"Хүүхдүүдийн дунд рино, синцитиал вирусын өвчлөл их байна"

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

"Хүүхдүүдийн дунд рино, синцитиал вирусын өвчлөл их байна"

"Хүүхдүүдийн дунд рино, синцитиал вирусын өвчлөл их байна"

Хүйтэн сэрүүний улирал эхэлж байгаа энэ үед ханиад томууны дэгдэлт, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл олширч, эцэг эхчүүдийн санааг чилээж буй. Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн тархвар судлаач эмч Ч.Уртнасантай ярилцлаа.


-Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн ханиад томуугийн өвчлөл нэмэгдлээ. Үүний шалтгаан нь юу вэ. Мөн ХӨСҮТ-ийн зүгээс судалгаа хийж байгаа болов уу?

-Бид улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүрэг дэх томуугийн тандалтын нэгжүүдээрээ тоон мэдээлэл авах, вирус судлалын тандалтыг хийдэг. Ингэснээр яг аль нэгж дээр томуу, томуу төст өвчний өвчлөл ямар нөхцөл орчинд байна мөн тухайн орон нутаг дэгдэлтийн түвшинд хүрсэн эсэхийг тандалтын түвшинд хувааж үздэг. Хоёрдугаарт, вирус судлалын тандалт гэдэг нь тухайн орон нутагт ямар вирус зонхилон өвчлөл үүсгээд байгааг тандах зорилготой.

39 дүгээр долоо хоногийн мэдээллээр улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 7 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 10 орчим хувийг амьсгалын замын шалтгаантай иргэд эзэлж байна.

Орон нутгийн тухайд нийт таван аймагт өвчлөл харьцангуй бага, 15 аймагт идэвхжлийн түвшинд, нэг аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд бүртгэгдсэн. Насны хувьд нийт өвчлөгсдийн 83 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Харин эмнэлэгт хэвтэгсдийн 73 орчим хувийг дөрөв хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Бага насны хүүхдүүд амьсгалын замын цочмог халдварт өвчинд их өртөж байна. Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад өвчлөл нэмэгдэж байна. Томуугийн улирал аравдугаар сараас тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг. Өвчлөл ерөнхийдөө ихсэх хандлагатай болж байна.

-Эцэг эхчүүд менингитийн өвчлөл их байна гэж ярьж байна. Энэ үнэн болов уу?

-Менингококк халдварын менингит одоогоор манайх дээр бүргэгдээгүй байна. Манайд ард иргэдийн хэлж заншсан цахилгаан менингитийн мэдээллийг авч, эмчилдэг. Вирусийн гаралтай болон хоёрдагч менингитийг дүүргийн эрүүл мэндийн төв болон эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв дээр эмчилдэг. Тоон мэдээлэл нь манай дээр ирдэггүй. Гадуур вирусийн гаралтай менингит нэмэгдэж байж магадгүй.

-Хүүхэдтэй хүн бүр л бараг эмнэлэгт ачаалал их, орны хүрэлцээ муу байна гэж ярьж байна. Эмнэлгийн орны ачаалал ямар байгаа, нөхцөл байдал хүндэрсэн эмнэлэг байна уу?

-Аравдугаар сарын 3-ны байдлаар аймаг, дүүргийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 52 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдвартай байна. Орон нутагт 37 орчим хувь, нийслэлд 70 орчим хувийг нь эзэлж байна. Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт буй хүүхдүүдийн 38 орчим хувь нь амьсгалын замын хүнд халдварын шалтгаантай байна. Аймаг болон нийслэлд ямар нэгэн байдлаар нэмэлтээр ор дэлгэсэн, зохицуулалт хийсэн эмнэлэг байхгүй. Батлагдсан орныхоо тоонд байна. Ачаалал бол нэмэгдэж байгаа. Гэхдээ ор дэлгэсэн, коридорт хэвтүүлсэн нөхцөл байдал үүсээгүй байна.

"ХҮҮХДҮҮДИЙН ДУНДААС РИНО, АМЬСГАЛЫН ЗАМЫН СИНЦИТИАЛ ВИРУС ИЛЭРЧ БАЙНА"

-Хүүхдүүдийн өвчлөл хүндэрч байгаа шалтгаан нь юу вэ. Хүмүүс Covid-ийн дараах ханиад нь мутацид орчихсон юм биш үү, хүүхдүүд маш хурдан хүндэрч байна гээд байна?

-Вирусийн хувьд ихэнхи тохиолдолд рино вирус мөн амьсгалын замын синцитиал вирус илэрч байна. Синцитиал вирус нь бага насны буюу хоёр хүртэлх насны хүүхдүүдийн дунд өвчлөл их, хүндэрч илэрдэг. Орны ачааллыг эрс нэмэгдүүлдэг вирус. Рино вирусийн хувьд тав хүртэлх насны хүүхдүүд илүү өртдөг. Халуурах, ханиалгах, хамар битүүрэх зэрэг шинж тэмдэгтэй.

Амьсгалын замын синцитиал вирус нь хүүхдүүдийн өвчлөлийн гол хүндрэл үүгэдэг шалтгаан.

-Ямар эмчилгээ хийдэг вэ?

-Эмчилгээний тухайд эмч нар шинж тэмдгийн эсрэг эмчилгээ хийдэг. Томуугийн вирус орчилд орсон байвал вирусийн эсрэг эмчилгээг хийдэг. Одоогоор томуугийн вирус орчилд ороогүй байна.

-Томуугийн эсрэг вакциныг бага насны хүүхдүүдэд хийж байгаа талаарх мэдээлэл гарсан байсан. Хүүхдүүдийн хамрагдалт ямар байна вэ?

-Одоо улирлын томуугийн вакцинжуулалт эхэлж байна. Вакцин хийх үед эсрэг заалт гэж байдаг. Өвчний цочмог үе дээрээ байгаа, дархлаа дарангуйлж буй эмчилгээ хийж байгаа үед, вакцины найрлагад орсон ямар нэгэн бодистой харшилтай тохиолдолд вакцин хийгдэхгүй гэх нийтлэг эсрэг заалтууд бий. Мөн тухайн вакциныг хийлгээд өмнө нь хүнд урвал өгч байсан хүүхдүүд хийлгэхгүй. Мөн вакцин хоорондын зай гэж байдаг. Ямар нэгэн вакцин хийлгэснээс нэг сарын дараа дараагийн вакциныг хийлгэнэ. Ийм заалтууд бий. Тэрнээс биш заавал тийм байх ёстой, ингэх ёстой гэсэн заалт байхгүй. Вакцин хийлгэхээс өмнө заавал эмчийн үзлэгт орж, зөвшөөрлөөр вакцин хийлгэх боломжтой.

"АМНЫ ХААЛТ ХАНИАД, ТОМУУ, ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛНЭ"

-Томуугийн улирал эхэлж байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Амны хаалт зүүхээс эхлээд иргэдэд сэрэмжлүүлэг өгөөч?

-Өмнө нь Covid-19-ийн өвчлөлийн үед бүх хүн амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж, гараа угаадаг, олон нийтийн газраар шаардлагагүй бол явдаггүй зэрэг эрүүл ахуйн дадал хэвшилд суралцсан.

Гэтэл сая өнгөрсөн зунаас эхлэн эдгээр дадал хэвшил алдагдаж, амны хаалтаа зүүхгүй, гараа тогтмол угаахгүй байна. Үүний улмаас амьсгалын замын халдвар өвчин эргээд сэргэх хандлагатай байна.

Тэгэхээр ямар ч үед дээр дурдсан дадал хэвшлүүдийг хэрэгжүүлж, өөрийгөө тусгаарлах нь энгийн бөгөөд оновчтой арга. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлаж, шаардлагагүй бол бага насны хүүхдүүдийг гадуур авч явахгүй байх, үнэхээр явахаар бол амны хаалтыг нь зохих ёсны дагуу зүүлгэх хэрэгтэй. Ингэхдээ хоёр цаг тутамдаа амны хаалтыг нь солих ёстой. Насанд хүрэгчид гаднаас гэрт байгаа хүүхдүүддээ халдвар аваачиж өгч байна. Тиймээс гаднаас орж ирэхдээ гараа угааж, хоолой, амаа зайлаад, хувцсаа сольсны дараа бага насны хүүхэдтэйгээ харьцаарай. Мөн хүүхдүүдээ дулаан хувцаслаж, сайн амрааж, амин дэмтэй хоол өгөөрэй.

-Зарим эцэг эхчүүд сошиал орчноос янз бүрийн эмчилгээний арга асууж, хүүхдүүдээ эмчлэх гэж оролддог боллоо. Та тэдгээр хүмүүст хандаж юу гэж зөвлөх вэ?

-Хүүхдэд нь томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл заавал мэргэжлийн эмчид хандах ёстой. Мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр эмчилгээ хийх хэрэгтэй. Covid-19-ийн үед хүмүүс ханиалгавал ханиадны эсрэг эм, халуурвал антиобиотек ууж байсан. Эм, антиобиотекийн буруу хэрэглээнээс болж эмийн дасал үүсч болзошгүй. Эмийн дасал гэдгийг энгийнээр тайлбарлавал тухайн эмэндээ эхэндээ дарагддаг байсан бол сүүлдээ дасаад дарагдахаа больчихдог гэсэн үг. Нэг эм хэрэглээд тухайн шинж тэмдэг нь арилдаг байсан бол хоёр эм хэрэглэж байж арилдаг болно. Ийм сөрөг нөлөө бий. Ямар ч эмийг эмчийн заалтгүй битгий хэрэглээрэй.

Томуу, томуу төст өвчин нь өөрөө вирусээр үүсгэгддэг. Антиобиотек өөрөө нянгийн эсрэг үйлчилгээтэй. Антиобиотек их хэрэглэвэл тухайн хүүхдийн дархлааг муутгах, хүндрэх сөрөг үр дагавартай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж