Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2022.10.18/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ТЦА-ны Мөрдөн шалгах газрын дарга С.Буянжаргал:
-Улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 958 бүртгэгдсэн. Үүний улмаас 235 хүний амь нас хохирч, 804 хүн гэмтсэн байна. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хэрэг 55.8 хувиар өсч, гэмтсэн хүн 54.3 хувь, нас барсан хүн 50.6 хувиар тус тус өссөн. Энэ төрлийн гэмт хэрэг анхаарал татаж байна. Тээврийн цагдаагийн албанаас үе шаттай арга хэмжээ авч байгаа боловч цар тахлын үетэй харьцуулахад эрс нэмэгдээд байна. Авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, олны анхаарлын төвд орж байгааг сайшаалтайгаар хүлээн авч байна. Энэ төрлийн гэмт хэрэг хангалттай түвшинд буурахгүй байна.
Өнгөрсөн 2018 онд 997, 2019 онд 1077, 2020 онд 744, 2021 онд 615 гэсэн үзүүлэлттэй байсан.
Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг авч үзэхэд жолооч нарын буруутай үйл ажиллагаа 85 хувийг эзэлж байна. Дийлэнх 90 хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг эзэлж байна. Сүүлийн үед мотоцикл, скүүтер, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд орж байгаад осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна.
Мөн 2022 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 18.53 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 хороо "Олимп" хотхоны хойд замд тээврийн хэрэгсэл мөргөлдөж, хүний эрүүл мэнд хохирсон гэх дуудлагын дагуу ТЦА-наас үзлэг шалгалт хийсэн. Үзлэг шалгалтаар “Ланд Круйзер-200” маркийн 7220 УБХ улсын дугаартай автомашины жолооч замын эсрэг урсгалд орж, нийт таван машин мөргөсөн. Замын нөгөө урсгалд хоёр машин мөргөж, нийт долоон автомашиныг мөргөж хохирол учруулсан. Энэ үеэр зам дагуу явж байсан 12 настай С, Э нарыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан. Хэргийг мөрдөн шалгаж байна.
Тухайн ослыг Шүүх шинжилгээний нарийн мэргэжлийн төв болон машины техникийн нарийн шинжилгээний дүгнэлт 7-14 хоногийн дотор гарна. Тухайн тээврийн хэрэгслийг 29 настай М гэгч нь жолоодож явсан нь тогтоогдсон. Түүний найз залуу Б согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин зам дагуу гарч явсан 12 настай хүүхдүүдэд шүүх шинжилгээний эмч томилж, ажилласан. Хоёр хүүхдэд хийсэн эмчилгээтэй уялдуулан дахин шинжилгээнд хамруулах хүсэлтийг тавьж байна. Тухайн үед шүүх шинжилгээнээс эмнэлэг авч явсан процессоор явдаг бол одоо хийсэн эмчилгээгээр нарийвчлалтай учирсан хохирлыг тогтоохоор нэмэлт шинжилгээг хийнэ. Нэг хүүхэд нь эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бол нөгөө хүүхэд нь эмнэлгээс гадуур хэвийн байна. Мөрдөн шалгах процессын дараа хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгч болно. Хэрвээ жолоо шилжүүлсэн бол хариуцлага хүлээлгэх зохицуулалт байдаг. Цахим орчинд цацагдсан мэдээллийг шалгахад тухайн машины жолооч Б нь 2016 оноос хойш дөрвөн удаа эрхээ хасуулж байсан байна.
Холбогдох хуулийн заалтад энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5-8 жил хүртэлх хугацаагаар хасч, 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэдэг.
Мөн аравдугаар сарын 17-ны 14.12 цагт Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд цэрэг ачиж явсан автомашин онхолдсон гэх мэдээллийг хүлээж авсан. Дуудлагын дагуу Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын бүрэлдэхүүн хэргийн газарт үзлэг хийсэн. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд аравдугаар сарын 18-ны шөнийн 01.19 цагийн орчимд иргэн Б-г зам дээр согтуу зогсч байхад дугаар нь тодорхойгүй автомашин мөргөсөн хэрэг гарсан. Улмаар тухайн иргэн дээр хоёр автомашин гарсан хэрэг гарсныг мөрдөн шалгалт явуулж, хэрэг үйлдсэн этгээдийг олсон.
Тээврийн цагдаагийн албаны дарга О.Ганбат:
-Нийт осол аваарын 70-80 хувь нь орон нутгийн замд гардаг. Хүний амь нас хохирсон хэргийг энд онцлон ярьж байна. "Уусан бол бүү жолоод" гээд дөрвөн удаагийн хэсэгчилсэн шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулсан. Уг шалгалтаар 655 согтуу жолоочийг гурван цагийн дотор илрүүлсэн.
Холбоотой мэдээ