Зүүн дөрвөн замын уулзварт дугуйтай зорчигч мөргүүлсэн зам тээврийн осол өнөөдөр /2022.10.18/ 18:50 цагийн үед гарч ойролцоох автозамуудын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ. Ослын улмаас Энхтайваны өргөн чөлөө, Намьянжүгийн гудамж, Их тойруу чиглэсэн хөдөлгөөн тус тус ачаалалтай болжээ.
Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өгсөн мэдээллээр ойролцоох замуудын ачаалал нэмэгдсэн гэв.
Мөн хоёр хоногийн өмнө МУБИС-ийн уулзвар дээр зам тээврийн ноцтой осол гарсан зураг цахим орчинд тавигдсан. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Зам тээврийн осол аравдугаар сарын 16-ны 17:00 цагийн үед гарсан.
Автомашин мопидтой мөргөлдсөн ослын улмаас жолооч болон зорчигчийн биед гэмтэл учраагүй.
Камерын бичлэг болон осол гарсан шалтгаан нөхцөлийг шалгаж байгаа” гэсэн юм.
Ойрын өдрүүдэд иргэд болон жолоочдын хариуцлагагүй үйлдлээс болж зам тээврийн осол гарах нь ихэссэн тул иргэдийг замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцохыг ТЦА-наас онцоллоо.
2022 оны есдүгээр сарын эхний байдлаар зам тээврийн ослоор нийт 426 хүн нас барж, 2150 хүн гэмтэж, бэртсэн байна.
Статистикаас харвал, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42034 зөрчлийг илрүүлж таслан зогсоожээ. Эдгээр зөрчлөөс огт жолооч биш, эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон 23834 зөрчлийг илрүүлсэн байна.