Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрын урилгаар Япон улсын “Бохир усны ассоциаци”-ийн гадаад харилцааны газрын захирал Сакамаки, тус газрын дэд захирал Коваяаши, “Nippon Koei” ХХК-ийн ахлах инженер Иноу нар энэ сарын 16-21-нд манай улсад айлчиллаа. Энэ үеэр Японы мэргэжилтнүүд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Нисэхийн цэвэрлэх байгууламж, Багануур дүүргийн цэвэрлэх байгууламж, Өндөрхаан хотын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэргэжлийн чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Мөн энэхүү айлчлалын хүрээнд энэ сарын 20-нд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Ус сувгийн удирдах газар, Төв цэвэрлэх байгууламж, Байгаль орчны яам, Усны газар, мөн хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан уулзалт зохион байгуулсан байна. Уг уулзалтаар Япон улсын “Бохир усны ассоциаци’’ болон холбогдох байгууллагуудтай хамтран Монгол орны хот тосгон, сум суурин газрын цэвэрлэх байгууламжийн судалгааг ойрын таван жилд багтаан хийж, цаашид шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахаар болжээ.
Д.Долгор