Европыг эрхшээж, хожуу "дэлбээлсэн нахиа"

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Европыг эрхшээж, хожуу "дэлбээлсэн нахиа"

Европыг эрхшээж, хожуу "дэлбээлсэн нахиа"

"NEWS” агентлаг энэ удаа “ХҮМҮҮС” буландаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог алтан бөмбөг шагналын энэ оны эзэн Карим Бенземаг онцолж байна. Өдгөө 34 настай Алжир гаралтай ч Францын иргэншилтэй тэрбээр олон жил Кристиано Роналдогийн сүүдэрт дарагдаж, гэмт хэрэгт холбогдож, сайн муу хэлүүлсэн ч эцэст нь дэлхийн шилдэг болж чадлаа.


БЯЦХАН КОКО

Бензема Францын Лион хотод Алжир гаралтай гэр бүлд мэндэлжээ. Түүний өвөө Да Лакехал Бензема Франц руу нүүхээсээ өмнө 1950-аад онд Алжирын хойд хэсэгт орших Тигзирт гэх тосгонд амьдарч байсан аж. Бенземагийн аав Хафид болон ээж Вахида Жеббара нар Лион хотод төрч, өссөн бөгөөд ээж нь мөн Алжирын Оран гэх эргийн хотоос гаралтай гэнэ.

Хафид, Вахида хоёр нийт есөн хүүхэдтэй.

Бензема амжилтад хүрсэн ихэнхи алдартнуудын адилаар багаасаа л зовлон, бэрхшээлийг гэтэлж иржээ. Тэрбээр бага байхдаа бараг л гэмт хэргийн бүлэглэлд элсэх дөхсөн ч аавынх нь сахилга бат, чанга гар хүүгээ тогтоож чадав. Лион хотын Брон гэх гэмт хэрэг, асуудлаар дүүрэн газар тайван амьдарна гэдэг бүтэшгүй зүйл.

Аав нь ч хүүгээ хүмүүжилтэй, боловсролтой хүн болгохын тулд католик шашны сургуульд оруулжээ. Гэвч энэ санаа нь Каримд таалагдсангүй. Тэрбээр хичээлийн эхний өдрөөсөө л гарал угсаа, илүүдэл жингээсээ болж бусдад дээрэлхүүлж эхэлсэн аж. Гэвч цаг хугацааны эрхэнд Карим хүрээлэлтэй болж, хоолны дэглэмдээ ч анхаарч, жингээ хасч эхэлжээ.

ХӨЛБӨМБӨГ, БЕНЗЕМА ХОЁР

Бензема найман настайдаа гэртэйгээ ойр Брон Террайлон гэх хөлбөмбөгийн клубт элсч, их спорттой танилцжээ. Түүнийг багийнхан нь, найзууд нь Коко гэж дууддаг байв. Тэрбээр арав хүртэлх насны хүүхдүүдийн тэмцээнд оролцохдоо хотынхоо хамгийн том баг болох Лионы хүүхдийн академийн эсрэг хоёр гоол оруулж, мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн түүхтэй.

1990-ээд оны үед Брон Террайлон багийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Серхе Санта Крузын хэлснээр Лионы төлөөлөгчид Бензема хүүг багтаа элсүүлэх гэж оролдсон ч Санта Круз зөвшөөрөөгүй гэнэ. Гэвч Лионыхон бууж өгсөнгүй. Шууд хүүгийн аавтай холбогдож, тохиролцож чаджээ. Бензема Лионы үндсэн багийнханд бөмбөг зөөж өгч, өөрөө хүүхдийн академид нь гялалзана.

Түүнийг “хүндэтгэлтэй, ухаалаг” хүүхэд гэж сургууль нь тодорхойлсон. Гэрээсээ холдож үзээгүй хүүхэд Лионы хүүхдийн академид элсснээр гэр бүлээсээ тусдаа амьдарч, нэг хэсэгтээ л бусадтай үг солихгүй, ичимхий, дотогшоогоо байсан гэжээ.

Тэрбээр 16 хүртэлх насны Францын аваргад 38 гоол оруулж, үеийнхэн дундаа Роналдо байв. Гайхалтай үзүүлэлтийнхээ ачаар ч Бензема 2004-2005 оны улиралд Лионы нөөцийн багт дуудагдаж, үндсэн багт ороход нэг шат ахижээ.

Бенземагийн хүүхэд насны шүтээн нь Бразилын Роналдо. Тэрбээр шүтээнийхээ талаар “Бага байхад Роналдогийн тоглолт надад нөлөөлсөн. Миний хувьд тэр бол бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч. Би түүнийг бичлэгийг үзэж, хийж байгаа үйлдлийг нь дагахыг хүсдэг. Гэхдээ амаргүй л дээ. Түүн шиг хөдөлнө гэдэг бараг л боломжгүй” гэж дурсчээ.

ХАТАН ЗОРИГТОН

Үндсэн багийнханд бөмбөг зөөж өгдөг байсан хүү нэг л өдөр мөр зэрэгцэн хамт тоглох боломж олдов. Түүнд энэхүү боломжийг Пол Ле Гин гэх дасгалжуулагч олгожээ. Бенземаг үндсэн багт хөл тавихад Флорен Малуда, Силвайн Уилторд, Жон Карью гэх тухайн цаг үедээ л Франц төдийгүй Европт цуу алдраа дуурсгасан шилдгүүд хүлээж байлаа. Жаалхүүг багт орж ирэхэд томчууд нь доог тохуу хийж, шоолж байсан гэнэ.

Гэтэл хариуд нь Бензема “Намайг битгий шоол. Санаж ав, би та нарын хувьд бөмбөг зөөдөг байсан хүү байж магадгүй. Харин одоо бол би энд өрсөлдөх гэж, 10 дугаарыг авах гэж, гараанд гарахын төлөө ирсэн” гэж байжээ. Ийнхүү 2005 онд Бензема мэргэжлийн хөлбөмбөгийн анхны тоглолтдоо оролцож, Лионы гарааны довтлогч болох эхлэлээ тавьжээ.

Тэр Испанийн Реал Мадрид руу явахаасаа өмнө Лионы төлөө 148 тоглолтод 66 гоол оруулж, Францын багийн фанатуудын хайртай тоглогч болоод байсан юм.

ОДДЫН БӨӨГНӨРӨЛ

Испанийн эзэн хааны Реал Мадрид клубын ерөнхийлөгч Флорентино Перез 2009 онд “Галактикос 2.0” төслийг эхлүүлж, тухайн цаг үедээ дэлхийн шилдэг гэгдэж байсан хөлбөмбөгчдийг нэг баг болгох ажилдаа оров. Перез 2009 оны зун Кака, Роналдо, Бензема, Хаби Алонсог, 2010 оны зун Анхель Ди Мариа, Мезут Өзил нарыг тус тус нэгтгэсэн.

Францын лигтээ төдийгүй Европт хэдийнэ танигдсан Бензема нэг хэсэгтээ Кака, Роналдо хоёрын нэр алдар, ур чадварт дарагдсан. Мөн байрлалын төлөөх тэмцэл дээр Аргентин довтлогч Гонзало Игуйан, багийн домог Раул Гонсалес нэмэгдсэн. Түүнийг багт ирэхэд Игуйан хэдийнэ гарааны довтлогч болчихсон байв.

2008-2009 оны улирал Игуйан 40 тоглолтод 29 гоол, Бензема 33 тоглолтод 9 гоол оруулав. Тоон үзүүлэлтээс харахад л Мануэль Пеллигринигийн номер нэг сонголт нь Игуйан байлаа.

Дараа улирал нь багийн дасгалжуулагч солигдож “Онцгой нэгэн” Жозе Моуриньо ирснээр Бензема түүний номер нэг сонголт болсон. Франц довтлогч Моуриньогийн удирдлага дор эхний улиралдаа 48 тоглолтод 26 гоол оруулж, багийнхаа мэргэн буучдын жагсаалтад Роналдогийн араас хоёрдугаарт бичигдсэн. Игуйан сайн байсан ч бэртэл гэмтлийн асуудалд орж, эцэст нь Италийн Наполиг зорьсон юм.

ХАР ТОЛБО

2010 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Францын “M6” телевиз Францын хөлбөмбөгийн шигшээ багийн дөрвөн тамирчин Парисын шөнийн цэнгээний газар биеэ үнэлүүлэгч авсан байж болзошгүй гэх мэдээ гарав. Хамгийн гол нь тэдгээр охидууд нь насанд хүрээгүй байлаа. Эдгээр дөрвөн тамирчнаар Франк Рибери, Сидней Гову, Хатем Бен Арфа, Карим Бензема нар тодорсон.

Бенземаг 16 настай охинтой бэлгийн харьцаанд орсон гэж буруутгасан бөгөөд тус охиныг насанд хүрээгүй гэдгийг мэдээгүй гэжээ. Ийнхүү хэрэг шүүх рүү шилжиж, эцэст нь хэрэгсэхгүй болсон юм.

Гэхдээ түүнтэй холбоотой хэрэг үүгээр дуусаагүй. 2015 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Бензема шигшээ багийнхаа анд Матью Вальбуенаг шантаажилсан хэрэгтэй оржээ. Учир нь Бензема Вальбуенагийн бэлгийн харьцаанд орж байгаа дүрсийг утсан дээрээ бичиж аван үүгээрээ шантаажилсан гэнэ. Шүүхээр буруутай нь ч тогтоогдож Бензема нэг жилийн хорих ял сонсч, 75 мянган еврогоор торгуулжээ.

Хамгийн харамсалтай нь эл хэргийн улмаас 2018 оны дэлхийн аваргад тоглох боломжоо алдсан. Түүнгүйгээр Франц дэлхийн аваргад түрүүлж, алтан дагины эзэд болсон билээ.

РОНАЛДОГИЙН СҮҮДРЭЭС АНГИЖИРСАН НЬ

Бензема Реал Мадридад ирснээсээ хойш үргэлж туслах дүр байсан. Аргагүй дээ Роналдо гэх хөлбөмбөгийн түүхэн дэх ер бусын үзэгдэл хажууд нь байсан юм. Реал Мадрид Европт ноёрхож, таван жилийн дотор дөрвөн удаа УЕФА Аваргуудын лигт түрүүлсний дараа Роналдо шинэ сорилт хайж, Италийг зорив.

Роналдогийн үлдээсэн орон зайг нөхөхөөр Эден Азарыг авчирсан ч Бельги шидтэн санасан хэмжээнд хүрээгүй. Ингэснээр Карим Бензема довтолгооны номер нэг сонголт болж, Модрич, Кроос хоёрын чихэр шиг дамжуулалтууд Роналдо руу бус Бензема руу чиглэж, Франц залуу гангарч эхэлсэн. Эхэндээ багийнхаа нүүр царай болсон Бензема Мессиг Ла лигээс явсны дараа лигийнхээ тод од болов.

Роналдо, Месси хоёр буурь сэлгэж, шинэ орчинд, шинэ лигт дасах гэж хугацаа алдаж байх хойгуур Бензема лигтээ ч, Европт гангарсан хэвээр байлаа. Рамосыг ПСЖ руу явсны дараа багийн дэд ахлагч болж хариуцлага нь нэмэгдсэн.

ХОЖУУ ДЭЛБЭЭЛСЭН НАХИА

Өнгөрсөн улирал Реал Мадрид бүхий л тэмцээнд дийлдэшгүй байлаа. Ла лигтээ ч түрүүлж, УЕФА Аваргуудын лигт Бенземагийн гайхалтай тоглолтоор 32 багийн манлайд зогссон. Тэрбээр 46 тоглолтод 44 гоол оруулснаас Челси, Манчестер Сити, ПСЖ гээд Европын шилдгүүдийн эсрэг “агсам тавьж”, аархсан.

Энэ ч амжилтыг нь үнэлэн дэлхийн даяарх сэтгүүлчид алтан бөмбөгийг түүнд олгосон юм. 34 насандаа алтан бөмбөг хүртсэн Бензема “Өөрөөрөө, юу хийснээрээ бахархаж байна. Би хэзээ ч бууж өгөөгүй. Миний амьдралд хоёр роль модел бий. Зидан, Роналдо хоёр. Би үргэлж өөртөө бүх зүйл боломжтой гэх бодлыг суулгадаг байсан. Францын шигшээ багт багтаж чадаагүй хүнд үе надад бий. Гэхдээ л би бууж өгөөгүй, өөрийгөө дайчилсан. Амар байгаагүй. Надад болон манай гэр бүлд хэцүү байсан. Миний хувьд нас бол тоо. Хүмүүс өнөө үед хөгширтлөө тоглож байна. Надад ч тийм хүсэл бий. Үүний ачаар л би өдийг хүртэл бууж өгөхгүй, тоглосоор байна. Үүний ачаар л мөрөөдлөө орхиогүй” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж