Хотын хоёр даргад мөнгө цагаан, нүд улаан!

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Хотын хоёр даргад мөнгө цагаан, нүд улаан!

Хотын хоёр даргад мөнгө цагаан, нүд улаан!

"Олимп" хотхоны арын зам дээр болсон ослын талаар олон нийтийн сүлжээнд хэн нэгэн бичлэг дэлгээгүй бол магадгүй энэ хэрэг нам дарагдах байсан биз. Осол гаргасан эмэгтэй жолооны үнэмлэхгүй. Хажууд нь сууж явсан Г.Б гэгч нь удаа дараа согтуугаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байсан “бараан” намтартай хүн болохыг хэвлэлийнхэн л мэдээлэв. Харин Тээврийн цагдаагийн албаныхан “Жолоос хааз, тормоз андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авахад жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Эмэгтэй жолооны үнэмлэхгүй. О осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно” гэсэн жижүүрийн үгээ хэллээ.  Ослоос болж найман хүн эд хөрөнгийн хохирол амссан.  Хоёр охин эрүүл мэндээрээ хохирчихоод байна.  Энэ бол санамсар, болгоомжгүйгээс болсон осол огт биш.  Согтуугаар, жолооны үнэмлэхгүй, жолоодох эрхээ хязгаарлуулсан хүн автомашинтай замын хөдөлгөөнд оролцох нь санаатайгаар хүн алахыг завдсантай ялгаагүй үйлдэл юм.

ТЦА-аас мэдээлснээр эрхээ хасуулсан үедээ 23834 хүн, харин  согтуугаар 42034 хүн автомашин жолоодсон зөрчлийг он гарснаас хойш илрүүлжээ. Тэднээс болж хэчнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсныг хэлэхэд хэцүү. Ямар ч байсан  согтуу хөлчүү, чадах чадахгүйгээр авто машин барьж, “санаатайгаар хүн алахыг завдсан” эдгээр нөхдүүдийг торгоод өнгөрөх нь  тэднийг толгойг илэх төдий асуудал болохыг Г.Б гэгчийн удаа дараагийн зөрчлөөс нь харж болно.

НЭГ.

Мэдээж, жолооны үнэмлэхгүй байж тээврийн хэрэгсэл барьсан эмэгтэй хамгийн эхний буруутан мөн. Нэг ёсондоо тэр авто машин жолоодох эрхгүй байж замын хөдөлгөөнд оролцсон нь санаатай үйлдэл. “Хааз, тормоз” хоёроо ялгаж чадахгүй атлаа авто машин барьж замын хөдөлгөөнд оролцсон эмэгтэй хутга барьсан алуурчнаас ялгагдах юмгүй буруутай.  Тиймээс л согтуу, эсвэл жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл барьсан тохиолдолд хүний амь насыг хөнөөхийг завдсан гэж буруутгаж, тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгохгүй бол ийм хэрэг зөрчил гарсаар л байх болно. Хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор л байна. Хүн алахыг завдсан хүний хүйтэн зэвсгийг хурааж авдагтай л адилхан болгоё гэсэн санаа.

“Ланд Круйзер-200” маркийн автомашинд хоёр хүн явсны нэг нь согтуу, нөгөө нь үнэмлэхгүй. Атал ийм үйлдэл гаргасан нь мэдээж нэг удаагийн биш ч байх.  Өөрөөр хэлбэл, өмнө нь тэр эмэгтэй өчнөөн удаа жолооны үнэмлэхгүй ч тээврийн хэрэгсэл жолоодож байсан болох нь ойлгомжтой байна. Огт машин барьж үзээгүй хүн  гудамжаар хурдтай давхих нь бүү хэл асааж ч чадахгүй. Гэтэл тэр эмэгтэй өөрийгөө үнэмлэхгүй, болохгүй гэдгээ мэдсээр байж жолоо барьсан, хууль зөрчсөн. Эцэст нь ийм харамсалтай хэргийг санаатайгаар үйлдсэн гэсэн үг.

ХОЁР.

Зам тээврийн ослын нэг шалтгаан нь зам тээврийн цагдаа нар өөрсдөө. Өөрөөр хэлбэл, Тээврийн цагдаагийн албыг тээврийн цагдаа нараас цэвэрлэх ёстой.  Учир нь, арван өдрийн өмнө болсон ослын гол буруутныг одоо хүртэл нэрлэж чадахгүй сууж байна. Өөрөөр хэлбэл, бүсгүй үнэхээр “хааз, тормос”-оо андуурсан  уу үгүй юу гэдгийг. Үнэндээ энэхүү бичлэгийг хэн нэгэн олон нийтийн сүлжээнд цацаагүй бол ТЦА үнэн зөвөөр шалгаж, мэдээлэх байсан болов уу. Уг осол орон нутгийн замд болоогүй. Улаанбаатар, бараг шахуу цагдаагийн нүдэн дээр. Тэгэхээр гудамжны камерын бичлэг, машины дугуйны мөрнөөс осол юунаас болсон бэ гэх урьдчилсан дүгнэлт аль хэдийнэ гарчих хугацаа,  арав хоног бол.

Атал энэ хэргийг аль болох замрхуулах талаар ТЦА ажиллаж байна. Тэдний байгаа байдал, хандлагаас харахад ийм л хардлага төрж буй юм. Монголын цагдаа нар мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнтэй нэг өөр, мөнгөгүй ядарсан иргэдтэйгээ бүр өөр харилцдаг.  Хэрэвзээ, хэн нэгэн ядарсан иргэд ийм хэрэг үйлдсэн бол зурагтай нь, маршруттай нь аль хэдийнэ дэлгэчихсэн байх байсан нь баараггүй үнэн.

ГУРАВ.

Хамгийн том буруутан нь хотын удирдлагууд. Хотын сайд, дарга хоёр түгжрэлийн асуудалд санаа тавихаас цаашгүй байгаа нь Үндсэн хуульд зааснаар улаанбаатарчууд эрүүл аюулгүй орчин амьдрах эрх өдрөөс өдөрт улам зөрчигдөж буйгаас харж болно. Үндсэндээ хотын хоёр даргын хэн ч энэ ослын талаар ам нээсэнгүй. Иргэдийнхээ аюулгүй байдлын асуудалд ач холбогдол өгсөнгүй.

Улаанбаатар иргэддээ хамгийн ээлгүй, эрсдэлтэй хот болсон. Гудамжинд тоглохоор, хичээлдээ явахаар гэрээсээ гарсан хэчнээн хүүхэд амиа алдсан билээ. Харамсалтай нь, тэдний үхэл  зөвхөн "статистик" болоод өнгөрдөг.  Эрх баригчид суудалтайгаа үлддэг.  Гэгээн цагаан өдрөөр, гэрэлт  гудамжинд хэн нэгэн согтуу галзуу, хууль зөрчсөн нөхөр ирээд дайраад алчихгүй гэсэн баталгаа даанч байхгүй. Явган хүний гарц, ногоон гэрэл, цагаан шугам, эсрэг урсгалд орж ирээд мөргөнө, дайрч ална. Ийм байтлаа "Хүүхдэд ээлтэй Улаанбаатар байгуулна" гэж хөөрцгөөхийг нь яана.

Айдас, хүйдэс, аваар осолтой хотод иргэдээ амьдруулж байгаадаа хотын хоёр дарга огцрох өргөдлөө бичдэггүй юм аа гэхнээ ядаж олон нийтээс уучлалт гуйх ёстой байлаа. Харамсалтай нь, манай дарга нарт  айх, ичих булчирай байх биш, таг гүлдийгээд өнгөрөх биз. Хэрэвзээ, хууль нь тэгш үйлчилдэг, дарга нь хуулиа мөрддөг, эрх мэдэлтнүүд нь ёс зүй, хариуцлагаа ухамсарладаг нийгэмд, улсад Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар хоёр аль хэдийнэ албан тушаалаасаа халагдах кэйс мөн үү гэвэл мөн. Авчиг МАНай хоёрт их хэмжээний мөнгө үнэртсэн ЛРТ төслөөсөө өөрийг олж харах нүдгүй, ярих сэдэвгүй сууж байна. Ярьдаг ганц сэдэв нь түгжрэл, мөнгө хоёр.  Үүнийг л мөнгө цагаан, нүд улаан гэж хэлэх биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж