Үндэсний олимпийн хороодын 26 дахь удаагийн Ерөнхий ассамблей Сөүл хотноо болж байна. Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны гишүүн 187 орон оролцож буй ассамблейн эхний өдөр үйл ажиллагааны тайлан, дүрмийн өөрчлөлт, хуулийн хэлтсийн мэдээлэл, санхүүгийн болон аудитын тайлан, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мэдээлэл, “Бээжин-2022” олимпийн наадмын тайлан, “Канвон-2024” залуучуудын олимпийн наадмын бэлтгэл ажил болон “Бали-2023” ҮОХХ-ны элсний наадам, “Милан-Кортина 2026” өвлийн олимпийн наадмын талаар мэдээллийг өгчээ.
Мөн ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Орос, Беларусийн тамирчдад тавьсан хоригийг цуцлах цаг нь одоо биш гэжээ. ОХУ-ын олимпийн хорооны ерөнхийлөгч Станислав Поздняковын хэлснээр ассемблейн эхний өдөр амаргүй байсан аж. Тэрбээр ярихдаа “Зарим хуралд оролцогсдын зүгээс Оросын эсрэг бага зэргийн үг хэллээ. Гэхдээ гол нь улс төрийн шалтгаанаар тамирчдыг ялгаварлан гадуурхахыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн оролцогсод дийлэнх нь байна. Энэ ойлгомжтой байсан. Томас Бах ч ойлгосон” гэжээ.
Харин Томас Бахын үгийг сонссон ОХУ-ын төрийн думын депутат Дмитрий Свищев “Эхлээд тамирчдыг тэмцээнд оруулахгүй дараа нь төрийнх нь далбаагүй оролцуулах уу? Тэр мэдэгдлээрээ олимпийн хөдөлгөөнийг аль хэдийнэ буланд шахчихлаа. Тэр ОУОХ-г улс төрөөс ангид байлгаж, улс төрийн шалтгаан байх ёсгүй гэж тунхаглах ёстой байв. Тэр юуны түрүүнд үүний төлөө зогсох ёстой. Одоо тэр хориг цуцлах цаг хараахан болоогүй гэж хэлж байна. Тэгвэл цаг нь ирэхээр хэлээрэй. Бид 2014 оноос хойш хориг арга хэмжээнд өртөж, үүнд ч дассан. Бахын мэдэгдэл ОУОХ-ны байр суурь биш” гэжээ.
Мөн ОХУ-ын төрийн думын спорт, биеийн тамирын хорооны гишүүн Роман Терюшков “ОУОХ-ны гишүүд болон бүртгүүлсэн спорт холбоодыг нь харахад л бүх зүйл ойлгомжтой байна. ОУОХ-ны бусад гишүүд ч гэсэн Орос, Беларусь шиг барууныхны тоглоом болох боломжтой. Орос, Беларусь бол улс төрийн хохирогчид. Хэрэв зарим улс орны бодлого барууныханд таалагдахгүй бол тэд Орос, Беларусь шиг болно” гэжээ.
Холбоотой мэдээ