Ардчилсан нам институци мөн бол нэгдэж, нийлэх ёстой!

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам институци мөн бол нэгдэж, нийлэх ёстой!

Ардчилсан нам институци мөн бол нэгдэж, нийлэх ёстой!

“С.Эрдэнэ, Х.Баттулга нар байгаа цагт АН-ыг дэмждэг хүмүүс цэрвээд байна” гэх М.Тулгатын үг худлаа үг биш юм. Ингэж боддог нь  Ардчилсан намдаа ганц М.Тулгат биш байх. Ихэнх нь  С.Эрдэнэ, Х.Баттулга хоёроос болж Ардчилсан нам ёроолгүй ангал руу унасан гэж харддаг, хардаг, дүгнэдэг, шүүмжилдэг.

Атал С.Эрдэнэ “Хэн нэгэн Оросын тавиулаар Монгол Улсыг самруулахгүйн төлөө зогсч байгаа. Ардчилсан намыг Оросын гар хөл Х.Баттулгад хэзээ ч өгөхгүй. Х.Баттулга одоо жинхэнэ титэм үгээ бичээд сууж байх  хэрэгтэй” гэж Женког эсэргүүцдэг. Экс Ерөнхийлөгч Х.Баттулга “Бүхнийг мөнгөөр шийдэхийг оролдож ирсэн ийм хүн АН-ыг тэргүүлж, шинэчилж чадахгүй нь тодорхой боллоо. Ардчилал нь олонхийн шийдвэрийг цөөнх нь хүндэтгэх, дагах зарчимтай. Гэтэл олноороо шийдсэн асуудлаа эсэргүүцэн жадалж, нийгэмд буруу зөрүү ойлголт тараадаг дүрмийн бус гаж зуршил манай намд тогтсоныг хэрхэвч цааш үргэлжлүүлж болохгүй” гэж С.Эрдэнийгээ буруутгадаг.

Авчиг  тэдний тэмцэл эгнээндээ 180 мянган гишүүнтэй, засгийн эрх барьж явсан, цагтаа ардчиллын туг нь, хонх нь байсан Ардчилсан намыг Монголын улс төрөөс шившигтэйгээр арчигдахад хүргэж байна. Хаана байна, тэр ардчилсан үзэл санаа нь. Хаана байна, тэр гишүүд дэмжигчид нь. С.Эрдэнийн, Х.Баттулгын гэж хоёр хуваагдаж хэрэлдэхээс цаашгүй хэдэн хүн байна даг.

Өнгөө үнэт зүйлээ, үзэл баримтлалаа хүртэл Ардын намд булаалгасан Ардчилсан нам тэгээд цаашдаа эвлэж нэгдэх юм уу эсвэл тарах уу. Ингээд  намаа шившигтэй нь, ардчиллаа хогтой нь, хутгаад сууж болохгүй. Хэрэвзээ, Ардчилсан нам институци мөн юм бол үнэт зүйл үзэл бодол дээрээ нэгдэж нийлэх ёстой.  Үүнийг зөвхөн Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хүсч байгаа юм биш.

Монгол Улсад олон нам бий. Гэвчиг Ардчилсан намын дайтай сөрөг хүчин өнөөдөр Монголын улс төрд төрсөнгүй. Энэ нь С.Эрдэнийн сайнд биш иргэд ардчиллын туг нь, үнэт зүйл нь Ардчилсан нам гэж итгэдэг, найддаг хэвээрээ болохоор тэр.  Иймээс гэр доторх  эдийн засаг, гэрийн гадаах улс төрөө бодсон ч Ардчилсан нам нэгдэж, нийлэхээс өөр зам, бүр гарц алга.

Монгол Улсад нэг намын дарангуйлал тогтоод зургаан жил болж байна. Энэ нь улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй. Учир нь, МАН засгийн эрхийг авснаас хойш зургаан жилийн хугацаанд 30 мянган компани дампуурчээ. Хувийн хэвшлийнхэн хэзээ буутай цагдаа орж ирээд өмчийг нь дээрэмдэж, үүдийг нь лацдах бол гэсэн айдастай сууж байна.

АН-ыг засаг барьж байх үед буюу 2015 онд авлигын индексээр Монгол Улс 87 дугаарт жагсаж байсан бол өнгөрсөн онд 110-р байрт бичигдсэн нь ухралт. Ардын нам АТГ хоёр нэг хөнжилд орсон гэсэн үг. Үг хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн болгон цагдаа, шүүхийн хаалга татах болсон нь үнэн.  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 2022 онд Монгол Улс өмнөх оноос 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдсэн. Атал Ардчилсан намын засгийн үед буюу 2015 онд Монгол Улс  хэвлэлийн эрх чөлөөгөөр 54 дүгээрт бичигдэж байжээ. Тэгэхээр Ардын нам эрх барьснаар хэвлэлийн эрх чөлөө нийтдээ 36 байраар ухарсан байна.

Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж, эрх баригчдад ташуур болох ёстой Ардчилсан намынхан Ардын намын далайсан газар нь далд орж далласан газар нь ил гарч ирдэг “утсан хүүхэлдэй” төдий болж хувирсан.  Байгаа ганц тамгаа хэнтэй, яаж наймаалцах вэ гээд сууж буй нь худлаа биш шүү дээ.

АН-ЫН ХАДНЫ МАНГАА ХЭН БЭ?

Үнэндээ, С.Эрдэнэд алдаа бий, оноо ч бий.   Х.Баттулгад ч хууртсан, хуваасан асуудал бий. Аль, аль нь Ардчилсан намын өнөөдрийн хуваагдал талцалд буруутай. Гэхдээ өнөөдрийн хувьд АН-ыг хуваасан буруутныг олохоосоо эвлэрэх шалтгаанаа хайсан нь илүү зөв нүүдэл болно. Товчхондоо,  С.Эрдэнэ эго,эмогоо дараад асуудлаа прагматик харах хэрэгтэй цаг болсон. Ардчилсан нам хувь хүний, хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш, үзэл бодол, үнэт зүйл дээр нэгдсэн нэгдэл гэдэг утгаараа.

Х.Баттулгын тоглоом болгохоос АН-ыг аварсан гэж С.Эрдэнэ хэлдэг. Магадгүй тийм байхыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа намыг нь хоёр хуваасанд, өөрийнх нь эсрэг ажилласанд гомдолтой явдаг  байж болно.  Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Х.Баттулга С.Эрдэнийн намын эсрэг ажилласан нь үнэн.

Ардын намтай нийлж, Ардчилсан намынхныг бүтэн нэртэй бүлээн зүстэй хүнгүй болтол троллдсон нь худлаа биш. Намын, журмын нөхдөө ялих, ялихгүй шалтгаанаар  толгой дараалан баривчилсан нь бас л баримттай зүйл.

Улс төрд үүрдийн дайсан, үүрдийн нөхөр гэж үгүй, эрх ашиг л бий гэцгээдэг. Тэгвэл Ардчилсан намынхны нэгдэж, нийлэх эрх ашиг нь  үнэт зүйл, үндэсний аюулгүй байдал болж байна.

Өчигдрийн хувьд АН-ын хадны мангаа Х.Баттулга байсан. Өнөөдөр С.Эрдэнэ болж харагдаж байна. Үнэнийг хэлэхэд С.Эрдэнийн үед энэ нам бодлогын институци болох нь бүү хэл жижиг бүлэглэлийн хэмжээнд ч үйл ажиллагаагаа явуулж чадахгүй доголдсон.  Энэ нь Ардчилсан намыг “аврах” хүн нь С.Эрдэнэ биш болохын илрэл. Тэгэхээр Х.Баттулга ч, С.Эрдэнэ ч Ардчилсан намд алхаад орох нэр, нүүртэйгээ үлдэх хэрэгтэй.

АН-ЫН ЭВЛЭРЭЛ МОНГОЛД ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг хоёр уулзжээ гэх мэдээний дор “Ардчилсан нам эвлэрэх эсэх нь хэнд хамаатай вэ” гэсэн сэтгэгдлүүд цөөнгүй. Магадгүй залхсандаа, дургүй нь хүрсэндээ, үнэт зүйл, үзэл бодол нийлдэггүйдээ тэгдэг хүмүүс бий. Мэдээж, залхсаных нь буруу биш залхаасных нь буруу.

Гэхдээ яагаад Ардчилсан нам эвлэрч нэгдэх ёстой вэ гэх асуултын хариулт нь С.Баярын хэлсэн нэг үг байдаг, “Монгол гэрийг хоёр багана босгодог шиг, Монголын төрийг хоёр том нам авч явна. Бид нэг том баганатай байж үзсэн, бүтээгүй. Ачааг хамт үүрэлц. Хүнд жилүүд айсуй. Ардын тань амьдрал хэцүү байгаа шүү”.

Үндсэндээ, дэлхий геополитик, хөршүүдийн улс төрийг харсан ч Ардчилсан нам Ардын намд ташуур, түшиг, ард түмнийхээ итгэл найдвар нь болох хэрэгтэй байна.

Эцэст нь Ц.Элбэгдорж нь, С.Баярцогт нь, Н.Алтанхуяг нь, Х.Баттулга нь, С.Эрдэнэ нь бүгд хувийн эрх ашиг, амбиц, гомдол, өширхлөө хойш тавиад намаа нэгтгэхэд зүтгэх цаг болсон гэсэн үг. Ядаж л хойч үедээ намаа тараасан гэж хочлогдохгүйн тулд шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж