МАН давхар дээл нөмрөөд хоёр сар болж байна. Үндсэн хуулийн Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ засч, залруулах нэрээр эрх баригчид ээлжит бус чуулган зарлаж, гурван жилийн өмнө Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтдөө дахин гар дүрсэн нь зөвхөн давхар дээл нөмрөх байлаа. Ингээд МАН-ынхан дээлээ зузаалсан боловч тогоон доторх хэрүүл нь улам хурцдав.
Хэдий танхимын бүтэц бүрэлдэхүүндээ Л.Оюун-Эрдэнэ өөрчлөлт оруулсан ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу танхимынхаа сайд нарыг чөлөөлөх, томилох “власть”-аа бүрэн авч, засгаа бүтэн болгож чадахгүй явна. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ гэхээсээ Монгол Улсын Гүйцэтгэх засаглалын тэргүүн гүйцэд эрх мэдэлтэй болж чадсангүй гэсэн үг. Өнөө л парламентаасаа, намаасаа, Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайд нь хамааралтай, институци хоорондын зөрчил нь далдуур өрнөсөн хэвээр байна.
Өнөөдөртөө төрийн гурван өндөрлөг нь нэг намаас, нэг фракциас, хоёр нь нэг нутгийн “хуурай ах, дүү” нар тулдаа Монголын төр тогтвортой мэт байгаа. Гэхдээ л энэ нь хэр удаан үргэлжлэхийг бурхан таашгүй, учир нь Монголын улс төрд хэзээ ч үүрдийн нөхөр, дайсан гэж байдаггүй. Өчигдөрхөн цусаа гартал зодолдож байсан Ардчилсан намынхан нэгдэж, нийлэх тухай ярьж, эрх мэдэл дээрээ тосоо гартал тэврэлдэж явсан Ардын намынхан үзэн ядалт, өс хорслоор дүүрэн, хэнийг алдаан дээр нь “алгадаж”, албан тушаалыг нь булаах вэ гэж аанасан, занасан атгаг нөхдүүд “ханцуй дотроо хутгаа” нуугаад хоёр ордны дунд холхиж буй нь худлаа биш.
ДАВХАР ДЭЭЛИЙН ДАЖИН
Дан дээлтэй засгаа Л.Оюун-Эрдэнэ дангаараа чирж ирсэн. Тиймээс давхар дээл нөмөрвөл засаг нь дархлаатай болно гэж Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёр тооцсон нь алдаа байлаа. Учир нь, бүдүүн бүлгийнхэн бүгд л давхар дээл нөмрөх хүсэлтэй. Даанч сайдын суудал 20, горилогч хар мянгуулаа. Тэр бүгдийн эрх ашгийг хангаж, эрх мэдэл амлах боломж Л.Оюун-Эрдэнэд байхгүй. Л.Оюун-Эрдэнэ лусын хаан, бурхан Будда байлаа ч.
Нөгөөтэйгүүр эрх мэдлээ булаацалдсан, өөр хоорондоо таарамжгүй, үг хэл нийлдэггүй, том толгойтой сайд нар нь Засгийн газрын толгойны өвчин болох шинжтэй. Хаа очиж, дан дээлтэй сайд нар нь хар яр хийж, хэвлэлээр хэрүүл, толхилцоон болдоггүй байж.
Тэгвэл шинээр бүрдсэн засгийн танхим дотор гэхэд Ч.Хүрэлбаатар нь Ж.Сүхбаатартайгаа таарамж муутай. Ямар таарамжтайдаа л тэдний утсаар ярьсан хэрүүл хэвлэлээр ил дэлгэгдэж байхав. Увсын хоёр угаасаа бие, биеэ үздэггүй.
Ногоон гэрлээр Соёлын сайд болсон Ч.Номинд Ардын намын “ажаа” нар дургүй. Аргагүй ч биз, баян айлын эрх охин аавынхаа мөнгөөр албан тушаалд очлоо гэж хардаж, хажиглах нь ч зүйн хэрэг. Гээд Ардын намын “ажаа” нар хоорондоо ч “алаан”-тай байгаа нь илэрхий, ХНХ-ын сайдын суудлаас болж А.Ариунзаяа, Д.Сарангэрэл хоёр нэгийгээ үзэхээ байсан нь олон нийтийн сүлжээн дэх ил цагаан хэрүүлээс нь харахад ойлгомжтой.
Чуулганы болон байнгын хорооны хуралдаанд сайдын суудлаас ховхорсон, хоцорсон МАН-ынхан нам, засаг руугаа дайрах нь гэнэт ихэссэн. “Унасан бөхчүүд ууртай” гэгчээр Ц.Даваасүрэн, Д.Сарангэрэлээс эхлээд засгийн сайд нартаа илтэд “ам муутай” гишүүн олон болсныг харвал үнэмлэхүй олонхын үнэмлэхүй тулаан 2024 оны сонгуулийн өмнө жинхэнэ эхлэж, цус урсаж ч магадгүй нь. Жишээ нь, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Сангийн сайд Б.Жавхлан өдөр шөнөгүй "ниргэх" болсны ард өөр ашиг сонирхол бий нь лав.
ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХЫН ҮНЭМЛЭХҮЙ ЗОВЛОН
Үнэмлэхүй олонх болж, үнэмлэхүй эрх мэдэлтэй байх нь өөрөө үнэмлэхүй зовлон болохыг Л.Оюун-Эрдэнэ одоо л сайн ойлгож, мэдэрч байгаа болов уу. Ангайсан болгоны амыг албан тушаалаар хаах боломжгүй. Нэг нь сайд болж баярлаж суухад нөгөө нь хоосон хоцорсондоо шаралхах нь мэдээж.
УИХ-ын 2020 сонгуулиас хойш, хоёр жилийн хугацаанд МАН-ын засаг бүтэц бүрэлдэхүүнээ гурван удаа өөрчилсөн. УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газар дөнгөж төрсөн эмэгтэйг углааштай нь зөөсөн гэх асуудлаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдсон байдаг. Түүнээс хойш жил гаруйн дараа ээлжит бус чуулганы хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Л.Оюун-Эрдэнэ бүтэц, бүрэлдэхүүнээ ахин шинэчиллээ. Шинэ засагт У.Хүрэлсүхийн засгаас улирч үлдсэн гуравхан сайд нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар. Бусад яамны хувьд сайд нь нэгээс хоёр ч удаа солигдсон. Байгаль, орчин аялал жуулчлалын сайд гэхэд хоёр жилийн дотор гурвантаа өөрчлөгджээ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар мөн л хоёр жилийн хугацаанд гурван сайдын нүүрийг үзэх нь тодорхой болсон.
Энэ нь үнэмлэхүй олонхоо ээлж дараатай хоолонд оруулах гэсэн эрх баригчдын далд заль байхыг ч үгүйсгэхгүй.
Одоогоор Л.Оюун-Эрдэнэ Боомтын болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаа томилж чадахгүй, улс төрийн гацаанд орчихсон явна. Угаасаа засгийн сайдуудаа бүлэг фракциараа хувааж авдаг тогтолцоог халаагүй нөхцөлд дараа дараагийн Ерөнхий сайд нар ч улс төрийн барьцаанаасаа салж чадахгүй биз. Үүнээс гарах ганц гарц нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг парламентаас сонгож, УИХ-аа тараах эрх мэдлийг Ерөнхий сайдад олгох явдал юм.
Боомтын сайдаар Ж.Мөнхбатыг, ХНХ-ын сайдад М.Оюунчимэг, Т.Аюурсайхан, С.Чинзориг, Б.Саранчимэгийн нэрсийг хэвлэлүүд зорилготой, зорилгогүй “онцлож” бичээд удаж байгаа. Боомтын сайд хэн болохоос Л.Оюун-Эрдэнийн зарласан Шинэ сэргэлтийн бодлого хамаарна. Тиймээс ерөнхийдөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүн тэнд очих болов уу.
Тэгвэл ХНХ-ын сайдын суудлыг сонирхсон, онилсон хүмүүс олон. У.Хүрэлсүхийн квоттойгоор Д.Сарангэрэл тэнд очоод Монголын улс төрийн түүхэнд хамгийн богино настай сайдаар тодорсон билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал нь “улны айл”-уудаар улс төр, мөнгө хийх боломжтой, бололцоотой салбар. Энэ тухайд зарим нь ашиг хийх гэж зарим нь ажил хийхийг хүсэж очих байх. Гол нь эмэгтэйчүүд “амны алдаа гаргадаг” гэх шалтаг заан, эрчүүдэд найр тавибал Засгийн газрын тэргүүн жендерийн мэдрэмжгүй, хүйсээр ялгаварлан гадуурхагч болно. Харин иргэдийн хувьд хэн нь сайд болох нь чухал биш бизнес нь тэлээсэй, эдийн засаг тогтворжоосой, эрх зүйн орчин сайжраасай, амьдрал нь дэвжээсэй, ашиг орлого нь нэмэгдээсэй л гэсэн хүлээлттэй байдаг.
Ийнхүү хориодхон метрын зайд орших хоёр ордны гүйдэл, суудлыг ажвал эрх мэдлээ булаацалдсан эрх баригчдын хэрүүл ирэх сонгуулийн өмнө тогоогоо хагалж мэдэхээр харагдаж байна.
Холбоотой мэдээ