УЗ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2022.10.21-нд нийтлэгдсэн

УЗ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг дэмжив

УЗ: Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлснийг дэмжив

Нэмэлт:

МАН-ын УЗ-өөс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэрийг ХНХ-ын сайдад нэр дэвшүүлэхийг УЗ-ын гишүүд бүрэн дэмжсэн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Мөн сайдын асуудлыг өнөөдөртөө багтаан хэлэлцэнэ гэнэ. Тухайлбал, сайд чөлөөлөгдсөнөөс хойш 15 хоногийн дотор дараагийн сайдыг томилох хуультай. Уг хуулийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа аж.


МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /202.10.21/ хуралдаж, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл иргэдээ "ул"-ны айл хэмээн доромжилсон учраас түүнийг чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гаргаж, үүрэгт ажлыг нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түр орлож байсан юм. Тэгвэл МАН-ын удирдлагууд тохирч, Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилохоор тохирчээ. Тиймээс Удирдах зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар түүнийг томилох саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оруулах юм байна.

Шинэ Засгийн газар бүрдүүлэхдээ эрх баригчид эмэгтэйчүүдийн квотоос илүү эрх ашиг, ирэх сонгуулиа угтсан томилгоог хийж буй.

"2024 ОНЫ СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ЗГ-АА БҮТЭН БАЙЛГАХЫН ТУЛД Т.АЮУРСАЙХАНД САЙДЫН СУУДАЛ ӨГӨВ"

Удирдах зөвлөлөөс өмнө намын удирдлагын түвшинд тохирсон учраас дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Т.Аюурсайхан томилогдох нь тодорхой. Тиймээс Удирдах зөвлөл дэмжсэний дараа, Ерөнхий сайд УИХ-ын даргад өргөн барьж, УИХ-ын чуулганаар тангараг өргөх зохицуулалттай. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд нэгэн цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нартай М.Энхболдыг огцруулах ажилд оролцож, "шударга тав" хэмээн тэмцэж явсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Т.Аюурсайханыг сайд болгоно хэмээж байсан ч түүнд УИХ-ын дэд даргын суудал өгсөн. Гэвч "давхар дээл"-ийн асуудал Цэцээр шийдэгдэж, МАН дотор бүлэг, фракциуд сайд болохоор тэмцэлдэж байсан бөгөөд дахин хуваарилалт хийж, Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулахад мөн л Т.Аюурсайханыг багтаагаагүй. Гэвч эрх баригч нам, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарт Засгийн газраа 2024 он хүртэл бүтэн авч үлдэхийн тулд ийнхүү Т.Аюурсайханд сайдын суудал өгөхөөс өөр гарцгүй болов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдохоор МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн яригдаж байсан ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх татгалзсан гэдэг. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ дахь бүлгээ "базах" хүн түүнээс өөр хүнгүй хэмээн Д.Тогтохсүрэн буцаасан нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт "таалагдаагүй" хэмээн яригдаж байсан удаатай. Хэдий "таалагдаагүй" ч Ерөнхийлөгчийн хүслээр Д.Сарангэрэлд сайдын суудал өгч байв. Гэвч Д.Сарангэрэл сайд иргэдээ "ул"-ны гэж доромжилсон нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарт "өгөөш" болсон ч Т.Аюурсайханаас өөр сонголт байгаагүй нь 2024 он хүртэл Засгийн газраа бүтэн авч үлдэх гэсэн санаа хэмээн улс төрийн хүрээнд ярьж буй.

БООМТЫН САЙДАД Ж.МӨНХБАТЫГ ТОМИЛОХООР ТОХИРЧЭЭ

Энэ Засгийн газар нийтдээ 20 сайдтай байхаар бүтцээ баталсан. Одоо боомт хариуцсан сайдын томилгоо үлдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томилохоор тохиролцоо хийгдэж байгаа бөгөөд өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар шийдэхгүй гэнэ. Гэхдээ урьдчилсан байдлаар Ж.Мөнхбатыг томилох тохирчээ. Л.Оюун-Эрдэнэ "давхар дээл"-тэй Засгийн газар бүрдүүлэхдээ Архангай, Өвөрхангайд нэг нэг сайдын суудал өгнө гэсэн аман тохироо яригдаж байсан ч яг бүтцээ УИХ-д оруулж ирэхдээ тэднийг хоосон үлдээсэн. Тиймээс Архангай аймагт нэг сайдын суудал буюу Боомт хариуцсан сайдаар Ж.Мөнхбатыг томилохоор тохиролцоо хийгдсэн байна. Гэхдээ түүнийг 2023 оны төсөв баталсны дараа томилох аж.

Ж.Мөнхбатын хувьд УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдож, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, байнгын хорооны дарга хийж байсан.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж