"Стар" хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д оролцсон"

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

"Стар" хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д оролцсон"

"Стар" хамтлаг шинэ бүрэлдэхүүнтэйгээр ДАШТ-д оролцсон"

Латин бүжгийн ДАШТ-ий хошой аварга Нэргүйн Онондарийг бид эчнээ танина. Авьяаслаг бүжигчин бүсгүй өмнө нь латин бүжгийн ДАШТ-д Герман улсын латин бүжгийн шигшээ “Грүн Голд” хамтлагийн бүжигчнээр оролцож байсан бол энэ жил Монголынхоо "Стар" хамтлагийн дасгалжуулагч багшаар оролцжээ. Тэрбээр таван настайгаасаа бүжгийн дугуйланд суралцаж, өдгөө Герман улсад ажиллаж, амьдарч байгаа юм. Ингээд Герман улсын гурав, Дэлхийн гурав, Европын хоёр алтан медальтай бүжигчин бүсгүйн яриаг хүргэе. 


-Юуны өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орныхоо нэрийг гарган амжилттай оролцсонд баяр хүргэе. Энэ удаагийн тэмцээнд оролцогчийн хувиар бус дасгалжуулагч багшаар оролцжээ. Тэмцээний сонин сайхнаас ярихгүй юу?

-Миний хувьд өнгөрсөн зургаан жил Германд туршлага хуримтлуулсны эцэст сурсан мэдсэн зүйлээ Монголын баг тамирчдад зааж, түгээх тал даар анхаарч ажилласан. Тиймээс би "Стар" хамтлагтай бэлтгэл хийсэн. Учир нь би энэ хамтлагт 2012-2015 онд бүжиглэж байсан. Энэ жил "Стар" хамтлагийн 70 хувь нь шинэ бүрэлдэхүүнтэйгээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тэгсэн хэдий ч тэмцээнд өндөр амжилт үзүүлэн анх удаа дөрөвдүгээр байранд орж, финалд үлдсэн. Тийм болохоор багийнхаа бүх тамирчдад сэтгэл хангалуун байна. Манай хамтлаг нийт гурван гараа бүжиглэхдээ нэг ч алдаа гаргаагүй хоёр багийн нэг байсан.

Энэ жилийн хувьд Украины багийг дайны нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгчид финалын шатанд шалгаруулсан гэдэг шүүмжлэл гарсан.

Мөн шүүгчдийг бүжгийн спорт талаасаа бус шоу тоглолт талаас нь багуудыг шүүсэн гэх маргааныг дагуулсан. Мэргэжлийн бүжигчний хувьд Монголын "Стар" хамтлаг арай дээгүүр байр эзлэх байсан гэж бодож байгаа.

-Бусад орны бүжигчдийн ур чадвар хэр ахисан байна вэ. Энэ жил өрсөлдөөн хэр байв?

-Дэлхийн бусад орны латин бүжгийн хамтлагийн ур чадвар маш сайжирсан нь анзаарагдсан. Жишээлбэл, зургадугаар байранд орсон Австри улсын баг маш сайн байлаа. Өөр бусад багуудаас Англи, Нидерландын баг сайн байсан.

-Одоо Герман улсад ажиллаж амьдарч байгаа юу. Ямар ажил хийж байгаа талаараа танилцуулж болох уу?

-Би Герман улсад сэтгэл зүйч мэргэжлээ дээшлүүлж, суралцаж байгаа. Сурахын хажуугаар бүжиглэх чадвараа сайжруулж, ажиллаж байна.

-ДАШТ-нд Монголын латин бүжгийн хоёр хамтлаг эн тэнцүү өрсөлддөг. Өнгөрсөн жил бас шилдэг зургаа, долоод орсон байхаа?

-Манай Монголоос латин бүжгийн ДАШТ-нд хоёр хамтлаг амжилттай оролцсон. Би “Мoon dance” хамтлагийнхныг сайн мэднэ. Харин "Стар" хамтлаг жил болгон латин бүжгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог. Өнгөрсөн 2021 онд цар тахлын улмаас оролцож чадаагүй. Тэрний өмнөх 2019 онд оролцож, финалын өмнөх долдугаар байранд орж байлаа. Энэ жилийн хувьд шинэ бүрэлдэхүүнтэй ч гэсэн маш амжилттай оролцсон. Ирээдүйд ахиж дэвших ирээдүйтэй хамтлаг.

Тэмцээнд оролцохын өмнө хамтлагийн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ?

-Бүжигчин хүн дан ганц бэлтгэл гэхээсээ илүү дэвжээн дээр гарах сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх нь маш чухал. Долоо хоногийн таван өдөр нь өдөр шөнөгүй, бэлтгэл хийдэг. Бэлтгэлийг хэдэн сар хийгээд биед дасчихдаг. Надад тэмцээний үеийн сэтгэл зүй маш чухал санагддаг.

Би багийн ажиллагаа, бүжиглэх ур чадвар, спортын сэтгэл зүйд нь илүү анхаарч ажилласан. Манай хамтлаг угаасаа ДАШТ-ий финалд үлдэх нь ойлгомжтой байсан. Эцсийн дүнг танилцуулах мөчид оноогоо сонсоод маш их баярласан.

-Анх хэдэн настайдаа ямар бүжгийн төрлөөр хичээллэж байв?

-Намайг анх таван настай байхад ээж маань Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд хөтлөн оруулж байсан. Тэнд олон төрлийн бүжгийн хичээл орно. Тэр үеэс хойш өдийг хүртэл бүжгийн спортоо орхилгүй тууштай хичээллэж явна. Би 11 настайгаасаа Монголын бүжгийн спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын бүжгийн спортын дасгалжуулагч А.Мөнгөнхуяг багшийн шавь болж, бүжгийн спортоор хичээллэхээр шийдсэн юм.

Би анх хосын төрлөөр А.Мөнгөнхуяг багш дээр олон жил хичээллэж, олон тэмцээнд оролцсон байдаг. Дараагаар нь 15 настайгаасаа латин бүжгийн “Star” хамтлагт бүжигчнээр орж байлаа. Тэгээд хамтлагтаа гурван жил бүжиглээд гарсан юм.

-Бүжгийн спортоос гадна бодибилдинг, фитнесээр хичээллэдэг гэсэн үү?

-Би бүжгийн спортоос гадна 2016 оноос хойш бодибилдинг, фитнесээр хичээллэсэн. Тэр ондоо нэлээд олон тэмцээнд амжилттай оролцож, бодибилдинг, фитнесийн Улсын аварга болсон. Ер нь бүжгийн спортдоо зориулж, энэ спортоор хичээллэж байсан юм. Тухайн үед  манай дасгалжуулагч “Тэмцээнд оролцоод үзэх үү” гэж хэлснээр өөрийгөө сорьж, эхэлсэн. Миний хувьд эрүүл мэндийн шалтгаанаас болоод бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэхээ больсон.

-Таны ойрын төлөвлөгөө болон цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Герман улсад суралцаж буй мэргэжлээрээ мэргэшиж, спортын сэтгэл зүйгээр дагнан ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Миний хувьд өөрийн гэсэн спортын сэтгэл зүйн төвийг байгуулах мөрөөдөлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж