Английн Манчестер хотноо байрлах Хятадын консулын гадна эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан хонгконгчууд консулын ажилчидтай мөргөлджээ. Энэ үеэр тус газрын Ерөнхий консул Зен Шиюань мөргөлдөөнд оролцож, жагсагчдын постерыг урж хаясан талаар Их Британийн албаныхан мэдээлжээ. Мөн тайван жагсаал хийсэн хонгконг иргэдийн нэг нь биедээ гэмтэл авч, эмнэлгийн тусламж авсан гэнэ. Мөргөлдөөн өнгөрсөн Ням гаригт болсон талаар Их Британийн парламентын танхимын гишүүн Алисиа Кийрнс мэдэгдэв.
Манчестер хотын цагдаагийн газраас мэдээлснээр Хятадын консулын гадна 30-40 тооны хүн цуглаж жагсаал хийсэн байна. Энэ үеэр консулын газраас хэсэг хүмүүс гарч ирэн, жагсагч эрэгтэйг хаалгаар татаж оруулахаар тэмцэлдэж эхэлсэн аж. Тухайн эрэгтэйн аюулгүй байдлыг хамгаалахын тулд цагдаа нар мөргөлдөөнийг зогсоож, тухайн хүнийг татаж гаргасан гэв.
Хятадын гадаад хэргийн яамнаас аливаа улсын дипломат газарт хууль бусаар нэвтэрсэн хүмүүсийн эсрэг авах шаардлагатай арга хэмжээг авсан гэж мэдэгдсэн боловч Зен Шиюанийн мөргөлдөөнд оролцсон талаар чимээгүй өнгөрчээ.
Харин Их Британийн гадаад хэргийн сайд Жеймс Клеверли хэлэхдээ, Манчестер хот дахь Хятадын консулын газрын гадна болсон хэргийн талаар тус улсад суугаа Хятадын Элчин сайд Ян Шяогуангийг дуудаж, мэдээлэл авсан" гэж мэдэгджээ. Тэрбээр "Их Британи улсын суурь эрхүүдийн нэг нь энх тайван жагсаал юм. Хятадын засгийн газар үүнийг хүндэтгэх ёстой" гэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: ВВС
Холбоотой мэдээ