
Өнгөрсөн долоо хоногт Ираний худалдаа, соёлын яамнаас тус компанийн үйл ажиллагааг хууль бус хэмээн зарлаж Иран дахь вэб сайтыг нь хаасан юм. Даваа гаригт “Oriflame” компанийн вэб сайтанд гаргасан мэдэгдэлд “Сүүлийн саруудад Иранд бизнесийн үйл ажиллагаа явуулах нөхцөл байдал улам бүр муудаж байна. Эрх баригчид Тегеран дахь үйл ажиллагааг маань хаалаа. Түүнчлэн манай гурван ажилтан, худалдааны хоёр зөвлөхийг тодорхойгүй шалтгаанаар баривчлаад байна” гэж өгүүлжээ.
Тегеранд улсын радиогоос тус компанийн талаар мэдээлэхдээ татварын болон гаалийн хууль тогтоомж зөрчсөн, хууль бус маркетингийн хэлбэрээр ажилласан гэж мэдээлжээ. Мөн Ираны “Kayhan” сонинд тус компанийг Ираны сөрөг хүчнийхнийг дэмждэг гэж буруутгажээ. “Associated Press” мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Oriflame”-ийн санхүүгийн ерөнхий захирал Габриел Беннет дээрх шүүмжлэлүүдийг үгүйсгэсэн бөгөөд “Мэдээж энэ бол худлаа. Бид дэлхийн өөр хаана ч бизнесээ явуулдаг олон улсын зарчмыг баримталсан тэр хэлбэрээр л Иранд үйл ажиллагаагаа эрхэлсэн” гэж ярьжээ.
Т.Бадрах