Машины замаас, дугуйн замаас, барилгаас, танихгүй хүнээс, нохойноос хол яв! Миний хүү …болохгүй шүү!
Ээж бүхнийг захьсан. Бүгдийг хориглосон. Хориглохгүй бол хохирно. Захиасыг биелүүлсэн. Тэгсэн ч хохирцгоосон…
Аюултай хотод амьдардаг болохоор ээжүүдийн амны уншлага нь “Болохгүй” болоод удсан. Гэхдээ болохгүйг болгоогүй ч санаснаар нь болоогүй. Зөвхөн энэ оны эхний 9 сарын байдлаар 661 хүүхэд авто осолд өртжээ. Харамсалтай нь 57 нь амиа алдаж, үлдсэн нь бэртэж, гэмтсэн.
Сталины хэлсэнчлэн нэг хүний үхэл бол эмгэнэл, сая хүний үхэл бол статистик. Нэг аймшигтай осол, хэрэг гарахад бид эмгэнэдэг.
Гэвч өдрөөр, сараар, жилээр статистик өссөөр. Цагдаагийнхнын өчигдөр танилцуулсан статистикаар авто ослын 85-90 хувь нь жолоочийн буруутай ажиллагаанаас болдог. Сэтгэл сэмлэж, зүрх шимшрэм олон тоон үзүүлэлт энд дурдаж болно. Учир нь бид унтаж байхад нь барилгынх нь суурийг ухдаг, хаана ч, хэзээ ч дээрээс юу ч юм нураад дарчих эрсдэлтэй, түгжрэлээс залхаад буугаад алхая гэхнээ хаанаас ч юм, хэзээ ч хамаагүй согтуу, галзуучууд нь дугуйныхаа нөхөөс болгож мэдэх аюултай хотод амьдардаг.
Уг нь бид хуультай. Дээрх бүх тохиолдлыг хуулиар хориглодог. Харамсалтай нь биелүүлдэггүй. Хууль хүн бүхэнд хамаатай атал албан тушаалтнуудад, эрх мэдэлтнүүдэд, хулгайчдад, гэмт хэрэгтнүүдэд хамаатах нь ховор. Эрх мэдэлтэн, энгийн иргэн хоёрын өдүүлсэн хэрэг, учруулсан хохирол тэнгэр газар шиг ялгаатай ч тэмээ, ямаа шиг ялгавартай хууль үйлчилнэ.
Энгийн иргэн гэмт хэрэг үйлдвэл нэр ус, амьдрал ахуй, угсаа гарвал, архичин, арчаагүйг нь хүртэл зарладаг хэр нь албан тушаалтан, нөлөө бүхий этгээд, түүний амраг садан хэрэг хийвэл мөрдөн байцаалтын нууц нэрээр таг дардаг ялгавартай хууль, хяналтынхантай улс.
Үүний ердөө нэг жишээг бид ойрын өдрүүдэд шуугиж байна. Ядарсан нэгнийг буруу гишгэхэд нийгмээр нэг жигшүүлэн зарладаг хэр нь өч төчнөөн хөрөнгө сүйтгэж, олон хүний амь насанд шууд халдахыг завдахад машины дугаараас өөр мэдээлэлгүй, үсэгнээс өөрийг өнөөдрийг хүртэл цагдаагийнхан хэлсэнгүй. Үүнд л иргэд зэвүүцээд байна.
Мөрдөн шалгах явц үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гээд буй цагдаагийн албан тушаалтнууд нэг зүйлийг тод давтаж буй нь “согтууруулах болон мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон”. Ингэж хаацайлах маягтай л юм яриад сууж байна.
Хэлээгүй шалтгаанаа хуулиар түрээ барин ам таглаж сууна. Гэтэл хууль зүйт ёс ноёрхсон нийгмийн тухай Нобелийн шагналтан Ф.А.Хаек “Хууль бүх хүнд, түүний дотор удирдагч нарт хамаатай. Хэн ч хуулиас дээр байж болохгүй. Шүүх бие даасан байх ёстой, ялангуяа улс төрчдөөс хараат бус байх ёстой, Хууль нь зүй ёсны шалгуураар орсон байх ёстой” гэжээ. Энэхүү хэм хэмжүүрээр аваад үзвэл манайд хууль зүйт ёс бус хууль ноёрхож байна. Тиймээс хуулийг дур зоргодоо тааруулан өөрчилдөг, ширэнгийн хуулиас өөрцгүй зүй тогтолцоо үйлчилдэг гэсэн үг. Үүнийг бид дээрхийн адил олон жишээнээс харж болно.
Монголын хууль Хаекийн хэлснээр зүй ёсны шалгуураар ч ордоггүй нь нүцгэн үнэн. Хуулиараа авто ослын улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасч нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Хэрэвзээ согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол хүндрүүлж хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Ийм л хуультай.
Хүн буудаад хороочихвол 15-аас дээш жилийн ял оноодог бол машинаар гэрчтэй нь хамт дайраад хөнөөчихвөл дээд тал нь найман жилийн ял өгөхөөр хуульчилсан. Ийм хүний ёсноос ч доогуур хууль Монголд үйлчилдэг болохоор хүний амь нас хөлийн чигчий хуруунаас дор үнэлэгдэж байна.
Хуулийн хүрээнд тонон дээрэмддэг, хороож, хохироочоод ял завшдаг, шаардлагатай бол яллаж шийтгэдэг ийм л хууль Монголд үйлчилж байна. Эрх мэдэл албан тушаалын төлөө хууль санаачлагчид Үндсэн хуульд хүртэл улайм цайм гар дүртлээ ичгүүр сонжуураа алдсан энэ цагт ийм л хууль үйлчилж байна.
Эцэстээ иргэд хуульд найдахаа байгаад асуудлыг өөрсдийнхөөрөө, хуульгүйгээр өш авч шийдэцгээхийг уриалаад эхлэв. Хууль тогтоогчдоосоо эхлээд гүйцэтгэх, сахиулах салбарынхан тэр чигтээ өнгө мөнгө, авлига, хээл хахуульд идэгдэж, иргэдийн итгэл алдарсан ийм байдал тийм л зам руу түлхдэг гэдгийг олж харахыг хүсвэл бөөрөнхий бөмбөрцөгт олон сургамж бий.
Тиймээс хамгийн түрүүнд хууль тогтоогчдоос хууль шиг хууль нэхье. Аргаа бараад хүн ёс хүсээд буй иргэдэд хүн бүхэнд хууль эрх тэгш үйлчилдэг гэдгээ харуул. Бурууг хуульд чихэж өөрчлөх нэрийдлээр улам дордуулдаг бус бүгдэд ижил үйлчилдэг болгох нь чухал.
“Тэр аймшигт өдөр миний охины амь нас бетон зуурмагийн машины цемент шахагч хоолойд бус Монгол төрд үүрлэсэн хүнд суртал, авлигаас үүдэлтэй нийгэм дэх ёс суртахуун, үзэл бодлын доройтлын хоолойд даруулан алагдсан” гэж бетон зуурмагийн машины цемент шахагч хоолойд даруулан охиноо алдаж, зул зураг хоёроор сэтгэлээ зогоосон аав 10 жилийн өмнө засч, залруулахгүй бол “болохгүй”-г анхааруулж байв. Түүнээс хойш юу өөрчлөгдсөн бэ? Нэг нэгээр тоологдох эмгэнэл, мянгаар тоологдох статистик л үлджээ. Хууль, тогтолцоогоо өөрчлөхгүйгээр нэгийг аварч болох ч мянга мянган охин, хөвгүүний амь нас дээсэн дөрөөн дээр байсаар л байх болно. Тиймээс эрх баригчдаас илүү ихийг шаардах ёстой.
Хүнд суртал, тэгш бус байдал, хуулийн гажуудал, чадамжгүй төр, аюултай хот бидний амьдралд, үр хүүхдэд заналхийлж байна.
Эмгэнээд өнгөрч БОЛОХГҮЙ!