Улсаа хохироосон тонуулчдын хэргийг сэргээн шалгах нь зөв

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Улсаа хохироосон тонуулчдын хэргийг сэргээн шалгах нь зөв

Улсаа хохироосон тонуулчдын хэргийг сэргээн шалгах нь зөв

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өчигдөр /2022.10.19/ Засгийн хуралдааны шийдвэрийг танилцуулахдаа “Гадаадын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулахад хуулийн этгээд байгуулахаас эхлээд хүндрэл тулгардаг”-ийг онцолсон. Тэрбээр, Монгол Улсад одоогоор гадаадын хөрөнгө оруулалттай 20 мянга орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай нэгжийг бүртгэхэд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлэх дүн их, зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилддөг зэрэг бэрхшээл бий. Эдгээрийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, бусад дагах хуулийг өргөн барьж шийднэ.

Гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч хувьцаа эзэмшиж байсан иргэд иргэний болон эрүүгийн хэрэгт хөрөнгө оруулагчдаа холбогдуулан тонон дээрэмдсэн хэрэг гарсан. Энэ талаар хууль хүчний байгууллагатай хамтран хэргийн талаар судалж байна.

Улсын ерөнхий прокурор, мөрдөн шалгах үүрэгтэй байгууллагуудын удирдлагатай хамтарч, ажлын хэсгийн санал дүгнэлтээ гаргана. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 2012-2022 онд хэрхэн хохирсон, үүнд хэн холбогдсон, ямар прокурор хянаж, мөрдөн шалгах явцад хэргийг яаж дарсан, хэрхэн хаасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй хүргэнэ. Ерөнхий прокуроор, ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргийн жагсаалтыг энэ сарын 28-ны өдөр олон нийтэд танилцуулна гэсэн юм. Мөн тэрбээр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад, шүүхийн шатанд гацсан, үндэслэлгүйгээр бусдыг Монгол Улсаас гаргах хууль бус ажиллагаа зохион байгуулж, хар тамга даруулсан зэрэг жагсаалтыг бэлтгэж байна.

Эдгээр хэрэгт прокурорын дунд, дээш шат, шүүх, мөрдөн шалгах байгууллага, цагдаа, тагнуул, прокурорын байгууллагад ажиллаж байгаа, АТГ-д ажиллаж байсан хүмүүс холбоотой учир олон нийтийн дэмжлэг шаардлагатай.

Энэ ажлыг хийснээр гадаадын хөрөнгө оруулагч бидэнд итгэх итгэл төрнө. Тэднийг тонон дээрэмддэг бүлэглэлийг таслан зогсоосноор гаднын хөрөнгө оруулалт орж ирэх боломж бүрдэнэ” гэлээ.

ХУУЛИЙНХНЫ ХАМААРАЛ БҮХИЙ ГАДААДЫНХНЫГ ДАЙЖУУЛСАН КЕЙСҮҮД

Сүүлийн 10 гаруй жилд гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэх үйл явц хэрээс хэтэрсэн төдийгүй үүнд хуулийнхан хамааралтайг ч салбарын сайд нь мэдэгдэв. Тэгвэл гадаадын томоохон хөрөнгө оруулагчдын  Монголоос дайжуулсан дараах кейсүүдэд хэрхэн хариуцлага тооцох бол?

  1. Английн ерөнхий сайд Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсоныг авчирч 20 гаруй сая ам.долларыг нь луйвардаж, хөөж гаргасан хэрэг.

Тэрбээр өнгөрсөн онд хэвлэлд ярилцлага өгөхдөө "GRF бол миний бизнесийн хамтрагч Саймон Муррайн үүсгэн байгуулсан хөрөнгө оруулалтын сан. Монголын уул уурхайн салбарт ажиллах нь бизнесийн том боломж учраас 2016 онд хөрөнгө оруулсан. Анх 20 сая доллар гэж ярьж байгаад 19 сая долларын хөрөнгө оруулсан. Хуурай болон нойтон аргаар полиметалл боловсруулах төсөл байлаа. “Засаг чандмань” компанийн уурхай нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг зэс, алт, төмрийн хүдрийн орд.

Энэ төсөл анх маш сайн хөрөнгө оруулалт мэт санагдаж байсан ч яваандаа асуудал үүссэн. Төслийн гол хүн нь Д.Буянтогтох бөгөөд гүйцэтгэх захирал болон санхүү эрхэлсэн захирал нь түүний ойрын хүмүүс байсан.

2018-2019 оны турш бараг жил гаруй Д.Буянтогтохтой холбоотой байж, хөрөнгө оруулалтаа буцааж авахыг хүссэн. Төслийг хэрэгжиж эхэлсэн эхний өдрөөс л зээлийн хүүг огт төлөөгүй нь бидний хачирхлыг төрүүлж байлаа. Түгшүүрийн дохио гэх үү дээ. Металл боловсруулах үйлдвэр огт баригдаагүй нь илэрхий баримт. Ямар нэг зүйл буруу байгаа нь нүдэнд ил байсан. Улмаар бид хөрөнгө оруулагчийн хувиар цагдаагийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж шийдсэн.

Цагдаагийн байгуулагад хандсанаас хойш уурхайн үйл ажиллагааг зогсоож, царцаасан учраас ямар нэг олборлолт явагдахгүй байгаа. Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын үр дүнд олж авсан нотлох баримтдаа тулгуурлаад Д.Буянтогтохыг гадаадад зорчихыг хориглох шийдвэр гаргасан.

Гэтэл Д.Буянтогтох шүүгчийн шийдвэр гарсан тэр өдөртөө багтан хилээр гарсан. Шүүхийн шийдвэр гарсан учраас цагдаагийн байгууллага түүнийг байцаах, мэдүүлэх авахад хүндрэлтэй болсон. Ердөө 24 цагийн дотор гараад явчихсан. Цаг хугацааг маш нарийн тооцсон байсан. Энэ үйл явц өөрөө маш сэжигтэй, түүнийг хилээр гарах боломжоор хангасан мэт харагддаг” гэдгийг хэлсэн.

2. Зам, тээврийн сайд асан А.Гансүхийн холбогдсон “Суруга Монгол” ХХК-ийн хэрэг.

Барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт олон туршлагатай Японы “Суруга корпораци” 2003 оны нэгдүгээр сард Монголд “Суруга Монгол” гэх охин компаниа байгуулсан. Ингээд “Суруга Монгол” ХХК нь нийслэлийн Хан-Уул дүүргийн XV хорооны 88 га газрыг эзэмшиж эхэлжээ. Угтаа тус газарт “Дөрвөн улирлын цэцэрлэг” хороолол буюу 3000 орчим айлын тансаг зэрэглэлийн нийтийн орон сууц, 400 орчим айлын амины орон сууц барихаар ажлаа эхлэж байв.

Тансаг зэрэглэлийн хотхон гэдгээрээ танигдаад байтал 2012 онд “Суруга Монгол” ХХК-ийн барилгын тусгай зөвшөөрөл нь гэнэт үндэслэлгүйгээр цуцлагдсан.

Хууль ёсоор эзэмшдэг газартаа холбогдох хууль тогтоомжийн дагуу барилгаа барьсан, оршин суугчид нь гомдол санал гаргаагүй байтал ямар учраас барилгын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсаныг “Суруга Монгол” ХХК-ийнхан хайгаад олоогүй хэвээр. Тэр үед Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайдаар А.Гансүх ажиллаж байлаа. Өөрөөр бол, “Суруга Монгол” ХХК-ийг Улаанбаатарт барилга барих, барихгүйг шийдэх эрх мэдэл нь А.Гансүхэд байсан гэсэн үг.  Арга мухардсан “Суруга Монгол” ХХК-ийнхан “авлига” болгож “Монгол корпорэйшн” гэх компанид 37 га газар өгч байж барилгын тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн баримт нь ч бий гэдгийг мэдэгдээд байсан.

Гэтэл “Монгол корпорэйшн” ХХК удалгүй А.Гансүхийн мэдэлд очсон байдаг.

Тодруулбал, А.Гансүхийн төрсөн дүү А.Ганболд нь “Эм Жэй Ти” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг болсон аж. Түүгээр ч зогсохгүй “Суруга Монгол” ХХК-иас 2017 онд дахин 23 га газар авсан байна. Ингэж Японы “Суруга Монгол” ХХК-ийн мэдэлд байсан 60 га газар А.Гансүхээр дамжин “Монгол корпорэйшн” ХХК-д шилжсэн байдаг. Ийнхүү "Суруга Монгол" ХХК-ийн Япон захирлыг Монголоос хөөж явуулах төлөвлөгөөнд оролцсон асуудлаар эрүүгийн хэрэг үүсч, намжсан байдаг.

3. “Хан ресурс”-ийн 106 сая ам.долларыг нөхөн гаргуулах арбитрийн шүүхийн шийдвэр.

Одоогоос долоон жилийн өмнө Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан ресурс” компанийн хооронд маргаан гарч, Олон улсын арбитрийн шүүхэд очсоноор Монгол Улс ялагдан 80 сая ам.долларыг хуульчийн зардал, хүү, алдангийн хамт төлөх үүрэг хүлээж байсан. Хэргийн шалтгаан нь Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийн лицензийг хууль бусаар цуцалсан явдал.  Ураны хайгуул олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан Канадын хөрөнгө оруулалттай “Хан Ресурс” компани лиценз цуцалсны нөхөн олговор нэхэмжилсэн юм. Тус компани Засгийн газраас үйл ажиллагаандаа ашигласан 200 сая ам.долларыг нөхөн гаргуулахаар нэхэмжилж, арбитрийн шүүхэд Монгол Улс  ялагдсан. Энэ маргаан 2009 оноос хойш явсаар Монгол Улс 106 сая ам.долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон.

2016 оны эхээр тухайн үеийн Сангийн сайд Б.Болороор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг “Хан ресурс” компанитай тохиролцож, 106 сая ам.доллараас 46 саяыг нь хүчингүй болгож, үлдсэн 70 саяыг нь манай тал төлөхөөр болсон юм. Уг төлбөрийг 70 хоногт буюу өдөрт нэг сая ам.доллар төлж барагдуулсан билээ.

Ийнхүү улсынхаа эрх ашгийг хоёрдугаарт тависнаас болж гарсан томоохон жишээ олон бий.

Төртэй, хуультай, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтэй улсын хувьд эдгээр гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах, дээрэмчдэд хариуцлага тооцох нь ХЗДХ-ийн сайдын хэлж байгаагаар зайлшгүй шаардлагатай…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж