Маш тодорхой ч, маш учир битүүлэг нэгэн хэргийг бүдгэрүүлээд буй шалтгааныг бултаараа олох гээд будилж сууна. Гол асуудлыг өөр шуугианыг дагуулж дардаг технологи ч амжилттай хэрэгжиж байх шиг. Хачин осол, эх орноо хамгаалахаар мордоод осолдсон залуус, төсвийн “тонуул” зэргийг хууль зүйн яамны төрийн нарийн даргын жиргээ мартагнуулж дөнгөлөө.
ТЕСТ БА КЕЙС
Бидний эмзэглэж явдаг сэвдээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг ийн жиргэсэн нь ам булаалдан хошин урлагийнхныг адлахад хүргэв. Жиргээг харсан эмоцитой жүжигчиид жагсаал хийсэн нь бүр асуудлыг анхаарлын төв рүү түлхчихлээ. Төрийн нарийнын далд санааг өөрсдөө ч мэдэлгүй дөгөөсөн нь тэр. Доромжлолын хэмжээг тогтоох боломжгүйг маш сайн мэдэж буй П.Сайнзориг ч таашаалтайгаар жагсагчдыг угтан авч, маасайж байгаад маанагтуулаа мэднэ.Нийгмийн сэтгэл зүйг нэг ёсондоо тандсан түүний тестийг бид амжилттай бөглөөд өгөв. Түүний цүнхэнд Эрүүгийн хуульд доромжлох, гүтгэх заалтыг тусгасан бүхэл бүтэн хуулийн төсөл яваа. Түүнийгээ хууль болгоход энэхүү тест кейс болох нь дамжиггүй болов.
ДАГААД ДАВХИАРАЙ…
Энэ сэдвийг сошиал орчинд хөндсөн байдал, бичсэн зурваст үзүүлсэн хариу үйлдэл, сайт, телевизийн бэлтгэсэн мэдээний хандалтыг харвал хэрхэн хуйлран давхисан нь тодорхой харагдана. Тиймээс олон таван үг хэрэггүй биз ээ. Харин түүний оронд МУСГЗ, шог зураач С.Цогтбаярын уран бүтээлийг харууштай. Хараад зогсохгүй бодохыг санал болгоё.
ДЭЭД ШҮҮХИЙН ТАЙЛБАР
Хошин шогчид П.Сайнзоригийг өөрсдийг нь доромжилсон гэж үзэж буй. Гэхдээ шүүхээр явлаа гэж олигтой юм олж долоохгүй. Учир нь, Дээд шүүхийн 2007 онд гаргасан тайлбарт нэр төр, алдар хүнд гэж юуг хэлэх, юуг доромжлох гэж үзэх талаар гаргасан тайлбар бий. Тэрхүү тайлбарыг харцгаая.
1.1 Хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасан “...нэр төр” гэж тухайн хүний хувийн болон ёс зүй, түүнчлэн ажил хэргийн чадвар, мэргэжлийн түвшингийн талаар бусдаас өгч буй үнэлэмжийг хэлнэ.
1.2. Мөн зүйл, хэсэгт заасан “…алдар хүнд…” гэдэгт бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээнд тулгуурлан өөртөө өгсөн тухайн хүний үнэлэмжийг ойлгоно.
1.3. Мөн зүйл, хэсэгт заасан “…доромжлох …” гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг хэлнэ. Бүрэн эхээр нь харахыг хүсвэл энд дараарай. http://old.supremecourt.mn/act/view/126 Нэр төрөө сэргээлгэе гэвэл өөрсдөө хамгийн ихээр хүн доромжилдог, түүнийгээ хошин урлаг гэж зөвтгөдөг хүмүүс хэрэгт орох нь ойлгомжтой. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, эрүүл мэнд, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, гадна төрх, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан гутаасан уран бүтээлчид шүү дээ. Тийм болохоор л төрийн нарийн бичгийн дарга хөөрхөн доромжлоод буй хэрэг.
ДАГУУЛЖ ТОНГОРНО
Иргэдээс төдийлөн дэмжлэг авч чадахгүй байсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн 13.15 дахь хэсэгт тусгаад буй доромжлохыг гэмт хэрэгт тооцох заалт яг одоо ямар их дэмжлэг авах нь тодорхой болов. Гэтэл иргэн үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад дуудагддаг, Зөрчлийн тухай хуулиар торгуулах явдал гарсаар байна. Ковидын үед л гэхэд тусгаарлах байрны бодит байдлыг илчилсэн иргэнийг 500 мянган төгрөгөөр торгосон. Худал мэдээлэл тараасан эсэхийг шүүх бус цагдаа үзэмжээрээ шийддэг учраас тэр. Гэтэл худал мэдээлэл тараах гэмт хэрэгт холбогдуулан 2020-2021 онуудад 32 шүүхийн шийдвэр гарсанаас уламжлалт гэмт хэрэг болох гүтгэх, доромжлохыг хамаатуулан иргэнд хариуцлага хүлээлгэж буй байдал түгээмэл байна. Түүнчлэн, тус гэмт хэргийн улмаас мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэдийг 2-53 хоногийн хугацаатай цагдан хорьж, баривчилсан тохиолдлууд ч гарсныг “Глоб интернэшнл” ТББ-аас анхааруулжээ. Ийм байхад Эрүүгийн хуулийн төслийн эл заалтыг оруулаад ирвэл иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх рүү төрийн албадлагын механизмын араа шүд чиглэнэ гэсэн үг.Мэдээж хэрэг хүн гүтгээд, доромжлоод байх нь буруу гэхдээ. Гэхдээ иргэний журмаар нэр хүндээ сэргээлгэж, учирсан хохирлоо барагдуулахыг бичигч ч биш НҮБ Монголын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд зөвлөжээ. Учир нь худал мэдээлэл гэж тогтоох туйлын бэрх. Архангай аймгийн засаг ноён төсвийн мөнгөөр 13 удаад гадаад руу “аялсныг” 15 гэж бичээд сэтгүүлч буруутсан жишээ саяхных.
1999 оноос хойш энэ төрлийн хэргийн гомдлыг гаргагчдын 30 хувь төрийн албан хаагчид байжээ. Өөрөөр хэлбэл, улстөрч нар гэсэн үг. Гэтэл хөгжилтэй орнуудад төрийн байгууллага, улс төрд нөлөөтэй этгээдүүд нэр төрөө сэргээлгэхээр гомдол гаргах эрхгүй байдаг зохицуулалт үйлчилж байна. Үүнийг нь тусгахыг огт оролддоггүй хэрнээ иргэдийн амыг барих, дуу хоолойг дарах л зохицуулалтыг хамгийн түрүүнд эрэлхийлдэг билээ, улстөрчитд.
Тиймээс хошин шогчдоор далимдуулан доромжлох, гүтгэх зохицуулалтаа ёсчлохыг нь бид дэмжчих вий дээ. Иргэний бус төрийн, даргын эрхийг нэмэгдүүлэхэд л өнөөгийн хууль тогтоогчид анхаарлаа хандуулдаг. Харин үүргээс чимээгүйхэн зугтдаг нь өнөөгийн Дарханы зам. Хар толгойгоороо хариуцна л гэдэг. Хаан байна вэ, тэр хар толгойнууд чинь?!
Ийм болохоор төрийн нарийн бичгийн даргыг дагаж гүйж байгаад тонгоруулчих вий… Нуугаад байгаа хэрэг, асуудлуудаа мартчих вий. Сэвэх нь яах вэ, сэрэмжтэй л байгаарай. Аюултай шүү, цаадуул чинь…Гуйж батлаа юу гээд сууж байх вий дээ. Манаргаж байгаад л "матаачийн" хуулиа хэлэлцээд эхэллээ.
Холбоотой мэдээ