Их Британид лааны үнэ 2 дахин нэмэгдэж, эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Их Британид лааны үнэ 2 дахин нэмэгдэж, эрэлт ихтэй байна

Их Британид лааны үнэ 2 дахин нэмэгдэж, эрэлт ихтэй байна

Европын холбооны орнууд Оросоос хамааралтай байгалийн хийн нийлүүлэлтийн хомсдолыг богино хугацаанд нөхсөнөөр Европын орнууд өвөлд харьцангуй сайн бэлтгэлтэй болжээ. Мөн Европын холбооны гишүүн орнуудын нөөцийн савууд төлөвлөсөн хугацаанаас өмнө дүүрэх магадлал өндөр байгаа аж. Гэвч ирэх гурав, дөрөвдүгээр саруудад нөөц барагдах эрсдэл хэвээр байгаа тул Европын холбоо эрсдэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулж эхэлсэн талаар гаднын хэвлэлүүд мэдээлж байна.

Бодит байдал дээр нөхцөл байдал тийм сайнгүй хэвээр буй. Европын зарим орнуудын иргэд байгалийн хий, газрын тосны хомсдол нүүрлэж, цахилгаан эрчим хүч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ажилгүйдэл хүрээгээ тэлж буйн улмаас жагсаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Бид энэ удаа “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа Европын орнуудад нүүрлэсэн эрчим хүчний хямрал, түүний эргэн тойронд өрнөж буй үйл явдлуудын тойм мэдээллийг онцоллоо.

Европын холбооны орнууд ОХУ-аас эрчим хүчний түүхий эдийн хэт хамааралтай байж ирсэн. Тодруулбал, тус холбоонд ОХУ-аас нийлүүлж буй нийт хийн хэрэглээний 40 хувийг Герман улс дангаараа хэрэглэдэг. Мөн Зүүн Европын зарим орнууд хийн хэрэглээнийхээ 20-35 орчим хувийг зөвхөн ОХУ-аас авдаг шугамтай.

ОРОСЫН БҮХ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ОРЛОХ БОЛОМЖ

ОХУ-ын эрх баригчид одоогийн байдлаар эдийн засгийн хоригтой холбоотойгоор Балтийн орнууд, Польш, Болгар, Финланд улсад хий нийлүүлэхээ бүрэн зогсоосон бол Герман, Итали, Австри, Дани, Словак, Нидерланд дахь нийлүүлэлтээ багасгаад буй юм.

Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн хурцадсан тохиолдолд Европын холбооны орнууд ОХУ-аас авах хийгээ бүрэн зогсоох магадлал өндөр. Харин эдийн засгийн хоригоос илүү тусгаар улсын аюулгүй байдалд заналхийлсэн гэж үзсэн тохиолдолд ОХУ Европын холбооны орнууд руу бага хэмжээгээр нийлүүлж буй хийгээ бүрэн зогсоох нь тодорхойг шинжээчид онцолж байна.

Өдгөө Европын холбооны гишүүн орнууд дотоодод байгалийн хий тогтвортой нийлүүлэх хэд хэдэн хоолой ашиглалтад оруулахаар ажиллаж буй. Тухайлбал, ОХУ-ын “Газпром” компани Польш, Болгарт байгалийн хий нийлүүлэхээ зогсоосон. Үүний дараа Польш улсын Эрчим хүчний сайд байгалийн хийн хэрэгцээгээ дотоод нөөц бололцоогоор бүрэн хангах боломжтой талаар өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн. Өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс Литва улсаас Польш руу хий дамжуулах шинэ хоолой нээгдсэнээр Литвын шингэрүүлсэн хийн терминалаас хий авах боломжтой болжээ. Мөн Норвеги улсаас хий нийлүүлэх “Балтын хоолой’ хэмээх шинэ хоолойн нээлтийн ёслол өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад орсон. Тус хоолой оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах ёстой бөгөөд ингэснээр Оросын бүх нийлүүлэлтийг орлох боломж бүрдэх аж.

Европ дахь Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн орон зайг АНУ шуурхай нөхөж, өөрийн нөлөөллийг Европын холбооны орнуудад бэхжүүлэх замаар шингэрүүлсэн байгалийн хийн терминалын бүтээн байгуулалт хийж байна.

Цаашид АНУ эрчим хүчний түүхий эдийн, тэр дундаа дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хийн экспортлогч орон болох амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлж буй. АНУ-аас эрчим хүчний түүхий эдийн хамааралтай болж буй орнуудын валют ам.долларын эсрэг хурдацтай сулрах нь тодорхойг шинжээчид онцолж байна.

Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаанд, 2040 он гэхэд Европын холбооны шингэрүүлсэн байгалийн хийн импорт 2016 онтой харьцуулсан түвшнээс 20 гаруй хувиар нэмэгдэх ажээ. Оросын дамжуулах хоолойн хий байхгүй тохиолдолд Европын байгалийн хийн нийт эрэлт 2021-2040 он хүртэл 150 хувиар өсөх төлөвтэй байна.

ЛААНЫ ҮНЭ ХОЁР ДАХИН НЭМЭГДЖЭЭ

Их Британийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт хэрэв вант улс байгалийн хийн хомсдолтой тулгарвал ирэх өвөл тус улсын зарим бүс нутагт цахилгааны хязгаарлалт хийнэ гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх өвөл эрчим хүч тасалдаж, цахилгаан ойр ойрхон тасарч болзошгүй гэх мэдээлэл авсан иргэд лаа их хэмжээгээр нөөцлөх болсон талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Худалдагч Кристофер Кеннелли "Хэн нэгэн өвөл цахилгаан тасалдана гэж хэлснээс хойш лааны эрэлт хоёр долоо хоногийн турш үргэлжилж байна. Бас үнэ нь хоёр дахин нэмэгдсэн" гэж ярьсныг “Daily Mail” сонин мэдээлэв.

Британи даяар өнөөдрийн байдлаар лааны нийлүүлэлт буурч буй статистик мэдээлэл гарсан байна.

Парисчуудын хувьд өнгөрсөн Ням гариг (2022.10.16)-т үнийн хөөрөгдөл, ялангуяа цахилгаан эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, тэтгэврийн насыг нэмэгдүүлэх тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн жагсав. Түүнээс өмнө буюу энэ сарын 14-ний өдөр ХБНГУ-ын томоохон хотуудад олон зуун автомашинтай жагсагчид Оросын эсрэг тавьсан хоригийг цуцалж, Украинд цэргийн техник хэрэгсэл нийлүүлэхийг зогсоож, цахилгаан эрчим хүчний үнийг бууруулж, ажилгүйдэлтэй тэмцэхийг эрх баригчдаасаа шаардав.

Берлин хотод аравдугаар сарын 8-нд Бундестагийн урд олон зуун хүн Оросын эсрэг хоригийг цуцалж, Оросоос байгалийн хий, газрын тос авахыг шаардан жагссан. Хэт барууны "Германы төлөө Альтернатив нам" эрчим хүчний аюулгүй байдлыг хангаж, инфляцийг бууруулахыг жагсаалын үеэр эрх баригчдаасаа шаардаж, засгийн газраа Оросын эсрэг эдийн засгийн дайн явуулж байна гэж буруутгажээ.

“ГАЗРПРОМ”-ЫН ХИЙН ОЛБОРЛОЛТ БУУРАВ

2022 он гарснаас хойш урьдчилсан мэдээллээр “Газпром”-ын хийн олборлолт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18 хувиар буурч, 327.4 тэрбум шоо метр болсон байна. Тусгаар улсын хамтын нөхөрлөл (ТУХН)-ийн бус орнуудад хийн экспорт 9.5 сарын хугацаанд 63 тэрбум шоо метр буюу 41.4 хувиар буурчээ.

"Газпром" өдгөө гэрээний дагуу хий нийлүүлсээр байгаа аж. ОХУ-ын дотоодын зах зээлд "Газпром"-ын хийн эрэлт 9.5 сарын хугацаанд 9.5 тэрбум шоо метр буюу 5.2 хувиар буурсан байна. "Газпром" болон CNPC хооронд байгуулсан хоёр талын урт хугацааны гэрээний дагуу “Сибирийн хүч” хийн хоолойгоор дамжуулан Хятад руу Оросын хийн экспорт нэмэгдсээр байгаа аж.

"УКРЕНЕРГО" ИРГЭДДЭЭ ЦАХИЛГААН ХЭРЭГСЛИЙН ХЭРЭГЛЭЭНДЭЭ УХААЛАГ ХАНДАХЫГ УРИАЛЖЭЭ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн Даваа гаригт Telegram сувагтаа нийтэлсэн видео мессэждээ "Эрчим хүчний тасалдлыг засч, сэргээн засварлах ажил үргэлжилж байна" гэж хэлжээ. Мөн тэрбээр "Киевт агаарын довтолгооноос хамгаалах илүү орчин үеийн систем хэрэгтэй" гэж онцолсон байна.

"Укренерго" компани өнгөрсөн Даваа гаригт Украины эрчим хүчний системийг сэргээхэд цаг хугацаа хэрэгтэй байгаа бөгөөд ихээхэн ачаалал үүснэ" гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэдийг цахилгаан хэрэгслийн хэрэглээнд ухаалаг хандахыг уриалжээ.

Эх сурвалж: EURONEWS, NISS, TASS, BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж