ТЦА: Охины гэмтлийн зэрэг хөнгөн гарсан

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

ТЦА: Охины гэмтлийн зэрэг хөнгөн гарсан

ТЦА: Охины гэмтлийн зэрэг хөнгөн гарсан

Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр /2022.10.19/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны арын замд гарсан долоон машин мөргөж, хоёр хүүхэд гэмтээсэн ослын талаар тайлбар өглөө.

ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:

-Нийгэмд байгаа эргэлзээд тайлбар хийх шаардлагатай болж байна. Тиймээс прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээллийг өгнө. Тухайн осол гаргасан этгээд тээврийн хэрэгслийг хаанаас, хаана хүртэл унасан талаар бичлэгийг нийтэд танилцуулах боломжгүй. Аравдугаар сарын 10-ны өдөр тус тээврийн хэрэгсэл Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Норжин худалдааны төвийн арын шороон замаас тухайн хөдөлгөөн хийж эхэлсэн. Яг тэр үед Б гэгч "Ланд-200″машиныг унаж, хажуу талын грашийг мөргөсөн нь бичлэгт үлдсэн. Бичлэгээс харахад Б гэгчийг өөр машинд суулгаад  М гэгч "Ланд-200" маркийн машиныг жолоодож хөдөлгөөнд оролцсон байна лээ. Явсан маршрутаас харахад осол гаргасан жолооч М мөн эсэх дээр эргэлзэх шаардлагагүй.

Тухайн газрын тухайн цагийн замын хөдөлгөөний бичлэгийг үзэхэд цагдаа нар тэнд ажил үүргээ гүйцэтгээд зогсож байсан.  Замын хөдөлгөөн түгжрэл ихтэй, М гэгч  тэр үед дүрэм зөрчөөгүй учир машиныг саатуулаагүй байна.

Осол гарсан даруйд цагдаа болон эмнэлгийн тусламж 15 минутийн дотор хүрч очсон. Ослын улмаас нэг хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн эрүүл мэндийн хувьд харьцангуй тогтвортой гэх хариулт өгсөн. Бид шүүх шинжилгээний байгууллагаас ирсэн хариултыг мөрдөн шалгах хэлтэст өгсөн байгаа.

УРЬДЧИЛСАН БАЙДЛААР 117 САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧИРСАН

Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн дарга н.Хосбаяр:

-Долоон тээврийн хэрэгсэл, хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа. Эхний байдлаар ирсэн шинжээчийн дүгнэлтээр 12 настай хүүхдэд гэмтлийн хөнгөн зэргийн хохирол учирсан. Тодруулбал, зүүн өвдөг шалбарсан, баруун өвдөг зулгарсан нь тогтоогдсон.

Шинжээчийн дээрх дүгнэлтэд тулгуурлаж, хохирогчийн гэр бүлээс нэмэлт шинжилгээний дүгнэлтүүдийг хүлээн авсан. Үүнийг прокурорын байгууллагад өгч, нэмэлтээр шинжээч томилуулан ажиллаж байна.

Тухайн хэрэг дээр иргэдийн эрүүл мэндэд хохирол учирснаас гадна долоон машины эд ангийн хохирол учирсан. Энэ нь урьдчилсан байдлаар 117 сая төгрөгтэй тэнцэж байна.

Эрүүгийн тухай хуулийн 27.10.2-т зааснаар шинжээчийн дүгнэлт гарсаны дараа Эрүүгийн хэрэгт тухайн жолоо барьж явсан хүнийг яллагдагчаар татахаар санал хүргүүлэхээр ажиллаж байгаа болохыг мэдэгдэж байна.

ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ ОСОЛ ГАРГАХ ХҮРТЭЛ М ГЭГЧ МАШИНД ГАНЦААРАА БАЙСАН НЬ ТОГТООГДСОН

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү:

-Ослын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд шинэ баримт гарч ирсэн. Энэ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Б гэгч автомашиныг эхэлж хөдөлгөөнд оролцуулсан. Үүнээс шалтгаалж М гэгч жолоог шилжүүлж авсан нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь камерын бичлэгээр бүрэн тогтоогдож байгаа.

Тийнхүү хөдөлгөөнд оролцож осол гаргах хүртэл М гэгч машинд ганцаараа байсан нь тогтоогдсон. Б гэгч өөр машинд суусан.

Мөн олон нийтийн цахим хуудаст М гэгч цагдаагийн байгууллагатай холбоотой мэдээлэл гарч байна. Энэ нь ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдэж байна. Ослын мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ямар ч боломжгүйг мөн онцолъё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
40
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж