Хошин урлагийн жүжигчид өнөөдөр /2022.10.18/ Хууль зүй, дотоод хэргийн яамны гадна жагсав. Учир нь тус яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг цахим хуудаснаа хошин урлагийн жүжигчдийг "Алиалагчид" гэж хэлсэнд уран бүтээлчид эгдүүцсэн бололтой. Үүнд П.Сайнзориг тайлбар хийхдээ "Хошин урлагийн жүжигчид яамны үүдэнд ирсэн байна. Хүний харилцааны асуудал байгаа учраас зөвөөр ойлгуулъя. За яахав, буруу сэтгэгдэл төрсөн бол уучлаарай гэж хэлье. Гэхдээ энэ асуудлыг өмнө нь гаргаж байгаагүйгээрээ энэ бидний алдаа. Нийгэмд хэвийн бус зүйлийг хэвийн юм шиг ойлгодог болжээ. Нийгмийн сүлжээгээр өчигдөрхөн нэг Өвөр Монгол бүсгүй ярианы хэллэгээсээ болоод Монгол Улсад байгаа иргэд ингэж ойлгодог.
Хүмүүс ингэж ялгаварлан гадуурхаж, доромжилдог. Хоёрдугаарт, оюутнууд есдүгээр сарын 1-нд ярианы хэллэгээсээ болоод ялгаварлан гадуурхалтад өртдөг, хичээлдээ сууж чадахаа больдог. Ийм сэтгэл зүй сургуулийн орчинд бий болчихсон. Энэ бол нийгэмд хортой үзэгдэл байна. Мэдээж нийгмийн хөндүүр сэдвүүдийг гаргаж ирэх нь урлагийнхны үүрэг байж болно. Гэхдээ аливаа зүйл хэрээс хэтэрч, хууль болон ёс зүйгээс давсан энэ мэт үйлдлийг энгийн мэт хардаг болсноороо нийгэмд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэгдэл гарч байна. Үүнийг л би иргэн хүнийхээ хувьд шүүмжилж хэлсэн. Урлаг өөрөө ёс зүйтэй байх ёстой. Тэрийг л хошин урлагийн жүжигчид эмзэг хүлээн авч байх шиг байна. Нийгмээ соён гэгээрүүлэх чиглэлд ажлаа хийгээсэй" гэсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ