“Victoria’s secret”-ийн сахиусан тэнгэр Белла Хадид нь загварын тайзнаа алдар нэрээ дуурсгаад зогсохгүй өдөр тутмын хувцаслалтаараа ч бүсгүйчүүдийг байлдан дагуулдаг. “Balenciaga”, “Adidas x Wales Bonner” брэндийн намхан суудалтай өмд, хип хоп өргөн жинс гэх мэтчилэн түүний өдөр тутмын хувцаслалтаас 2000-аад он нэвт шувт харагдана. Тэр “Jean Paul Gautier”, “Marc Jacobs”, “Chanel” зэрэг брэндээр гангарах дуртай. “Vogue” загварын цахим хуудас Белла Хадидын хавар намрын хувцаслалтыг, тэр дундаа гуталны сонголтыг онцолж байна.
Тэр төрөл бүрийн гутлыг донжийг нь олоод өмсөж чаддагийг эндээс харж болно. Тухайлбал, барууны загвартай ковбой гутлыг жинсэн юбкатай, шовх үзүүртэй өсгийтийг бариу савхин өмдтэй гэх мэт хослуулжээ. Ингээд намрын хэв маягийг тань тодорхойлох найман гутлыг сонирхоно уу.
Барууны хэв маягтай ковбой гутал. Ковбой гутал ямар ч эргэлзээгүй намрын өнгө аясыг илэрхийлэх бөгөөд таны шүүгээнд зайлшгүй байх ёстой юм шүү. Белла Хадид бор өнгийн савхин ковбой гутлыг дэгжин цув, жинсэн юбкатай хослуулжээ. “Ganni”, “Reformation to Chloe”, “Khaite” брэндийн ковбой гутлууд сүүлийн үед трэнд болж байна.
Шовх хоншоорт. Шовх хоншоортой, түрийтэй өсгийт бүх л хувцастай төгс зохицох болов уу. Белла Хадидын хувьд бие барьсан савхин өмд, том размерын мотоциклын хүрэмтэй шовх хоншоортоо хослуулав. “Balenciaga”-ийн арьсан өсгийтүүд онцгой тансаг байдаг. Харин “Paris Texas” брэндийн матрын арьсан эффекттэй, өвдөг хүрсэн урттай шовх хоншоорт бол хэзээ ч буруудахгүй сонголт юм.
Өсгийгүй хар түрийт. Өргөн түрийтэй өсгийгүй хар гутал бол энэ намар таны шүүгээнд зайлшгүй байх ёстой гутлуудын нэг ажээ. Супер модел Белла Хадид хүртэл загвар муутай ч юм шиг энэ гутлыг Парисын загварын долоо хоногийн турш даашинз, юбка зэрэгтэй хослуулж өмслөө. Түүний өмссөн гутал “Prada” брэндийнх. Илүү тансаг сонголтуудыг “Bottega Veneta”, “The row”, “H&M” брэндүүдээс харж болно. Арзгар ултай өргөн түрийт ямар ч хувцаслалтыг төгс харагдуулах нь.
Дөрвөлжин хоншоорт. Дөрвөлжин хоншоортой гутал загварын тайзнаас буухгүй нь. Энэ намар “Zara”, “Prada” зэрэг загварын төлөөллүүд дөрвөлжин хоншоортоо дэлгэж байна. Урт, богино түрийтэй дөрвөлжин хоншоортууд ямар ч хувцас дээр донжтой зохино.
Энгийн бөөрөнхий хоншоортой хар гутал ч бас энэ намар таны шүүгээнд заавал байх ёстой юм байна. Белла Хадидаас жишээ авч өргөн жинс, богино цамцтай өмсвөл тав тухтай бөгөөд донжтой. Энэ бол загварын мөнхийн хэв маягийн нэгэн өвөрмөц эргэлт юм.
Бамбагар ноосон гутал. Загварын салбарын акулууд болох эгч дүү Белла Хадид, Жижи Хадид нар энэ намар бамбагар, зөөлөн, ноосон гутлыг онцолж байна. Уг гутлыг харахаар хамгийн түрүүнд “UGG” санаанд тань буух вий. Гэхдээ энэ бамбагар загварыг “Moon boot” гэж нэрлэвэл илүү зохимжтой.
Дайчин гутал. Белла Хадид шөнийн цагаар гадуур явахдаа урт түрийтэй, үдээстэй хар гутал өмссөн байх нь олонтоо харагддаг. Энэ гутал ноолууран цамц гэх мэт тансаг хувцастай ч төгс зохицдог. Мэдээж дайчин загвартай энэ гутлын гол төлөөлөл бол “Dr.Martens”, “Steve Madden” юм.
Өвдөг хүрсэн урттай бор арьсан гутал. Намрын гоёмсог, эмэгтэйлэг даашинзыг тань хамгийн гоё чимэх гутал бол өвдөг хүрсэн урттай бор өнгийн гутал.
Эх сурвалж: VOGUE