Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргийг ил болгоно

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргийг ил болгоно

Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн хэргийг ил болгоно

Засгийн газрын өнөөдрийн /2022.10.19/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажил дуусч байна. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлнэ. Гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөлөлтэй уулзсан. Монголд гадаадын хөрөнгө оруулалттай 20 орчим мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд ердийн аж ахуй нэгжтэй адил журмаар хуулийн этгээд болж бүртгүүлэх хүсэлтэй байгаагаа хэлсэн.  E-Mongolia системээр бүртгүүлэх боломжийг нээж өгөхийг хүссэн. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэхэд хөрөнгө оруулалтын хувь хэмжээг бэлнээр төвлөрүүлэх дүн өндөр байна, зарим хууль эрх зүйн орчин өөр хоорондоо зөрчилтэй байна гэсэн. Тухайлбал, ашигт малтмалын лицензтэй холбоотойгоор орон нутгийн удирдлагаас гаргаж буй шийдвэр хүндрэл учруулж байна гэсэн. Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдэд дуудлага худалдаагаар ашигт малтмалын хайгуулын лицензийг худалддаг ч газар дээр очихоор  орон нутгаас ахиад газар эзэмших гэрчилгээ авах болдог. Үүнээс бол 2-3 жил хугацаа алддаг гэсэн. Бид энэ бүх бэрхшээлийг арилгахаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, даган гарах хуулиудыг өргөн барина.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг  иргэний болон эрүүгийн хэрэгт холбогдуулан хууль хүчний байгууллагатай хамтарч тонон дээрэмдсэн асуудал яригдаж байгаа. Энэ талаар судалгааны түүврийг гаргаж байна. Улсын ерөнхий прокурор болон мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын удирдлагуудтай аравдугаар сарын 28-нд ажлын хэсгийн санал дүгнэлтийг гардуулж өгнө. Бид 2012-2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд хэрхэн хохирсон, энэ хэрэгт хэн хэн холбогдсон, хэргийг хэрхэн хаасан талаар олон нийтэд ил болгоно. Ерөнхий прокурор, тагнуулын байгууллагын дарга, Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүмүүст хүртэл холбогдох хэргүүдийн жагсаалтыг аравдугаар сарын 28-нд дэлгэрэнгүй мэдээлнэ.

"АТГ-ААС "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР"-ИЙН 49 ХУВЬ ДЭЭР МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА"

Сангийн сайд Б.Жавхлан:

-УИХ-ын 23 дугаар тогтоолд "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монросцветмет" компанийн 49 хувийн хувьцааг худалдан авсан гэх өр төлбөрийг барагдуулж, улсын өмч болгох үүргийг Засгийн газарт өгсөн. Тодорхой нэр бүхий иргэдээс УИХ-ын тэрхүү тогтоолыг Үндсэн хуулийн цэцэд өгөхөд "УИХ-ын тогтоол хууль зөрчөөгүй байна. Гэхдээ 49 хувийн төлбөрийг төлөх хэрэгтэй" гэдэг дүгнэлт гаргасан. Тиймээс Сангийн яамнаас  дөрвөн ч удаа хэлцэл хийхийг хүссэн ч үр дүнд хүрээгүй. Нөгөө талаас шүүх дээр маргаан үүсгэж, тухайн үеийн Засгийн газар ялагдаж байсан. Ингээд энэ хэлцэлийг Сангийн сайд болсныхоо дараа би ахалсан.

Хоёр удаагийн хэлцэл амжилттай болж, нийтдээ 647 тэрбум төгрөгийн харилцан суутгах гүйлгээг хийсэн. Эхний ээлжинд 165.5 тэрбум төгрөг, дараа нь 480.7 тэрбум төгрөг суутгасан.  Ингэснээр "Эрдэнэт" үйлдвэр 100 хувь төрийн өмч болох нөхцөл бүрдсэн. Гэхдээ хэлцэл дуусаагүй, үргэлжилж буй. Энэ хооронд Хөгжлийн банкинд "Кью эс си" компанийн 196 тэрбум төгрөгийг хэлцэл хийж, зээлээ барагдуулсан.  Эдгээр хэлцлүүдийг хийхэд АТГ-аас сайн хамтарч ажилласан.

АТГ-аас "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Нийт 10 гаруй хүнийг яллагдагчаар татсан. Дэлгэрэнгүй мэдээллийг АТГ-аас авах нь зөв байх. Мөрдөн шалгах ажиллагаа дуусвал шүүхэд шилжинэ.

"МХЕГ-ААС 800 ОРЧИМ УЛСЫН БАЙЦААГЧ САЛБАР САЛБАРЫН ЯАМДАД ХУВААГДАН ОЧИЖ, АЖИЛЛАНА"

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эрүүл мэндийн салбарын дотоод үйл ажиллагаатай холбоотойгоор хяналт шалгалт хийх үүрэг чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Эрүүл мэндийн салбарт гарч буй асуудлуудыг нэг мөр шийдэж, бодлогын түвшинд арга хэмжээ авч, хэрэгжүүлэхээр болсон. "Өргөө" амаржих газрын асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Энэ амаржих газарт 2022 оны наймдугаар сараас эхэлсэн дотоодын маргаантай асуудал яамны түвшинд яригдсан. Салбарын сайд хяналт шалгалтын дүнг үндэслэж, амаржих газрын даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан байдаг.  Үндсэндээ богино хугацаанд ЗГХЭГ-аас ерөнхий болон захиргааны хяналт шалгалтыг гардан зохион байгуулна гэсэн үг. Эмч нарын хувийн эмнэлгийн асуудлыг хянаж, нэг мөр дуусгана. Нийт есдүгээр сарын байдлаар 341 иргэнээс эрүүл мэндийн салбарын талаар гомдол ирүүлсэн.

МХЕГ-ыг татан буулгаж, салбарын хяналтыг яамдуудад шилжүүлж байна. Салбарын яамдаар дамжуулан хүний амь настай холбоотой, онцгой болон тусгай чиг үүргийн шалгалтаас бусад шалгалтыг хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж ажиллана. МХЕГ нь 1600 гаруй албан хаагчтай.  Иргэд олон нийтээс төрийн давхардсан хяналт шалгалт үйл ажиллагаанд нь хүндрэл учруулж байна гэдэг.

ЗГХЭГ дээр Үндсэн хуулиар олгосон чиг үүргийн хүрээнд шинээр Засгийн газрын дотоод хяналт шалгалтын агентлагийг бий болгохыг зорьж байна. Төрийн албанд 67 мянга, төрийн үйлчилгээний албанд 147 мянга орчим албан хаагч ажилладаг.  Тэдгээр албан хаагчид чадвартай, ёс зүйтэй байх ёстой. МХЕГ-аас 800 орчим улсын байцаагч салбар салбарын яамдад хуваагдан очиж, ажиллана. Энэ хүрээнд 300 орчим орон тоо цомхотголд орж байгаа.

Биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ажилчидтайгаа зүй бусаар харилцаж байгаа гэх гомдол ирсэн. Нөгөө талаасаа төрийн албан хаагчдын эрх зөрчигдсөн гэдэг гомдол ирсэн. Салбарын сайд энэ асуудлыг нягталж байгаа. Хуулийн зөрчил үүсгэсэн нь тогтоогдвол ажлын хариуцлагын асуудлыг ярина.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж