Сурвалжлага: Махны экспорт зогссон учраас мах хямдарчээ

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Махны экспорт зогссон учраас мах хямдарчээ

Сурвалжлага: Махны экспорт зогссон учраас мах хямдарчээ

Махны үнэ сүүлийн сард тогтмол байгаа ч иргэдийн худалдан авах чадвар буурчээ. Махны үнэ ханшийн талаар “Хүчит шонхор” захаас сурвалжлагаа бэлтгэлээ.


07.30 цагт. Үүрийн гэгээ орж, Хүчит Шонхор захын “амьдрал” ид өрнөж байна. Зогсоолд түгжрэхээс эхлүүлэн тус захыг зорих хөл хөдөлгөөн их ээ. Ченжүүд “шинэ ирсэн сайн мах, гулуузаар нь авбал доошоо ярина” гэхчлэн ирсэн хүмүүстэй ам уралдан ярилцана. Тус зах үүрийн 04.00 цагаас эхлэн онгойдог бөгөөд махаа бөөндөж авдаг зах худалдааны төвүүд, ресторан, гуанзууд ихэвчлэн гулуузаар нь авдаг аж. Үнийн хувьд хонины мах гулуузаар нь авахад  хонины мах кг нь 6500 төгрөг байсан бол үхрийн мах хаа, гуяны цул махаас шалтгаалан 12500-13000 төгрөгөөр худалдаалж байна. Мах хямд байгаа шалтгааныг “хөдөөнөөс малчид махаа хямдаар өгч байна. Идэшний үе ирэхтэй зэрэгцэн махны үнийг буулгах нь бий гэж” ченжүүд тайлбарлав. Нэг хэсэг мах “магнаг” болж байсан ч өнөөдрийн байдлаар үнэ нэлээд буурчээ.

МАХНЫ ҮНЭ БУУРСАН Ч ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР СУЛ БАЙНА

Харин худалдааны төвийн үхрийн махны тасагт кг нь  12000 мянган төгрөг байлаа. Энэ талаар махны худалдагч Н.Ариунжаргал“ Үнэ ер нь янз янз байна. Тарган туранхайгаас хамаарч үнэ хэлбэлздэг. Өнөөдөр 10 мянгаас 12000 төгрөгийн үнэтэй байна. Хүмүүсийн худалдан авалт маш муу байна. Та нар өөрсдөө хар л даа. Зааланд мах авч байгаа хүн цөөхөн байгаа биз дээ. Худалдан авах чадвар муу байна. Хүйтрэхээр хүмүүс махаа нөөцлөөд, идшээ ахиу авах улирал нь ирж байна. Тэгэхээр мах ахиу авах байх. Хил гааль хаалттай, Хятад руу мах экспортод гарахгүй байгаа учраас мах хямдхан байна. Өвөл шинэ мах ховордоод ирвэл үнэ жаахан өсөх байх. Хөдөөнөөс мах сайн орж ирж байна” гэв.

Хонины махны тасгаар орвол кг нь 7500-8000 төгрөгөөр худалдаалж байна. Энэ талаар худалдагч Н.Оюун-Эрдэнэ “Сүүлийн үед махны үнэ маш сайн унаж байна. Худалдан авах чадвар ерөнхийдөө тааруу байна. Цаашид үнэ нэмэгдэхгүй байх. Энэ жил Хятад руу мах гарахгүй болохоор үнэ нэмэгдэхгүй. Хавар мах ховордохоор өсөх байх” гэлээ.

АРИЛЖААНЫ БАНКУУД ЗЭЭЛ ОЛГОХГҮЙН УЛМААС МАЛЧИД МАХАА ХЯМДРУУЛЖЭЭ

Мөн өөр худалдагчаас асуувал арилжааны банкууд зээл олгохгүйн улмаас малчид махаа хямдаар өгч байна гэлээ. Үүнээс гадна Эмээлтийн махны дуулианаар махны экспорт бүрэн зогссон. Иймд малчид махаа хямдаар өгөхөөс өөр сонголтгүй байгааг хэлж байна. Харин худалдан авагч тааруу, ялангуяа махны үнэ хямдарсан үед иргэд махаа их хэмжээгээр авч чадахгүй байгааг худалдагчид онцолж байв. Өглөө эрт байсан болоод  ч тэр үү махны тасгаар ганц нэг тор барьсан хүмүүс харагдлаа.

Нийслэлийн статистикийн газраас мэдээлснээр энэ сарын 17-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.9 хувиар буурсан, хонины цул махны үнэ тогтвортой байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хар хорин” “Хүчит шонхор” Худалдааны төвд хамгийн хямд буюу 7500 төгрөгөөр, харин “Саруул” худалдааны төвд хамгийн өндөр үнэтэй буюу 15800 төгрөгөөр худалдаалж байгаа талаар мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулбал 0.3 хувиар буурсан дүн аж.

ЭМЭЭЛТИЙН МАХНЫ ДУУЛИАНААР МАХНЫ ЭКСПОРТ ЗОГСЧЭЭ

Өөрөөр хэлбэл, махны үнэ буурсан ч иргэдийн худалдан авалт буурсныг дээрх дүр зургаас харж болно. Харин Эмээлтийн махны дуулианаас улбаалан махны экспорт тэг зогссон. Үүнийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Хятад улсад махаа экспортоор гаргаж байсан. Дулааны аргаар буюу хагас боловсруулсан байдлаар махаа экспортод гаргаж байсан. Эмээлтийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоосны улмаас асуудал үүссэн. Саяхан 20 хоногийн өмнө дулааны аргаар боловсруулсан махаа экспортлох гэхэд Хятадын тал "Энэ экспортоор мах гаргаж буй компаниуд дотор Эмээлтэд байрладаг махны компани байна" гэдэг байдлаар болгоомжилж, хилээр нэвтрүүлэхгүй буцаасан. Гэхдээ Дорноговь аймагт бог малыг амьдаар нь эскпортод гаргах хашаалсан аж ахуй байгуулж байгаа.

Хятадын хил нээгдвэл малыг амьдаар нь гаргах болно. Цаашдаа бэлчээрийн малын махыг үнэтэй гаргах гэхээр тодорхой хэмжээний бүс байгуулж, малаа гаргахаас биш олон улсын шаардлагыг хангах боломжгүй байна.

Евро стандартыг хангасан махыг Дэлхийн мал эмнэлгийн эрүүл мэндийн байгууллагаас гадаад руу гаргахыг зөвшөөрдөг. Энэ улсын ийм бүсээс эрүүл мах авч болно гэж зарладаг байгууллага. Их хэмжээний мах буцаагдаагүй ээ” гэх тайлбарыг хэлсэн юм.

Мөн махнаас гадна иргэдийн өргөн хэрэглэдэг гурил, будааны үнэ огцом өссөн талаар худалдаачид  хэллээ. Худалдагч н.Мөнхөө  “Гурил будааны үнэ 30 хувиар нэмэгдсэн.  Худалдан авалт сул байна. Өглөөгүүр хүмүүс жаахан юм авч байна. Үдээс хойш “нам” байна. Хүмүүс үнэ нэмэгдсэнийг бухимдалтай хүлээж авдаг. Ер нь Монголд төгрөгийн ханш маш их унаж байна. Өмнө нь шуудай дээд гурил 28 мянган төгрөг байсан бол одоо 45 мянган төгрөг болчихлоо. Хүмүүс ч шуудайгаар нь авахгүй 5-10 кг-аар нь авч байна. Ихэвчлэн жижиглэнгээр авч байна. Мөн ам.доллар, юанийн үнэ нэмэгдвэл будааны үнэ дагаад өснө. Дээд гурил 2000 төгрөг, будаа 3500 төгрөг байна” гэлээ. Ийнхүү махны экспорт зогсч, арилжааны банкууд зээл олгохгүйн улмаас махны үнэ түр буусан байдалтай байгаа бол гурил, будааны үнэ эсрэгээр өссөн нь иргэдийн худалдан авалтад сөргөөр нөлөөлснийг хэн хүнгүй хэлж байлаа.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж