АНУ-ын засгийн газар Тайваньтай хамтран зэвсэг үйлдвэрлэх талаар хэлэлцэж байна. Энэ нь Хятадын эсрэг Тайванийн хүчин чармайлтыг бэхжүүлж, зэвсгийн шилжүүлгийг түргэтгэх зорилготой. Гэвч Орос, Украины дайны улмаас нийлүүлэлтийн сүлжээнд хоцрогдол, тасалдал үүсч, удааширч байгааг Тайвань болон АНУ-ын конгресс онцолж байна.
“Үйл явц одоо л эхэлж байна. Энэ бол тоглоомын нэг хэсэг болохоос тоглоомыг өөрчлөх зүйл биш. Яг ямар зэвсэг үйлдвэрлэх нь хараахан тодорхой болоогүй ч Тайванийг илүү олон зэвсэг, удаан эдэлгээтэй пуужингийн технологиор хангахад анхаарлаа хандуулна” гэж АНУ-Тайванийн Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Руперт Хаммонд Чэмберс хэллээ. Зэвсэг үйлдвэрлэж эхлэхийн тулд талууд төрөөс болон Батлан хамгаалах яамнаас хамтран үйлдвэрлэлийн лиценз авах шаардлагатай аж. Гадаадад зориулсан чухал технологи учраас АНУ-ын засгийн газар лиценз олголтыг эсэргүүцэж ч магадгүй гэж тэр үзэж байна.
Хятад улс Тайванийн нутаг дэвсгэр дээр цэргийн шахалтаа эрчимжүүлж буйтай зэрэгцээд АНУ-ын ерөнхийлөгчид 2017 оноос хойш 20 тэрбум гаруй ам.долларын зэвсгийг Тайваньд худалджээ.
АНУ-ын албаныхан Тайванийг цэрэг армиа орчин үежүүлэхийг шахаж буй. Хятад улс АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалыг статус квог өөрчлөх шалтаг болгож байна гэж Вашингтон шүүмжилжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ