Япон улс урт хугацааны хөл хорионы дараа, энэ сарын 11-нд олон улсын аялагчдад хилээ нээсэн. Ингэснээр аялагчид ямар нэгэн онцгой хязгаарлалтгүйгээр Японд нэвтрэх боломжтой болжээ. Дэлхийн олон орон хилээ нээсний дараа Япон сая л хилээ нээж буй нь энэ юм. АНУ л гэхэд хилээ нээгээд бүтэн нэг жил өнгөрч байна.
Тус улс өндөр настан олонтой, хүн амын суурьшил шигүү хэдий ч Covid-19-ийн үеэр нас баралтын түвшин харьцангуй бага байлаа. Энэ мэт эерэг үр дүнтэй хэдий ч чухам нөлөөлж буй хүчин зүйлс нь тодорхойгүй. Японы амжилт болон бүтэлгүйтлийг улс төрийн эрх мэдлийг эрх баригч намд төвлөрүүлсний үр дүн гэж үзэж болно. Ямартай ч бусад оронтой харьцуулахад Японы Covid-19-ийн бодлогыг амжилттай болсон гэж “The diplomat” хуудас дүгнэжээ.
ЗӨВ БОДЛОГО
Барууны орнуудыг бодвол Японд Covid-19-ийн халдвар эрт илэрсэн. Тус улсын анхны өвчтөн 2020 оны нэгдүгээр сарын 15-нд Токиод илэрчээ. Түүнчлэн Йокохама боомтод хоёрдугаар сарын 3-нд ирсэн “Diamond Princess” аяллын хөлгийн явдал дуулиан тарьж байв. Халдварын тохиолдол анх илрэх үед Япон яаран хилээ хаагаагүй бөгөөд гуравдугаар сард л сая хилээ хаасан. Гэтэл гадаадын улсууд хоёрдугаар сард Хятадаас аялагч хүлээж авахаа зогсоосон байв. Улмаар Японы засгийн газар дөрөвдүгээр сард долоон мужид онц байдал зарласан. Энэ нь Нью-Йорк хотоос нэг сарын дараа онц байдал зарласан тохиолдол юм.
Цар тахалтай холбоотойгоор Японы засгийн газрын олон нийтэд өгч буй мессэж нь товч тодорхой бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй байжээ. Тодруулбал, Япон улс “Гурван С”-ийн дүрмийг баримталсан. Энэ нь битүү орон зай, хөл хөдөлгөөн ихтэй газар, ойр дотно харилцаа холбоо гэсэн гурван зүйл юм. Дээрх гурван зүйлээс зайлсхийх нь иргэддээ өгч буй хамгийн товч тодорхой мессэж байв. Түүнчлэн Абэномаск хөтөлбөр буюу бүх айл өрхөд амны хаалт илгээх хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Японд омикроны анхны давалгаа 2022 оны эхээр, хоёр дахь давалгаа нь долдугаар сараас эхэлсэн. Дэлхий даяар омикроны давалгаан дор үймж байхад Японд вакцинжуулалтын түвшин 80 хувьтай байжээ. Хилийн хориг, халдварын голомтод суурилсан хяналтын хөтөлбөр, амны хаалт зэрэг зүйл Японы Covid-19-ийн тохиолдол болон нас баралтын түвшинг АНУ, Европын холбоотой харьцуулахад маш бага түвшинд байлгаж чадсан юм.
Анхны онц байдлыг 2020 оны тавдугаар сард тогтоож байв. Цэнгээний газар, спорт заал зэрэг халдвар тархах үндэслэлтэй газруудыг олж илрүүлэх, тодорхойлоход анхаарлаа хандуулснаар 100 мянган хүн тутамд тохиолдох тохиолдол 0.5 хувь болж буурчээ. Тухайн үед халдварын голомтуудыг тодорхойлж, хүмүүсийг тусгаарлаж, шаардлагатай бол эмчлэх арга хэмжээ авсан. Халдварын голомтыг тогтоох дээр суурилсан энэхүү аргыг амны хаалт зүүх аргатай хослуулснаар 2021 оны зун хүртэл вирусын ноцтой тархалт тус улсад гараагүй гэхэд болно.
Япон улс вакцинд төдийлөн итгэлтэй байгаагүй. Гэвч улс төрийн туйлшралаас зайлсхийж, хуурамч мэдээллээс хол байжээ.
БУРУУ БОДЛОГО
Дээрх амжилтуудыг шууд үгүйсгэхгүй хэдий ч Япон улс цар тахлын зарим бодлогынхоо төлөө шүүмжлэл хүлээх ёстой. Хилийн хориг тавигдах үед тус улсын хилийн бодлого ихээхэн маргаантай байсныг тэмдэглэх нь зүйтэй. Гадаадын оршин суугчид Японд нэвтрэх хориотой хэвээр байсан нь олон гэр бүлийг хагалан бутаргаж, оюутнууд сургууль соёлоо үргэлжлүүлэхэд төвөгтэй байдал үүссэн. Түүнчлэн Японд ажиллахыг зорьсон хүмүүст ч саад болж байв. Байнгын оршин суугчид болон иргэд нь нэвтрэхэд гадаадын оршин суугчид нэвтэрсэнтэй ямар ч ялгаагүй халдвар тархах эрсдэлтэй. Нөхцөл байдал ийм байхад хэн хэнд нь ижил шаардлага тавьж болох л байсан.
Олон нийтийн шүүмжлэлд өртсөн өөр нэг бодлого бол 2020 оны долдугаар сард эхлүүлсэн “Go to travel” кампанит ажил байв. Энэ нь дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилготой хөтөлбөр байсан авч вирусийн эрх тархалтыг нэмэгдүүлсэн нь гарцаагүй.
Бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад Японд вакциныг хамгийн удаж байж нэвтрүүлсэн. “Pfizer” вакцины дээжийг цөөн тоогоор оруулж ирсэн боловч энэ нь вакцин хүчинтэй эсэх үр дүнг тогтооход хэтэрхий бага байжээ. Вакцин ирсэн хойно ч гурван сарын турш олон нийтийн вакцинжуулалтын цэгүүд нээгдээгүй. Учир нь дүрмийн дагуу тусгай зөвшөөрөлтэй эмч, сувилагч нар л вакцин тарих боломжтой байжээ. АНУ вакцинд хамрагдахыг хүссэн хүн бүрээ хамруулж дуусахад Япон улс сая нэг юм эмзэг бүлгийнхнээ вакцинжуулж эхэлсэн байна.
Covid-19-ийг илрүүлэх шинжилгээгээрээ ч Япон бусад үндэстнээс нэлээн хоцорсон. Ерөнхий сайд Суга Ёшихидэ 2020 оны аравдугаар сард өдөрт 200 мянга хүртэл хүнээс шинжилгээ авна гэж амласан. Гэсэн хэдий ч Токио хотод өдөр тутамд шинжилгээ өгч буй хүн 10 мянга ч хүрэхгүй байв. Харьцуулбал, Нью-Йорк хотод хүн ам ч, халдварын тохиолдол ч цөөхөн байхад өдөрт 40 мянган хүнээс шинжилгээ авч байв.
Ихэнх орон цар тахлын үед алсын зайнаас ажиллах сонголтыг хийсэн. Гэтэл Япон улсын хувьд ажлаа гэрээсээ хийх боломжгүй гэж хэлсэн хүмүүс л хамгийн их байжээ. Цар тахлын оргил үеэр ч түргэн галт тэрэгнүүд ачааллаа дийлэхгүй байв. Эрх баригчид галт тэрэгнийхээ тоог цөөлөх шийдвэр гаргаж байхад нөгөө талд нь ажил олгогчид хүмүүсээ заавал ирж ажиллахыг шаардаж байлаа. Үндсэндээ тус улсад цар тахал гээд нийгмээс тусгаарлагдсан хүн ховорхон аж.
Мэдээж цар тахлын хамгийн онцлох алдаатай бодлогыг Токиогийн зуны олимп гэж олон нийт дүгнэж байна. Олон нийт, сөрөг хүчний намууд, Covid-19 хариуцсан албан тушаалтан, тэр байтугай эзэн хаан нь хүртэл олимпийг цуцлахыг шаардаж байв. Гэвч эрх баригч Либерал ардчилсан нам Олимпийг зохион байгуулна гэж зүтгэсээр олон нийтийн санаа бодлыг үл ойшоожээ.
Бодлого боловсруулах үйл явцын ил тод байдлыг нэмэгдүүлэх, бүх хүчин зүйлийг нарийвчлан судлах нь зөвхөн Япон төдийгүй дэлхий дахинд Covid-19-өөс үлдсэн том сургамж болж байна. Японы Covid-19-ийн хариу арга хэмжээ нь биелэгдээгүй амлалтуудыг дагуулж, хариу үйлдэл үзүүлэх болон дасан зохицох чадварыг нь шалгалаа. Дэлхийн олон орны шандсыг сорьсон цар тахлын улмаас үүссэн хүндрэлд Японы засгийн газрыг буруутгах нь зохимжгүй. Гэхдээ шийдвэрлэж болох илүү дээр арга замууд байсан ч засгийн газар түүнийг нь ашиглаагүй гэж “The diplomat” хуудас дүгнэжээ.
Эх сурвалж: THE DIPLOMAT