Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн онд бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, аж ахуй нэгжүүдийг дэмжих зорилгоор 74 төрлийн үйлчилгээг онлайн системд оруулан зөвшөөрлийн гэрээ батламжийг хүчингүй болгосон. Үүнтэй холбогдуулан иргэд дуртай газартаа ТҮЦ байрлуулж, чанаргүй хүнс, барааг худалдан борлуулах болсон. Иргэд ч энэ төрлийн гомдлыг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлсээр байгаа. ТҮЦ-ийг тойрсон асуудлууд дуусахгүй их. Ялангуяа ихэнх ТҮЦ автобусны буудал дагуу байршсан нь олны хөл хөдөлгөөн тасрахгүй байх нөхцөлийг сайн хангажээ.
Нийслэлийн төвийн хэд, хэдэн дүүрэгт энэ дүр зураг адилхан. Харин тэдгээрийн дотроос хамгийн олон хүн ам оршин суудаг Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд ТҮЦ-тэй холбоотой асуудлууд иргэдийг илүү бухимдуулж байна. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 273 ширхэг түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/ үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээрийг нийтэд нь ажиглаж, дүгнэвэл явган хүний зам автобусны буудал дээрх зорчигч нарт саад болж нийтийн эзэмшлийн талбай дээр зөвшөөрөлгүй тавьсан, цахилгааны асуудлыг хулгайгаар шийдэж хаанаас ч хамаагүй татсан тогны утас нь аалзны тор шиг эмх замбараагүй, дээр нь хотын өнгө үзэмж гутааж эргэн тойронд нь баас, шээс, нус, цэр, шүлс, хог, тамхины иш овоорно.
Мөн өвөл зуны аль ч улиралд гэссэн, хөлдсөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй ороомог, пришоки, бууз, хуушуур, бургер, кимбабыг хөргүүрт биш ил лангуун дээр хонуулж зарж, худалдана. Бас ямарч газрын түрээс, тогны мөнгө төлөхгүйгээр ашиг олдог “ДААМ” газрууд л байдаг. Хүн бүр үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо бидний нэрлэж, сурснаар “Таван шар”-ын автобусны буудал буюу төв замын наана, цаана нийтдээ 20 гаруй “ТҮЦ” автобусны буудлыг түшиглэн иргэдэд үйлчилж байна. Тэдгээрийн хамгийн том нь 10-15 метр квадрат. Зөвхөн энэ хэмжээнээс болж ТҮЦ-Т хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтын лангуу тавиур, худалдааны багаж, хөргүүр хөлдөөгчийг хүрэлцэх хэмжээгээр байрлуулах боломжгүй учраас хүнсний бүтээгдэхүүнийг тасалгааны температурт зарж, борлуулж байна.
Үүнээс болж 2019 оны есдүгээр сард ТҮЦ-ээр худалдаалагдаж байсан хаяг, шошгогүй хавчуургатай талхнаас болж 22 иргэн хоолны хордлогод орж, ХӨСҮТ-д хүргэгдсэн удаа бий. Хүнсний аюулгүй байдалтай холбоотой энэ асуудал ТҮЦ-ийн өнөөдрийн ямар ч хяналтгүй борооны дараах мөөг шиг тархаж буй байдлаар дахин хэзээ давтагдаж, хэчнээн хүн эрүүл мэндээрээ хохирох нь таашгүй. Энэ талаар иргэд ямар бодолтой байгааг Сонгинохайрхан дүүргийн Таван шарын автобусны буудал дээр зорчиж байсан иргэдээс тодрууллаа.
Иргэн Т: Автобусны буудал дээр ТҮЦ байх нь зохисгүй. Би бол эдгээрийг зөвшөөрдөггүй буруу гэж бодож байна. Өөрсдөө нүүдэггүй юм шиг байна лээ.
Иргэн С: ТҮЦ-үүд иргэдийг автобусанд аюулгүй сууж, буух нөхцөлийг маш их зөрчдөг. Олон хүн явган хүний энэ зам дээр багтдаггүй. Бас орчны бохирдол маш их. ТҮЦ дагаад архины хамааралтай хүмүүс ч олноороо цугласан байдаг.
Иргэн Р: Автобусны буудал дээр зорчигчид зогсож автобус хүлээх хэсэгт ТҮЦ олноор байршуулснаар зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэж байна гэж хардаг. Мөн хууль бус худалдаа эрхлэх, орчны бохирдол үүсгэх зэрэг олон асуудалтай. Миний бодлоор сургуулийн орчинд байрладаг ТҮЦ-үүдийг хамгийн аюултай гэж боддог тэнд хугацаа нь дууссан ямар ч бүтээгдэхүүн борлуулагддаг байж магадгүй шүү дээ.
Холбоотой мэдээ