Хятадад өнгөрсөн 10 жилийн хугацаанд авлигын эсрэг тэмцлийн хүрээнд таван сая хүнийг мөрдөн шалгаж, эрүүгийн 553 хэрэг үүсгэсэн талаар эрх баригч Коммунист намаас мэдээлжээ.
Хятадын Коммунист нам 96 сая гишүүнтэй бөгөөд авлига авсан, албан тушаал худалдсан, эрх мэдлээ урвуулан ашигласан тохиолдолд хатуу шийтгэл оногдуулах замаар дүрэм журмыг сахиулах дотоод тогтолцоотой явж ирсэн.
Намын ХХ их хурлын хүрээнд өчигдөр /2022.10.17/ Сахилга бат, хяналт шалгалтын хорооны нарийн бичгийн даргын орлогч Шиао Пэй хэлэхдээ, "Ши Жиньпин даргын Комуннист намыг удирдсан 10 жилийн хугацаанд нийтдээ 207 мянган албан тушаалтан авлигын хэргээр ял шийтгэгдсэн" гэв. Мөн сүүлийн таван жилд авлигын хэрэгт ял шийтгэгдсэн хүмүүсийн олонх нь хэргээ удаан хугацаанд давтан үйлдсэн нь тогтоогдсон бол дөнгөж 11 хувь нь анх удаа үйлдсэн хүмүүс байсныг мэдэгджээ.
Өдгөө гурав дахь удаагаа таван жилээр бүрэн эрхээ сунгахаар ажиллаж буй Ши Жиньпиний гол бодлогуудын нэг нь авлигын эсрэг кампанит ажил юм. Ажиглагчдын үзэж буйгаар Ши Жиньпин авлигын эсрэг тэмцлийг ашиглан улс төрийн өрсөлдөгчдөө намнадаг аж. Хятадын шүүхүүдэд авлигын хэрэгт шүүгдсэн хүмүүс 100 хувь ял шийтгэгддэг байна. Ингэхдээ дотоод шалгалтаар шалгаад намаас хөөж, шүүхээр ял шийтгэгддэг ба засгийн газар, цэргийн өндөр албан тушаалтан байсан ч өршөөл үзүүлдэггүй. Тухайлбал, өнгөрсөн сард Хууль зүйн сайд асан, Олон нийтийг аюулаас хамгаалах орлогч сайд нар авлига, албан тушаалаа хэтрүүлсэн гэх зэрэг олон хэрэгт буруутгагдан цаазаар авах ялаар шийтгүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS