддаггүй.

Угтаа хэвшил болсон түгжрэлийг автомашины хэрэглээг бууруулснаар шийдэх боломжтой. Мөн зам ашиглалтын татвар, бүсийн тариф, зогсоолын төлбөрөөр хянаж болохыг иргэд хэлдэг. Өндөр хөгжилтэй улс орнуудын богино хугацаанд авч хэрэгжүүлсэн туршлагууд ч бий.

Харин холбогдох албаныхан нийтийн тээврийн салбараар зорчилтыг 33 хувь өсгөж, түгжрэлийг 15-20 орчим хувиар бууруулна хэмээн тооцоолжээ. Дараагийн чухал зүйл бол хот төлөвлөлтийг сайжруулах. Хувийн автомашинаар зорчихгүй байснаар зам дээрх асуудлыг 10-15 хувь бууруулах боломжтой.

Тэгвэл түгжрэлийн оргил үе тэг зогсолт болохоос өмнө төрийнхнөөс эхлээд хувийн машинаас долоо хоногт 2-3 өдөр татгалзах уриалга гаргаж болно гэсэн үг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хэлснээр түгжрэлийг ганцхан жилд шийдвэрлэх боломжгүй. Нийтийн тээвэр, авто зам гээд олон зүйл дээр анхаарах хэрэгтэй. Төр засгийн хувьд түгжрэлийн асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүсэл сонирхол  бий гэсэн. Ямар ч байсан тэрбээр ирэх оны төсөвт суулгах  586 тэрбум төгрөгөө үр ашигтай зарцуулж, үзүүлэх материалаас илүү үзэгдэх шийдэл олох бизээ.

Гоё, ганган шийдэл ярихаас илүү бодит шийдвэр, шийдэл хэрэгтэй байгааг иргэд сануулсаар байна.  Энэ жил алдарт олон тэрбумын сураг алсарсан учир Улаанбаатарчууд утаа, түгжрэлдээ дахиад л ороогдох вий!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж