Буддын соёлын "Махагала" нийгэмлэгийн санаачлагаар, Гандантэгчэнлин хийдийн захиалгаар "Скайпро Клининг" компанийн залуус Мэгжид Жанрайсиг бурхны цэвэрлэгээг хийж байна. Алтадмал шармал хийцтэй бурхан учраас элдэв хүнд багаж зэвсэг, бодис хэрэглэж болохгүй, зөвхөн зөөлөн арчуураар л цэвэрлэж байгаа аж.
Гандантэгчинлэн хийдэд 26.5 метр өндөртэй Мэгжид Жанрайсиг бурхан дотор монгол орны эрдэнийн чулуу, рашаан ус, нэн ховор ургамлын дээж, шашны их хөлгөн судрууд, “Ганжуур”, “Данжуур”, монгол гэр гэхчилэн Монголын хамаг нандин зүйлийг багтаасан байдаг.
Энэ бурхныг хоёр дахиа бүтээн залсан түүхтэй.
Анх энэхүү төр түмний их шүтээнийг 1911 онд Монголын сүүлчийн эзэн хаан Төр шашныг хослон баригч, Түмэн наст, Наран гэрэлт, Оройн дээд Очирдарийн хувилгаан Халхын наймдугаар Богд Жавзандамба хутагтын зарлигаар ард түмний заяа буяныг тэгшитгэн, буян үйлсийг нь даатгаж, төр түмний их шүтээн хэмээн бүтээн байгуулсан түүхтэй. Тэр цагаас хойш 1937 онд их хэлмэгдүүлэлтийн үеэр их шүтээн Мэгжид Жанрайсиг бурхныг буулган авч явсан байдаг. Түүнээс хойш Жанрайсиг бурханы дуганыг Улсын архивын газар гэх мэт хэд хэдэн зориулалтаар ашигласан гэдэг.
Харин сүмийн одоогийн шүтээн Мэгжид Жанрайсиг бурхныг 1990-1991 онд МБШТөв Гандантэгчэнлин хийд, Монголын соёлын сан тэргүүтэй байгууллага, сүсэгтэн олны санаачилгаар дахин бүтээж 1996 оны аравдугаар сарын 26-нд мэлмийг нь нээж равнай өргөх ёслол болсон.
Энэ үйл явдал нь ардчилал гарснаас хойш Монголын бурхан шашны түүхэн дэх томоохон үйл явдал болсон. Үүнээс хойш 26 жил болсон байна. Их шүтээнийг дахин залснаар төрийн түшээд, ихэс дээдэс нар хүндэтгэл үзүүлэн ард түмний заяа буяныг даатган залбирч буян хураадаг, түмний үйл хэргийг даатган залбирдаг уламжлал эргэн сэргэсэн. Мөн төрийн дээд албан айлчлалууд, Гадаад зочид төлөөлөгчид Гандантэгчэнлин хийд, Жанрайсиг дацангаар зочилж залбирал даатгал үйлддэг. Мэгжид Жанрайсиг их шүтээн нь Монголын ард түмний оюуны их өв соёл гэдгээр дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг болсон.
Холбоотой мэдээ