МБХ: Нэг төсөлд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох боломжтой

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

МБХ: Нэг төсөлд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох боломжтой

МБХ: Нэг төсөлд 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгох боломжтой

Банк, санхүүгийн салбараас санаачлан “Тэрбум мод сан”-г үүсгэн байгуулж, эхлэл хөрөнгийн санхүүжилтийг бүрдүүлжээ. Энэхүү сангийн үйл ажиллагаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилт, алсын харааг дэмжин ажиллах, хөрсний бохирдол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх томоохон зорилтуудын хүрээнд байгаль орчин, нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болон хүүхэд залуучуудын экологийн боловсролыг дэмжихэд чиглэж буй аж.

Монголын банкны холбооноос “Тэрбум мод сан”-гийн танилцуулга, алсын хараа, зорилго, зарчим, одоогийн үйл ажиллагааны явцын талаар болон 2022-2023 онд санхүүжилт олгох төсөл, хөтөлбөрийн үндсэн чиглэлүүд, сонгон шалгаруулалтад орох заавар, удирдамжийг танилцууллаа.

Хэвлэлийн хуралд “Тэрбум мод сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амар, “Тэрбум мод сан”-гийн Гүйцэтгэх захирал, ТоС холбооны Гүйцэтгэх захирал Э.Номиндарь нар оролцож, мэдээлэл өгөв.

Монголбанк, Монголын банкны холбооны гишүүн байгууллагуудын санаачилгаар "Тэрбум мод сан"-г 2022 оны гуравдугаар сард үүсгэн байгуулж, тавдугаар сараас үйл ажиллагааг эхлүүлжээ.

"МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ 12 БАНК ЭХЛЭЛТИЙН 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ БҮРДҮҮЛСЭН"

"Тэрбум мод сан"-гийн Удирдах зөвлөлийн дарга, МБХ-ны гүйцэтгэх захирал Л.АМАР:

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 12 банк санхүүжүүлэгч байгууллагад багтаж, 1.4 тэрбум орчим төгрөгийн эхлэлтийн санхүүжилт бүрдүүлсэн. Бодлогын дэмжигч байгууллагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголбанк, Байгаль орчин аялал жуулчлалын яам байх юм.

"Тэрбум мод сан" дараах үндсэн дөрвөн зарчимтай. Үүнд:

-Үйл ажиллагаа, төслийн санхүүжилтийг нээлттэй, ил тод зарчмаар, олон улсын стандартын дагуу явуулна.

-Дотоод, гадаадын төрөл бүрийн эх үүсвэрээс хандив бүрдүүлж, тасралтгүй санхүүжилттэй болохыг зорино.

-Дотоод, гадаадын төрөл бүрийн эх үүсвэрээс хандив бүрдүүлж, тасралтгүй санхүүжилттэй болохыг зорино.

-Иргэд олон нийт, хувийн хэвшлийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх юм.

Сангийн зорилго уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, дасан зохицох, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн чиглэлд нийгэм, эдийн засгийн үр өгөөж өгөх төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхээр зорин ажиллаж байна. Тэрбум Мод Үндэсний хөдөлгөөний стратегитай уялдуулан, санхүүжилт дутмаг байгаа хэсэгт санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах гэж буй хэлэхэд таатай байна.

МЭРГЭЖЛИЙН ТОХИЖИЛТЫН КОМПАНИУДАД 30 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГ, 20 ХҮРТЭЛХ ТӨСӨЛД ОЛГОНО

"Тэрбум мод сан"-гийн Гүйцэтгэх захирал, ТоС Холбооны Гүйцэтгэх захирал Э.НОМИНДАРЬ:

-Нэг төсөлд дээд тал нь 30 сая төгрөг хүртэлх санхүүжилт олгох боломжтой. Төсөл сонгон шалгаруулах гурван чиглэл бий. Тодруулбал,

-Төрийн өмчит цэцэрлэг, сургуулийн ногоон байгууламжийн төслүүд. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн гадаа талбайд ногоон байгууламж байгуулах төслүүдэд санхүүжилт олгоно. Төслийн хэрэгжилтийг мэргэжлийн тохижилтын компаниудаар гүйцэтгүүлэх бөгөөд 30 хүртэлх сая төгрөг, 20 хүртэлх төсөлд олгоно.

-Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төслүүд. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, ойжуулах, ойн нөхөн сэргээлт, мод тарих чиглэлийн хамгийн багадаа 3 жилийн туршлагатай, өргөжүүлэх боломжтой төслүүдийг санхүүжүүлнэ. 50-100 сая төгрөг, 10 хүртэлх төсөлд олгоно.

-Олон нийтэд тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох төслүүд. Олон нийтийн тогтвортой хөгжлийн мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөх нөлөөллийн ажил, кампанит ажил, контент, медиа, анимейшн, боловсрол сургалтын хөтөлбөр гэх мэт экологийн боловсрол олгохтой холбоотой шинэлэг санал, санаачилгыг санхүүжүүлэх. 5-20 сая төгрөг, 10 хүртэлх төсөлд олгоно.

Төслийн материалыг 2022 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр (17:00 цаг) хүртэл хүлээн авах бөгөөд 2023 оны хоёрдугаар улирал, бүх нийтээр мод тарих үндэсний өдөр төслүүдийн нээлтийг хийх аж. Мөн Төсөл хэрэгжиж дууссанаас хойш хоёр жилийн хугацаанд арчилгаа, үйл ажиллагааны тогтвортой байдлын талаар явцын тайлан ирүүлнэ.

Төсөлд тавигдах шаардлага:

Төсөл нь гурван чиглэлийн аль нэгтэй нийцсэн байх;

Төсөл хэрэгжүүлэгч нь энэхүү удирдамжийн 4-т заасан зорилтот бүлэгт хамаарч байх;

Төслийн санхүүжилтийн дүн удирдамжийн шаардлагатай нийцсэн байх, шаардлагатай бол хамтын санхүүжилтийг төлөвлөсөн байх (Чиглэл 2-т хамаарна);

Төсөл хэрэгжүүлэх газар, талбайтай холбоотой ямар нэгэн зөрчилгүй байх. Төсөл хэрэгжүүлэх газар дахин төлөвлөлтөд ороогүй байх, ойжуулалт хийх, мод тарих нөхцөл, орчин бүрдсэн байх (цэвдэг байхгүй, усалгаа хийх боломжтой байх), цэвэр усны нөөц, тусгай хамгаалалттай газар зэрэг экологийн өндөр ач холбогдолтой бүсүүдэд төсөл хэрэгжүүлэх бол шаардлагатай бүх зөвшөөрөл болон бусад холбогдох арга хэмжээг авч, баталгаажуулсан байх;

Төслийн үр дүнг хэмжих шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлсон байх (талбайн хэмжээ, модны тоо, амьдралтын хувь);

Төсөл хэрэгжүүлэх явцад Сангийн хяналт тайлагнал, мэдээллийн шаардлагуудыг мөрдөж ажиллах, бусад төсөл хэрэгжүүлэгчид, олон нийтэд төслийн талаар туршлага, мэдлэгийг хуваалцахад нээлттэй байх;

Төсөл хэрэгжих гэрээт хугацаа дууссанаас хойш цаашдын арчилгаа, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх боломж, нөөцтэй байх;

Өргөдлийн маягт, хавсралтуудыг бүрэн гүйцэд бөглөж, бүрдүүлсэн байх;

Өмнө нь ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн гурваас дээш жилийн бодит туршлагатай байх (Чиглэл 1, 3-т хамаарахгүй);

Хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөөний зурган мэдээлэл, ландшафтын зураг төслийг хавсаргах (Чиглэл 1, 3-т хамаарахгүй) байна.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцох нэгж, байгууллагууд энд дарж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж