Бүгд найрамдах Турк улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар 2022 оны аравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ.
Ингээд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд найрамдах Турк улсад хийсэн албан ёсны айлчлалын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Турк улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентоп нар албан ёсны хэлэлцээ хийв
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоптой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ.
Хэлэлцээний үеэр талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа харилцан нотлохын зэрэгцээ агаарын тээврийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах талаар ярилцаж, санал солилцов.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар айлчлалынхаа хүрээнд БНТУ-ын Үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч Зүхтү Арслантай уулзлаа.
Монгол Улсын Их Хуралд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсэг байгуулан ажиллахын зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр судалгаа хийж байгаа талаараа Улсын Их Хурлын дарга хөндөв. Уулзалтаар Монголын парламентын төлөөлөгчид Бүгд найрамдах Турк улс Үндсэн хуульдаа удаа дараа амжилттайгаар нэмэлт, өөрчлөлт хийсэн үр дүнгийн талаар санал солилцож, Үндсэн хуулийн шүүхийн үйл ажиллагаатай танилцав.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
Хоёр орны археологийн судалгааны үр дүнд түшиглэн аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулах санаачилгыг дэвшүүллээ
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Турк улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, доктор, профессор Музаффер Шекертэй уулзав.
Саяхан Туркийн Ван мужид Хүлэгү хааны зуны ордны туурь олдсон бол Олон улсын Түрэг судлалын академи, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хамтарсан судалгаагаар Монгол Улсын Архангай аймгийн Хашаат сумын Номгон хэмээх газраас Түрэгийн Кутлуг хааны тахилын онгон, хөшөө чулууны бичээс зэрэг нэн ховор олдвор олдсон. Дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны судалгаа түүхээ урагшлуулахад чиглэдэг. Энэ олдвор Түрэгийн түүхийг хэдэн арван жилээр урагшлуулж байна хэмээн Улсын Их Хурлын дарга онцлов. Түүнчлэн дээрх олдворуудын судалгааны ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэх санаачилгыг дэвшүүлж байгаа бөгөөд хоёр улсын Шинжлэх ухааны академийн зүгээс энэ асуудлыг дэмжин ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
УИХ-ын дарга Г.Занданшатар: “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Бүгд найрамдах Турк улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо зохион байгуулав.
Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг. Цаашид өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой. Энэ боломжийг Турк Улсын шинэ дэвшилтэт технологитой хослуулан боловсруулж, гадаад зах зээлд гаргахад хамтарч ажиллах боломжтойг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ дурдлаа.
Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайгаас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн юм.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Измир Катип Челеби Их сургуулийн “Хүндэт доктор" цол олголоо
Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Бүгд найрамдах Турк улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа хүрээнд Измир Катип Челеби Их сургуульд зочиллоо.
Измир Катип Челеби Их сургуулийн проректор, доктор, профессор Мухсин Акбаш хэлсэн үгэндээ, Г.Занданшатар нь хилийн чанадад буй Монголын түүх соёлын дурсгалуудыг нээн илрүүлэх ажлыг дэмжих бодлогынхоо хүрээнд Монгол Улсын судлаачдыг Бүгд найрамдах Турк улсын нутаг дээр тус орны судлаачидтай хамтран Анатолийн хойгт буй Илхаадын дурсгалыг судлах хамтын ажиллагааг дэмжсэн явдал нь Монгол төдийгүй Төв Азийн түүхийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэсэн.
Мөн Монгол, Туркийн харилцаа, тэр дундаа Монгол Улсын Их Сургууль болон Измир Катип Челеби их сургуулийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр их сургуулийн байгуулсан Түрэг судлалын хамтарсан хүрээлэнгийн баг археологийн судалгааны ажлуудаа амжилттай явуулахад бодит хувь нэмэр оруулж, дэмжлэг үзүүлж ирсэн явдлыг нь үнэлэн тус их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүд санал нэгтэйгээр “Хүндэт доктор” цол олгохоор шийдвэрлэсэн гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус сургуулийн “Хүндэт доктор” цол хүртэж буй гурав дахь хүн, гадаадын анхны иргэн болсон юм.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
УИХ-ын дарга Г.Занданшатар БНТУ-ын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд найрамдах Турк улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд бараалхав.
Уулзалтаар талууд өнө эртнээс түүх, соёлын хэлхээ холбоотой “гуравдагч хөрш” Монгол, Туркийн энэхүү найрсаг харилцааг шинэ шатанд ахиулах сонирхлоо харилцан нотолж, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах, соёл, аялал жуулчлал, боловсрол зэрэг өргөн хүрээний салбарт бэхжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцлоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Турк улсын Үндсэн хуулийн шүүх (цэц)-ийн ерөнхийлөгч Зүхтү Арсланы урилгаар Үндсэн хуулийн шүүхийн шинээр томилогдсон гишүүний тангараг өргөх ёслолд оролцов.
Туркийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн хүний эрх, эрх чөлөөг тууштай, шударга, ямар нэгэн нөлөөгүйгээр хангах тангаргаа төр, ард түмнийхээ өмнө өргөдөг бөгөөд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ ёслолд гадаад улс орнуудаас анх удаа оролцсон өндөр түвшний зочин болжээ.
(Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү)
Холбоотой мэдээ