Эдийн засгийг 5 хувь өсгөж, инфляцийг 8 хувьд буулгана

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Эдийн засгийг 5 хувь өсгөж, инфляцийг 8 хувьд буулгана

Эдийн засгийг 5 хувь өсгөж, инфляцийг 8 хувьд буулгана

Монгол Улсын 2023 оны төсвийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан "Төсөв-2023" хэлэлцүүлэг өнөөдөр /2022.10.19/ Төрийн ордонд боллоо. 


ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ:

-2023 оны төсөв нь Шинэ сэргэлтийн бодлогыг дэмжихэд чиглэж байгаа. Төсвийг Засгийн газрын өргөн барьснаар баталснаар эдийн засгийн өсөлт 5 хувьд хүрч, инфляци нэг хувь руу орж буурна. Ханги-Мандалын төмөр замыг ашиглалтад оруулснаар ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр төмөр замын экспортын хоёр замтай болж байна. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилгын ажил ирэх онд эхэлнэ. Тавантолгойн цахилгаан станц, Амгалан дулаан эрчим хүчний хуримтлуур барих зэргээр эрчим хүчний салбарт томоохон хөрөнгө оруулалтуудыг хийнэ. Хавтгайрсан халамжийн бодлогыг бууруулж, төрийн албаны цалинг бүтээмжид суурилан шатлалаар тогтоох тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Шинээр хөрөнгө оруулалт тавихгүй, өмнөх төсөл, хөтөлбөрүүдээ 86 хувиар дуусгахаар ирэх жилийн төсөвт тусгасан. 2023 оны Төсвийн нэг чухал зүйл нь цаашдаа парламентын гишүүд төлөвлөлт хийхгүй. Төлөвлөлтийг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцна. Цаашдаа төлөвлөгөө тооцоогүй, техник эдийн засгийн үндэслэлгүй төсөл, хөтөлбөрийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэхгүй.

Засгийн газар 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласан. Үүний тулд агаарын тээвэр, зочлох үйлчилгээ, банк санхүүгийн салбарыг олон улсын стандартад хүргэж хөгжүүлэн, аялал жуулчлалыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

Улаанбаатар хотын нийтийн тээврийг сайжруулж, Евро стандартад нийцүүлнэ. Улсын төсөвтэй адилаар нийслэлийн төсөв ижил тэнцүү дарамтыг үүрнэ.

Дагуул хотуудыг байгуулах төлөвлөгөө хийгдсэн. Тиймээс хэт төвлөрлийг бууруулахын тулд Хөшигийн хөндийд шинэ нисэх буудлыг түшиглэн шинэ хот байгуулахаар хөрөнгө оруулалт татаж ажиллана.

Хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт орон сууцжуулах хөтөлбөрийг дэмжиж, төрийн албан хаагчид хөдөө шилжихэд дэмжлэг үзүүлэхийн тулд цалингийн урамшуулал олгоно. Орон нутагт ашигт малтмал, уул уурхайн компаниудаас олгодог дэмжлэг тусламжийг орон нутгийн санд төвлөрүүлнэ. Улаанбаатараас орон нутаг руу шилжих, хөдөө ажлын байр бий болгох, бизнесээ нүүлгэвэл татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД  Ч.ХҮРЭЛБААТАР:

-2017-2019 онуудад Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.3 хувь байсан бол 2022 онд 1.9 хувь байна. Үүнээс хөдөө аж ахуйн өсөлтийн суурь нөлөөг хасвал 0.1 хувь байна. Цар тахлаас өмнө импортын барааны инфляци нийт инфляцийн 30 орчим хувийг бүрдүүлдэг байсан бол 2022 оны есдүгээр сарын байдлаар 56 хувийг бүрдүүлж байна. 2020 оны сүүлээс огцом буурсан ажиллах хүчний оролцоо сүүлийн улирлуудад сэргэж эхэлсэн ч цар тахлын өмнөх түвшинд хүрээгүй байна.

Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрч, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрлээ. Гадаад валютын нөөц оны эхнээс 1.6 тэрбум ам.доллараар буурч, 2.8 тэрбум ам.долларт хүрлээ. Төгрөгийн ханш 3372 төгрөг болж, оны эхнээс 522 төгрөгөөр буюу 18 хувиар сулраад байна.

Сүүлийн 10 жилийн хугацаанд валютын ханш хоёр удаа савлаж, төгрөгийн ханш унасан. Тодруулбал, 2016 болон 2021 онд төгрөгийн ханш хоёр удаа унасан. Төлбөрийн тэнцлийн алдагдал 1.5 тэрбум ам.доллар болж, 2013 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрснээр, гадаад валютын нөөц эрчимтэй буурч, төгрөгийн ханш огцом суларч байна. Ирэх онд ханшийн эрсдэл хэвээр байна гэж таамаглаж байна.

Зээл олголт удааширсан, зээлийн үлдэгдэл буурсан. Өрхийн бодит орлого буурч, хэрэглээ нэмэгдэж байгаа нь иргэдийн хадгаламж 16.8 их наяд төгрөг /ам.доллар, төгрөгийн хадгаламж нийлээд/ болж буурсанаас харагдаж байна. Бондуудын үнэ унаснаар 2023 онд Засгийн газрын гаргах үнэт цаасны хүү өндөр болох эрсдэлийг үүсгэж байна. Сүүлийн 14 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг гурван удаа хямарсан. Сүүлийн хямрал нь цар тахлын нөлөөгөөр эхлээд Украины дайнаас шалтгаалан хамгийн удаан хугацаагаар үргэлжилж байна.

Ирэх 2023 онд уул уурхайн салбарыг цар тахлын өмнөх хэмжээнд хүргэнэ гэсэн зорилтыг тавьж байна. Экспортыг 2019 он буюу Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр хэмжээнд хүрсэн тэр хэмжээнд хүргэе гэж зорьж, төмөр замын бүтээн байгуулалтуудыг эрчимжүүлж байна. Ирэх жилдээ 500 км зам төмөр замыг Хятадын хилд хүргэнэ.

Эдийн засгийг хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрлэлд нэмж төрөлжүүлнэ. Хөгжлийг хязгаарлаж буй эрчим хүч, тээврийн салбар дээр реформын бодлого авч хэрэгжүүлнэ. Ингээд 2023 оны эдийн засгийг 5 хувийн өсөлттэй байна гэж тооцсон. Инфляцийн түвшинг ирэх онд нэг оронтой тоо буюу 8 орчим хувь дээр төсөөлж орж байгаа.

Гэвч төгрөгийн ханшийн сулрал, БНХАУ-д хэрэгжүүлж буй “Тэг Ковид”, Украинд үргэлжилж буй дайнтай холбоотой тээвэр ложистикийн гацаа үүсэх, хатуу мөнгөний бодлогоос шалтгаалан эдийн засгийн өсөлт буурах зэрэг эрсдэлтэй. Мөн ОХУ-д авах хориг арга хэмжээнүүд нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байна. Эрчим хүч, тээврийн салбарт авч хэрэгжүүлэх реформын хүрээнд уг хоёр салбарын үнийн өсөлт нөлөөлнө гэж тооцсон. 2019 онтой харьцуулахад түүхий эдийн үнэ өндөр байна гэж тооцож байна.

Валютын нөөцийг энэ ондоо багтаан 3 тэрбум ам.долларын босгыг давах зорилго тавьж, 2023 онд 4-6 сарын импортыг хангах нөөцийг бүрдүүлнэ. Эрчим хүчний салбарыг либеральчилж, бүх гэрээ хэлцлийг ил тод болгож цахимжуулж, гадаадын банкуудыг Монголд орж ирэх боломжийг олгож, хөрөнгийн зах зээл, даатгалын салбарыг хөгжүүлэх зэргээр нийт найман арга хэмжээг авах ёстой. 2023 оны сүүлийн хагас жилдээ эдийн засгийг тогтворжуулна гэсэн бодлогыг ирэх оны төсөвтэй хамт оруулж ирлээ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

-2022 оны төсвийг дэлхий нийтээр тооцож байхдаа цар тахлын дараа өсөлтийг хангана гэж харж байсан. Дэлхийн том эдийн засгууд, тэр дундаа Хятад улсын эдийн засгийн төсөөллийг өндрөөр харж байсан. Гэтэл энэ он гараад геополитикийн шалтгаант хүчин зүйлээс болж эдийн засагт тодорхойгүй байдал үүсгэж, инфляцийг хөөрөгдлөө.

2019 оноос хойших Монгол Улсын төсөв цар тахлын үед эрүүл мэндийн салбарт анхаарсан төсөв байсан бол 2022 он бол эдийн засгийн өсөлтөө хангах зорилттой байсан ч олон улсын тооцоолоогүй нөхцөл байдлаас шалтгаалан хүндрэл үүссэн. Тиймээс бодлогын хүүгээ чангаруулж, улсын төсвийг хоёр удаа тодотгох шаардлага гарсан. Ийм нөхцөл байдлын хүрээнд 2023 оны төсвийг өргөн барьсан.

Ирэх онд дэлхий нийтээрээ мөнгөний бодлого чангаруулж, төсвийг хумих бодлого баримталъя гэж ярьж байна. Тиймээс төсвийг хумьж, валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлогыг ирэх онд барина. Төсвийн тэнцэл буюу гадаад худалдаанд сүүлийн жилүүдэд доголдол үүссэн. Үүнээс үүдэлтэйгээр валютын нөөц багасч, валютын ханшид сөргөөр нөлөөллөө.

Төрийн хэмнэлтийн хуулийг баталсан нь томоохон өөрчлөлт болсон. Уг хуулийн хэрэгжих хүрээнд улсын төсвийг өргөн барьж буйгаараа онцлог. Ингэснээрээ энэ оны батлагдсан төсвөөс 198 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдсэн. Харин ирэх жилд улсын төсвөөс 1 их наяд төгрөгийг хэмнэхээр тооцож байна.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд шинэ автобусыг оруулж ирэхэд 2024 оныг хүртэл гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлнө. Мөн ажилчдаа нийтийн тээврээр зорчих тасалбар, эрхийг олгосон аж ахуй нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэлийн нийтийн тээврийн хөрөнгө оруулалтыг хоёр чиглэлд тодруулбал, автобус парк шинэчлэлд 318 тэрбум төгрөг, нийтийн тээврийн автопаркийн бүтээн байгуулалтад 21 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Нийслэлийн түгжрэлийг хариуцсан сайд уг төсвийг хариуцан хэрэгжүүлнэ.

Орлогын хэмжээнээс хамаарсан шаталсан татварыг тогтоохоор болсон. 1.3 мянган татвар төлөгч буюу нийт татвар төлөгчдийн 0.1 хувь нь шаталсан татварт шилжинэ. Тодруулбал, 10 сая төгрөг хүртэлх сарын цалингийн орлоготой иргэд 10 хувь, 10-15 сая төгрөгийн сарын цалингийн орлоготой бол 15 хувь, 15 сая төгрөгөөс дээш сарын цалингийн орлоготой бол  20 хувийн татвар төлнө.

Импортоор оруулж ирж байгаа хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн шинэ тоног төхөөрөмжийг гаалийн татвараас 100 хувь хөнгөлнө.

Уул уурхайн компаниудаас өгдөг хандив, тусламжийг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэр болгоно. Тухайлбал, өнгөрсөн 2020 оны нийт хандив тусламж, гэрээний дүн 75.5 тэрбум төгрөг болсон байна. Харин 2023 оноос энэхүү хандив, тусламжийг хуульчилна. Үүнийг орон нутгийн шат шатны хөгжлийн санд нь өгөхөөр хуульчилж байгаа юм. Хүүхдийн мөнгө сүүлийн 10 жил үргэлжилж буй халамж. Ингэхдээ нийт хүүхдийн 80 хувь болон саналыг нь үндэслэж олгож байсан түүхтэй. Харин ковидын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхдийн мөнгийг 20-100 мянга болгож өсгөсөн. Харин өдгөө хүүхдийн мөнгөө хэрхэн өгөх талаар суурь судалгаа, сонголтуудыг хийсэн.

Тухайлбал, бүх хүүхдэд өгч, мөнгөн дүнг нь бууруулах уу эсвэл мөнгөн дүнг буулгахгүйгээр тодорхой бүлэгт өгөх үү гэх мэт.

Ингээд өндөр орлоготой өрхүүд нь хүүхдийн мөнгөөс татгалзаж, шаардлагатай хэсэгтээ өгдөг болъё гэж санал гаргасан. Өрийн орлогын хэмжээгээр тооцож үзвэл 9 хувь нь хүүхдийн мөнгө авах шаардлагагүй байна.

Хүүхдийн мөнгийг өмнө нь олгохдоо өрхийн телевиз, хөргөгч, угаалгын машин зэргийг тоолдог байсан. Харин өдгөө Хүн амын орлогын албан татвар төлөлт, малын бүртгэл, хадгаламжийн дүн, үл хөдлөхийн бүртгэл гэх мэт бэлэн өгөгдлүүдэд суурилан өрхийн орлогыг тооцох боломжтой болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж