“Тэг ковид” үргэлжилбэл валютын орлого буурна

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

“Тэг ковид” үргэлжилбэл валютын орлого буурна

“Тэг ковид” үргэлжилбэл валютын орлого буурна

Хятадын Төрийн тэргүүн Ши Жиньпин Коммунист намын 20 дугаар их хурал дээр тавьсан илтгэлдээ “Тэг ковид” бодлогын хязгаарлалтыг сайшааж, цаашид үргэлжлүүлэх дүр зурагтай байгаа талаар мэдэгдсэн. Үүний зэрэгцээ эдийн засгийн шинэ хөдөлгүүрүүд бий болгож, урт хугацааны өсөлтөд хүрэхийн зэрэгцээ “аюултай шуурга”-наас болгоомжлох хэрэгтэйг хэлсэн билээ.

Хятадын "Тэг ковид" бодлого манай эдийн засагт ихээхэн уршигтай. Өөрөөр хэлбэл, урд хөрш хилээ хагас нээнэ гэсэн үг.

Хэдийгээр Сангийн сайд Б.Жавхлан Хятадын эдийн засаг саарсан ч Монголын жижиг эдийн засгийг чирээд гарах хангалттай эрэлт бийг онцолж буй боловч БНХАУ “Тэг ковид” бодлогодоо өндөр ач холбогдол өгсөн хэвээрээ байгаагийн сөрөг үр дагаврыг манай улс бодитоор мэдэрсээр буй юм.

Сангийн сайдын мэдээлснээр, Монгол Улс эрчим хүчний нүүрсэнд өндөр ач холбогдол өгч, үнэ нь түүхэнд анх удаа коксжих нүүрснээс давсан нь зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн боломж бий гэж найдаж байна.

Засгийн газрын хувьд гаргасан хэмжээгээр валютын нөөц бий болгох асуудалд онцгой анхаарч буйн зэрэгэцээ экспортын биет хэмжээ Covid-19-ийн өмнөх 2018-2019 оны үед хүрэх, давж гарах боломжтой гэж үзжээ.

Монголоос гарч буй нэг тонн нүүрс, зэс бүгд валютын урсгал бий болгох л хамгийн чухал билээ.

Хятадын “Тэг ковид” бодлого үргэлжилснээр Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.

ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ СААРНА

Эдийн засагч Ч.ОТГОЧУЛУУ:

-Хятадын дарга Ши Жиньпиний Коммунист намын 20 дугаар их хурал дээрээ тавьсан илтгэлээс харахад урд хөршид "Тэг ковид" бодлого үргэлжлэх төлөвтэй байна. Хэрвээ энэ бодлого үргэлжилбэл Монгол Улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? 

-Манай улсын экспорт, импорт Хятад улсаас хараат болохоор эдийн засагт шууд нөлөөлнө. Гадаад валют ховордоно. Эдийн засгийн эргэлт саарна.


 НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ҮЕ ҮЕ ГЭНЭТ ЗОГСОХ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙНА

“Монгол нүүрс ассоциаци”-ийн Гүйцэтгэх захирал Ж.ЗОЛЖАРГАЛ:

-Хятадын “Тэг ковид” бодлого үргэлжлэх хандлагатай байна. Энэ нь манай эдийн засагт, ялангуяа нүүрсний салбарт хэрхэн нөлөөлөх вэ? 

-Бизнесийн харилцаа түвэгтэй, ирж очиход хэцүү болно. Нүүрсний экспорт Covid-19-өөс болоод үе үе гэнэт зогсох эрсдэл хэвээрээ байна.


ЭДИЙН ЗАСАГТ ХҮЧТЭЙ НӨЛӨӨЛЖ, ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР ОГЦОМ УНАНА

“Мандал” санхүүгийн нэгдлийн Ерөнхий эдийн засагч Г.БАТЗОРИГ:  

-Хэрвээ Хятадын "Тэг ковид" бодлого үргэлжилбэл Монгол Улсын эдийн засагт ямар эрсдэлүүд тулгарна гэж та бодож байна вэ? 

-Яг одоо Хятадын намын их хурал болж байна. Олон улсын шинжээчид, хөрөнгө оруулалтын компаниудын харж байгаагаар Ши Жиньпин улиран сонгогдох магадлал тун өндөр байна. Хэрвээ энэ таамаглал биелвэл одоогийн хэрэгжүүлж буй "Тэг ковид" бодлого ирэх хавар хүртэл үргэлжилнэ л гэсэн үг.

"Тэг ковид" бодлогын улмаас манай улсын экспорт саатна. Экспортоос орж ирдэг валютын орлого болон төсвийн орлого хумигдана. Эргээд валютын ханшийн уналт, инфляцийн өсөлтөөр эдийн засагт хүчтэй нөлөөлж, иргэдийн худалдан авах чадвар огцом унана. Энэ бол нөхцөл байдал бүр дордохын цондон. Учир нь сүүлийн хоёр жил бид 10 гаруй хувийн инфляцитай явлаа.

Хүлээгдэж буй валютын орлого орж ирээгүйгээс төгрөгийн ханш жилийн 18 гаруй хувиар уналаа. Ханшийг тогтворжуулах зорилгоор интервенци хийсэн ч валютын нөөц 40 хувь буурч, импортын 3 сарын хэрэгцээг хангахтай үгүйтэй түвшинд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж