"Чингис хаан" музейн нээлт энэ сарын 11-нд болж, үүд хаалгаа нээсэн. Энэ музейг үзэхэд нэг хүн ойролцоогоор 8-9 цагийг зарцуулна. Мөн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд үнэ төлбөргүй үзнэ. Харин насанд хүрсэн хүмүүс 30 мянган төгрөг, оюутан 15 мянга, гэр бүлээрээ үзвэл 20 мянган төгрөгийн тасалбараар үзэх боломжтой гэдгийг музейн захирал С.Чулуун хэлж байв.
Тэгвэл музейн нээлтийн хөнгөлөлт дуусч, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөгөөр үзэхээр болжээ.
Музейн нээлтийг тохиолдуулан өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд энэ сарын 16-ны өдрийг дуустал үнэ төлбөргүй үйлчилсэн гэжээ. Тодруулбал, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 15 мянган төгрөг, гадаадын иргэн 30 мянга, хүүхэд 15 мянган төгрөгөөр үйлчлүүлэх аж.
Музейн захирал С.Чулуун "Чингис хаан" музей нүүдэлчдийн түүхийг цогцоор нь харуулсан, төрт ёсны Ази тивдээ томоохонд тооцогдох музей юм. Энэ музейд дэлгэсэн үзмэрүүдийн 93 хувь нь оргиналь буюу эх хувиараа. Хуулбар биш. Үлдсэн хувь нь орчин үеийн техникийг ашигласан, тодорхой сэргээн засварлалтыг хийсэн. Нийт 100423 эх үзмэр бол 5.2 хувийг нь сэргээн засварласан гэсэн үг.
Музей бол хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Нэгдүгээрт, мөнгөөр үнэлж болшгүй соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл олгох, танин мэдэхүйн үйлчилгээ үзүүлдэг бол хоёрдугаарт, эдийн засгийг солонгоруулж, соёлын аялал жуулчлалыг бий болгож, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд "Чингис хаан" музей тодорхой үүрэг гүйцэтгэнэ. Бидний тооцооллоор нэг жилд нийт хүм амынхаа тавхан хувьд үйлчлэхэд 4.5 тэрбум төгрөгийн орлого олж чадна" гэдгийг хэлж байв.
Холбоотой мэдээ