Донецк, Луганск, Херсон, Запорожье гэсэн Украины дөрвөн мужийг ОХУ-д нэгтгэнэ гэж Путин өнгөрсөн сард зарласан. Тэгвэл өчигдөр /2022.10.19/ тус мужуудад дайны байдал тогтоожээ. Энэ тухай ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгдэв. Дайны байдал Пүрэв гаригаас эхлэн албан ёсоор хэрэгжиж, дөрвөн мужид цэргийн дэглэм тогтож байна. Дайны байдал гэдэг нь аливаа улс оронд эмх замбараагүй нөхцөл үүссэн, дайн дажинтай үед зарладаг арга хэмжээ юм. Аливаа хямрал эсвэл төрийн эргэлт хийх үед дайны цагийн дэглэм тогтоодог.
Дайны байдал тогтоох ажиллагааны хүрээнд ерөнхий сайд Михайл Мишустины дэргэдэх тусгай зохицуулах зөвлөл байгуулж, Оросын бүс нутгуудтай хамтран ажиллахыг засгийн газарт даалгажээ. Мөн Херсон хот дахь цэргийн хүчнийхэн хэдэн арван мянган энгийн иргэнийг нүүлгэн шилжүүлж байна. Тодруулбал, 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил эхэллээ.
Энэ арга хэмжээ нь эдийн засаг, аж үйлдвэр, үйлдвэрлэлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх болно гэж Путин хэлжээ. "ОХУ-д нэгтгэх тухай зарлигаас өмнө дөрвөн мужид дайны байдал мөрдөгдөж байсныг сануулъя. Одоо бид энэ дэглэмийг Оросын хууль тогтоомжийн хүрээнд албажуулах хэрэгтэй” гэж Путин телевизээр үг хэлэхдээ онцолсон байна.
Дөрвөн мужид цэргийн байдал тогтоохоос гадна Украины зэргэлдээх Оросын найман бүс нутагт шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тусдаа зарлиг гаргалаа. Хоёрдугаар сарын 24-нд дайн эхэлснээс хойш дайны байдал тогтоох тухай цуурхал тарсан. Тушаалууд жирийн иргэдийн хувьд ямар утгатай болох нь хараахан тодорхой бус байна.
Эх сурвалж: CNN, EURONEWS
Холбоотой мэдээ