Улаанбаатарын замууд хичээл эхлэх, тарах цагаар таг зогсдог. Иргэд энэ үед нийтийн тээврийг 1-2 цаг хүлээх нь хэвийн үзэгдэл болсон. Нийтийн тээврийг хөгжүүлэхгүйгээр түгжрэлийг шийдэх боломжгүй. Гэтэл нийтийн тээврийн хүртээмж нийслэлийнхний хамгийн хүндрэлтэй асуудал болжээ.
Мөнгөн завьяагийн автобусны буудал дээр 18:35 цагийн үед очлоо.
Хүмүүс ажил, хичээлээсээ тарж хөдөлгөөн эд нэмэгдэх үеэр түгжрэл үүсч, 1-3 дугаар эгнээнд суудлын машинууд тэг зогсолт хийжээ. Автобусны чиглэл харах цахим систем дээр хоёр, гуравхан буудлын цаана байгаа хэрнээ 25 минут хүлээгээд автобус нь ирээгүйд хүмүүс бухимдана. Зарим нь чиглэлийн автобусаа харах гэхээр аппликейшн нь уншаад гацчихна. Гэх мэтчилэн 20 гаруй хүн автобусны буудал дээр цаг харан зогсоно.
Өнөөх албаныхны яриад байдаг нийтийн тээврийн богино эргэлт битгий хэл автобус хоорондын зайг хугацаанд нь барих төлөвлөгөө бодит байдал дээр огт хэрэгжихгүй байгааг иргэд хэлж байлаа.
Тус автобусны буудал дээр 30 минут зогсоход таван автобус л ирсэн бөгөөд гуран автобус нь нэг чиглэл буюу Вокзал орох байв. Харин үлдсэн нэг нь Т:5 Офицер-Дүүхээ худалдааны төв, нөгөө нь Ч:57Б МУИС-Улаанчулуутын автобус байлаа. Хүйтэрсэн, цас, бороотой өдөр бол автобусанд суух нь жинхэнэ "алаан" болно. Өглөө, оройн цагаар бол хүлээж, хүлээж ирсэнд нь сууна гэдэг бүр ч алаантай болохыг хүмүүс хэлнэ. Харин одоо азаар дулаан учир 4-5 буудлын зайтай гэртэй нь алхана.
МУБИС-ийн автобусны буудал. 21:00-21:45 цаг.
Боловсролын их сургууль буюу багшийн дээдийн баруун талын автобусны буудал дээр олон хүнээс гадна халтуур хийхээр дугаарлан зогсч буй такси автобус зогсох талбайг эзлэн зогсчээ. Угтаа ажлын өдөр шөнийн нийтийн тээвэр гэж явах ёстой ч нийслэлд энэ хэвшээгүй. Тиймдээ ч бүрэнхий болохтой зэрэгцээд таксичид байраа эзлэх нь тэр. Долоон буудал, дэнжийн мянга явлаа гэж өрсөн дуугарах жолоочдын зэрэгцээ автобус ирнэ. Зогсох хэсэгт нь жижиг машинууд эгнэсэн учраас буудлаас хол зайтай зогсч, хүнээ авна. Цас, мөстэй үед ингэж зогсох нь зорчигчдын аюулгүй байдалд эрсдэл учруулж мэдэхээр. Гэвч оройн цагаар хянагч нар нь усанд хаясан чулуу шиг алга болдог тул дээрх үзэгдэл давтагдсан хэвээр.
Тус автобусны буудал дээр хүмүүсийн олон минут хүлээгээд ирсэн ч суух хүмүүс нь багтдаггүй чиглэл бол Шархад, Дэнжийн 1000 чиглэл аж. Тиймээс энэ чиглэлийн нийтийн тээврээ нэмэх хэрэгцээ их байгааг ч харуулж байна.
ИРГЭДИЙН САНАЛЫГ СОНССОН Ч АЖИЛ ХЭРЭГ БОЛДОГГҮЙ
Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн салбарын шинэчлэлийг хэрхэн хийх талаар улирал тутамд албаныхануулзалт зохион байгуулж буй. Гэвч иргэдийн санал чухам хаана тусгалаа олдог нь ойлгомжгүй. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 105 чиглэлд 961 автобус өдөр тутамд 500 гаруй мянган иргэнд үйлчилж байна.
Хүрэлцээ, хангамж дутагдалтай. Үүнээс гадна тус салбарын хөгжлийг хойш датаж байгаа зүйл нь төлбөр. Нийт үйлчлүүлэгчдийн 47,4 хувь нь 500 төгрөгийн төлбөрөө төлдөг бол үлдсэн хэсэг нь өндөр настан, хүүхэд, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг хөнгөлөлттэй буюу үнэ төлбөргүй зорчдог байна.
Эдгээрээс шалтгаалж нийтийн тээврийн салбарынхан хугацаа нь дууссан автобусаа ч акталж чаддаггүй аж. Өөрөөр хэлбэл, парк шинэчлэлээс гадна үнэ тарифын асуудал автобусны үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсгэдэг. Мөн сүүлийн үед хүний нөөцийн хомсдолд орсон учир автобус хоорондын зайг ойртуулах, багасгах боломжгүйг онцолсон. Мөн үүнээс гадна автобусны үйлчилгээг цахим төлбөрийн системд шилжүүлсэн нь сайн талтай боловч цагийн системийг хотын хэмжээнд зөвхөн “Улаанбаатар смарт карт” ХХК дангаараа хянаж байгаа нь буруу байгааг нийтийн тээврийн салбарынхан хэлсэн.
Нөгөө талаар иргэд ч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн аппликейшнд шинэчлэлт хийх шаардлагатайг илэрхийж буй.
ИРГЭДИЙГ НИЙТИЙН ТЭЭВЭРТ СУУХААС ИЧИЖ БАЙНА ГЭДЭГ ДААПААЛАЛ
Иргэд нийтийн тээврээр зорчихоос илүү хувийн машинаараа явах сонирхолтой болсон. Гэвч нийслэлийн зах нь үл харагдах түгжрэлээс шалтгаалж ихэнх хүн хол ойроос үл шалтгаалж зорьсон газар руугаа алхах нь ихэссэн билээ. Харин үүний шалтгааныг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийн парк шинэчлэлттэй танилцах үеэр хүмүүс ичиж байгаа учраас автобусанд суухгүй байна гэсэн юм.
Энэ тайлбар иргэдийн дургүйцлийг ихэд хүргэсэн. Учир нь иргэд түгжирч газар хороохгүй байгаа учраас нийтийн тээврийг сонгохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, цагаа үрж, стресстэхгүйн тулд алхаж байгаа гэсэн үг.
Түүнээс автобусанд суухаас ичсэн зүйл огт байхгүй гэдгийг иргэд хэлж байлаа. Мэдээж нөгөө талдаа нийтийн тээврийн хүртээмж, ариун цэврийн шаардлагууд ч үүнд хамаарна. Гэхдээ аль ч өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хувьд иргэд нь автобусанд суухаас ичдэггүй. Харин ч хувийн унаанаас дээгүүрт тооцогддог болохыг Ерөнхий сайд эрх биш мэдэх байх. Тэгвэл нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлаа эрчимжүүлж хариуцсан сайд дарга нар нь ажлаа хурдан хийх үүрэг өгөх нь зөв болов уу. Түүнээс иргэд рүү асуудлаа хэт хамааруулах нь утгагүй.
Түгжрэлд тэг зогсолт хийдэг байсан нийслэлчүүд сүүлийн өдрүүдэд бензин, шатахуун олдохгүйн зовлонд ч унасан. Учир нь зарим аж ахуй нэгжүүд дотоод асуудлаас болж АИ-92 хязгаартай олгож байгаа.
Хоёр алхмын газар машин унаж, хоёр цаг түгжирдэг монголчууд алхах аль эсвэл нийтийн тээврээр үйлчлүүлэхээс өөр сонголтгүй цаг үед ирээд буй. Ийм үед нийтийн тээвэрт явдаг автобусны тоог нэмэгдүүлэхээс өөр гарц алга байна. Мөн хүртээмжээс гадна чанар, үйлчилгээний соёлыг ч чухалчлах нь зөв. Энэ асуудал чухал болохыг орой ажил, хичээл тарах цагаар очсон хоёрхон автобусны буудлын жишгээс харж болно. Улаанбаатарчууд тэвчээртэй, хүлээцтэй тулдаа зай хоорондын хугацаа нь 10-15 минут байх автобусыг 30-40 минут тэвчээртэй хүлээсээр. Харин ирэх жилүүдэд энэ салбарт шинэчлэлт гарахгүй бол нөхцөл байдал улам л хүндрэх эрсдэлтэй болсоор…
Холбоотой мэдээ