Энэ дайны ялагч нь Иран

Хуучирсан мэдээ: 2022.10.20-нд нийтлэгдсэн

Энэ дайны ялагч нь Иран

Энэ дайны ялагч нь Иран

Европ тивд үргэлжилж буй дайн аль нэг улсыг гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын зорилгодоо хүрэхэд тусалж буй. Гэвч тэр нь Орос ч биш, Украин ч биш ажээ. Энэ бол Иран.

Иранд үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцууд Даваа гаригийн өглөө Украины нийслэл Киев дэх энгийн иргэдийн объект руу довтлоход л энэ дайны ялагч хэн бэ гэдэг нь тодорхой болсон. ОХУ-ын арми Украины эрчим хүчний байгууламжид хохирол учруулахын тулд Ираны нисгэгчгүй онгоцыг ашиглав. Нисгэгчгүй онгоцууд дөрвөн ч энгийн иргэний аминд хүрлээ.

Иран улс энэ дайнд Оросыг дэмжиж буй. Энэ дэмжлэг нь Орос, Украинтай алинтай нь ч хамааралгүй гэдгийг цэргийн шинжээч хэлэв. Эцсийн дүндээ энэ нь Ираны АНУ-тай харьцах урт хугацааны стратегитай холбоотой аж.

АНУ-ын тагнуулын нууц мэдээлэлд дурдсанаар Иран улс Украин руу сургагч багш нараа илгээжээ. Нисгэгчгүй нисэх онгоцны сургагч багш нар Украин дахь орос цэргүүдэд сургалт орох аж. Энэ нь Иран, Оросын харилцаа улам ойртож буйн нэгэн илэрхийлэл юм. Ираны сургагч нар Крым дахь Оросын цэргийн баазаас ажиллаж буй бөгөөд тэнд нь олон тооны нисгэгчгүй онгоц бий. Оросын операторуудын алдаанаас  болж нисгэгчгүй онгоц байрлуулах ажиллагаа эхэн үедээ амжилтгүй болж байсан. Тиймээс Орос улс эхлээд өөрийн боловсон хүчнээ Иран руу сургахаар явуулсан. Гэвч асуудал, бүтэлгүйтэл үргэлжилсээр байгаа тул Иран сургагч нараа Крым рүү илгээхээр шийджээ. Сургагч багш нар өдгөө фронтын шугамаас хол байгаа аж. Хэчнээн сургагч багш илгээсэн нь одоогоор тодорхойгүй байна. Орос улс Ираны нисгэгүй онгоцонд найдаж байгаа нь барууны хориг арга хэмжээ ямар үр дүнтэй болсныг харуулж байна гэж АНУ мэдэгдсэн.

Украин дахь дайн олон сар үргэлжилж, Оросын хүн хүч, зэвсгийн нөөц шавхагдаж, эдийн засаг, дипломат харилцаа ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэхтэй зэрэгцээд боломжгүй боловч зайлшгүй шаардлагатай гэгдэх Ираны тусламжийг Путин сонгосон юм. Иран улс дотооддоо үймж буй. Тус улсын иргэд дарангуйлагч засаглалынхаа эсрэг тэмцэж байна. Энэ цаг үед Иранд өөрийн үндэсний ашиг сонирхлоо ахиулахад Путины шийдвэр туслажээ.

АНУ VS ИРАН

1979 оны Исламын хувьсгалаас хойш Ираны удирдагчид АНУ-г хардаж сэрдэж буй. Тодруулбал, АНУ-ын эрх баригчид Ираны засгийн газрыг түлхэн унагаах төлөвлөгөө байнга боловсруулж байна гэж тэд үзэх болсон. Тэд АНУ дахь удирдагчдыг Ираны үндэсний ашиг сонирхол, эдийн засгийн бие даасан байдал, олон улсын хууль ёсны байдал, бүс нутгийн аюулгүй байдал, эрх мэдэл, нөлөөллийн хамгийн том аюул заналхийлэл, саад тотгор гэж үздэг.

Ираны айдас ор үндэсгүй ч зүйл биш юм. АНУ эртнээс Ираны хэрэгт хөндлөнгөөс оролцож байсан түүхтэй. Хоёр улсын хоорондын нээлттэй дайсагнал нь Тегеран дахь удирдагчдыг түгшээдэг. Тэд үндэсний ашиг сонирхлоо дэмжихийн тулд АНУ-ын цэргийг бүс нутгаас шахан гаргаж, улс төрийн нөлөөллийг нь бууруулахаар хичээж байна. АНУ нь Ойрхи Дорнодын олон ч оронд урилгатай, урилгагүйгээр цэргүүдээ байршуулсан. АНУ төвтэй дэлхийн улс төрийн дэг журмыг түлхэн унагах нь Ираны том зорилго юм. Тэд улс төрийн бус олон тооны зэвсэгт хүчин, нэгдсэн засгийн газруудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх замаар АНУ-ын нөлөөг сөрөн зогсдог. Зэвсэг, сургалт, хөрөнгө мөнгө, зарим тохиолдолд чиглэл өгөх замаар Иран улс итгэмжлэгдсэн бүлгүүдийг сүлжээг хөгжүүлдэг.

Зэвсэгт бүлэглэлүүдээр дамжуулан Иран нөлөөгөө өргөжүүлж, Ливан, Сири, Ирак, Йемен зэрэг оронд Иранд ээлтэй засгийн газрыг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ираны хамгийн ойрын стратегийн түншүүдэд Сири, Венесуэл, Хойд Солонгос, Хятад, Орос орно. Энэ мэт хамтын ажиллагаагаараа дамжуулан АНУ-ын үндэсний ашиг сонирхлыг алдагдуулж, барууны улс төрийн дарамт, эдийн засгийн хориг арга хэмжээг зөөлрүүлэх юм.

Энэ дайн Москваг хэдхэн өрөвдмөөр найзтай болгов. Гадуурхагдсан Путин, түүний АНУ-тай дайсагналцдаг байдлыг Ираны удирдагч Аятолла Али Хаменеигаас илүү ойлгодог улс төрийн удирдагч цөөхөн.

Гэвч Иран, Оросын харилцаа тийм ч төгс бус. Хоёр улсын үндэсний ашиг сонирхол өөр юм. Орос улс Сирийн ерөнхийлөгч Башар аль Ассадад тусалснаар өөрийгөө Ойрхи Дорнод дахь том гүрэн гэдгээ баталсан явдал болсон. Харин Ираны хувьд Сири бол АНУ, Израилийн эсрэг эвслийн чухал холбоос юм.

УКРАИНЫ ДАЙН БА ИРАНЫ ЭРХ АШИГ

Иран улс нисгэгчгүй нисэх онгоц нийлүүлсэн нь Оросын ялалтад тус болохгүй байж магадгүй ч Ираны үндэсний эрх ашгийг хамгаална.

ОХУ Ираны зэвсгийг авснаар Ираны зэвсгийн үйлдвэрлэл ихээхэн хөгжинө. Ираны нисгэгчгүй онгоцны үйлдвэрлэл, экспортыг хөгжүүлэх хүчин чармайлт Этиоп, Судан, Тажикистан, Венесуэл зэрэг оронд төдийлөн амжилттай болоогүй. Нөгөөтэйгүүр Москва бол дэлхийн хоёр дахь том зэвсгийн экспортлогч. Тус улс Ираны зэвсгийг импортлогч болсон нь нөхцөл байдал хэр ноцтой байгааг харуулж байна. Энэ нь Ираны зэвсгийн үйлдвэрлэлийг хууль ёсны болгож, улам өргөжүүлж байна.

Ираны баллистик пуужинг Украинд нийлүүлбэл нисгэгчгүй онгоцуудын олж аваад буй тактикийн ялалтыг улам бүр батжуулах аж.

Пуужингууд цаашид шаардлагагүй зовлон зүдгүүрийг авчирч, Украин дахь дайныг уртасгах уршигтай. Ираны зэвсэг шинэ бүс нутагт олшрох тусам АНУ-ын дайснууд хүчирхэгжиж, үндэсний ашиг сонирхол нь хохирно гэсэн үг юм.

Үндсэндээ Орос, Украины дайн нь Вашингтоноос нийлүүлсэн зэвсгийг шууд эсэргүүцэх шинэ замыг өргөжүүлж, цаашлаад Еврази дахь АНУ болон НАТО-ийн нөлөөг сулруулж байна. Ираны нисгэгчгүй онгоцууд Украин дахь АНУ-ын зэвсгийн эсрэг үр дүнтэй бөгөөд зайлшгүй шаардлагатай хариу арга хэмжээ болж буй юм.

Эх сурвалж: THE CONVERSATION, NY TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж