Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй"

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй"

Хошин урлагийнхан хүн доромжлох "эрхтэй"

Алиалагчид ба алиа салбадай. Хоёр өөр утгатай, хоёр өөр илэрхийлэмж.  Монголын хошин урлагийнхны хувьд бол магадгүй хоёр дахь тодорхойлолтод илүү нийцнэ. Учир нь, Монгол Улсын Үндсэн хуульд "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно" гэж заасан байдаг. Гэтэл энэ заалтыг хамгийн ихээр зөрчдөг хүмүүс нь хошин урлагийнхан. Тэд хөдөөний хүн шоолж, хөгшин хүн элэглэдэг нийтлэг дүртэй болоод удаж буй. Үзэгчид үүнд нь дасал болж, хэвийн зүйл мэт хүлээж авдаг болсон нь нууц биш.

Жишээлбэл, Өвөр Монголчуудыг дууриасан хэд хэдэн үзүүлбэр бий. Бас х үсгийг к үсгээр хэлдэг хэмээн баруун аймгийнхны аялгыг шоглоно. Үс зүс нь цайж, хөл нь муудсан хөгшин эмгэн, хүний эрхийн мэдрэмжгүй ижил хүйстний дүрүүд байна. Тэглээ гээд тэдний тогоо руу өнгийж, хэрүүл зарга хийсэнгүй өдийг хүрсэн.

Сүүлийн үеийн хошин шогийнхны үзүүлбэрийг харахад инээлгэх гэхээсээ илүүтэй бараг хагас нүцгэн эмэгтэйчүүдээр "гоёж", эхнэр нөхрөө араар тавьсан паянг "сурталчилдаг" болсон нь бас худлаа биш.

Хошигнох, хошин маягаар шүүмжлэх нь нийгмээ соён гэгээрүүлэхэд нэмэртэй. Харин бусдыг хошигнож байна гэж доромлож болохгүй.  Өчигдрийн нэг үйл явдал болон хошин шогийнхныг эсэргүүцсэн иргэдийн эсэргүүцлийн цаад шалтгаан нь ийм л юм.

Хошин урлагийн жүжигчид өчидөр /2022.10.18/ Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна цугларсан. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цахим хуудаснаа хошин урлагийн жүжигчдийг "Алиалагчид" гэж хэлсэн нь уран бүтээлчдийн эгдүүцлийг хүргэв. Тэд Төрийн нарийн бичгийн даргыг өөрсдөөсөө уучлал гуйхыг шаардав. Угтаа бол тэд ард түмнээсээ уучлал гуйх ёстой.

П.Сайнзориг тайлбар хийхдээ "Мэдээж нийгмийн хөндүүр сэдвүүдийг гаргаж ирэх нь урлагийнхны үүрэг байж болно. Гэхдээ аливаа зүйл хэрээс хэтэрч, хууль болон ёс зүйгээс давсан энэ мэт үйлдлийг энгийн мэт хардаг болсноороо нийгэмд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэгдэл гарч байна. Үүнийг л би иргэн хүнийхээ хувьд шүүмжилж хэлсэн. Урлаг өөрөө ёс зүйтэй байх ёстой. Тэрийг л хошин урлагийн жүжигчид эмзэг хүлээн авч байх шиг байна. Нийгмээ соён гэгээрүүлэх чиглэлд ажлаа хийгээсэй" гэсэн юм.

Хошин урлагийн түүхэнд ганцхан хүн хэвлэлийн хурал хийж, мэдэгдсэн нь Арго агсан. Тэрбээр 2017 онд ярихдаа “Миний бие монголдоо Гадаад хэлний дээд сургуулийг англи хэлний багш, орчуулагчаар төгсөөд 30 гаруй жил багшаар ажиллаж байна. Мөн анхны гадаад хэлний курсийг байгуулж, 13 мянга гаруй хүүхдэд хичээл заажээ. Би Англи, Герман, Франц, Япон, Солонгос, Испани зэрэг найман орны хэл мэднэ. 2011 оноос хошин урлагийн “Шинэ үе” продакшн миний тухай олон ч удаа элэглэл хийж байсан. Тухайн үед жүжигчин Н.Ариунболд /Бооёо/, Ц.Ганбаяр /Ганбаа/ нар миний тухай элэглэн шоолохыг харж байлаа. Гэтэл 2014 оны арваннэгдүгээр сард өвчний улмаас баруун хөлөө тайруулахад хүрсэн. Эрүүл мэндээ хайхрахгүй явсны гайгаар ийм байдалд хүрсэн. Тэр цагаас хойш хэвтрийн дэглэмд орсон.

Хүнд өвчтэй үед маань “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид “Мөрөөдлийн баг дэлхийг аварсан нь” хошин шогийн бүтээл хийсэн нь үнэндээ намайг доромжилсон. Тухайн үед жүжигчин Г.Эрхэмбаяр намайг дуурайхдаа эсрэгээр нь ууртай, гадаад хэл мэддэггүй, тэнэг хүний дүрээр гаргасан. Энэхүү нэвтрүүлэг гарсны дараа би Г.Эрхэмбаярт хандаж хэлж байсан. Энэ бол хүнийг элэглэхээс илүүтэй доромжлол байсан юм шүү. Өнөөдөр бие гайгүй болж, өөрийн биеэр хэвлэлийнхэнд хандаж байна" гэсэн удаатай. Тэгвэл энэ үед хошин урлагийнхан нэгдэж, уучлал гуйсан уу. Үл тоогоод л өнгөрсөн. Өөрөөр хэлбэл, тэд хүн доромжлох бүрэн эрхтэй. Харин тэднийг шүүмжилж болохгүйг өчигдрийн үйлдлээрээ харууллаа.

Монголд 1990-ээд оны эхэн үе бол нийгэм эдийн засаг доройтож, урлагийн бүхий л салбар уналтад орон, хаалгаа барьсан. Энэ хэцүү цаг үед жүжигчин Б.Батзаяа тэргүүтэй хэсэг нөхөд 1991 оны аравдугаар сарын 1-нд "Монголын нэг өдөр" нэртэй бүрэн хэмжээний хошин шоу хөтөлбөрийг Соёлын төв өргөөнд тоглосон түүхтэй. Энэ тоглолтоор Монголын хошин урлагийн шинэ түүх эхэлсэн гэж хэлж болно. Уг тоглолтод "хошин урлагийн загалмайлсан эцэг" гэгддэг МУГЖ Б.Батзаяа болон Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Амгалан, Л.Чаминчулуун, Д.Сосорбарам, Д.Жагдаг гэсэн шилдэг жүжигчид оролцож байв. Тэр үеэс хойш өнөөг хүртэл олон олон хамтлагууд төрөн гарсан ч үзэл санааны тээгчид байж чадсангүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
88
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж