Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундралаас зарим зүйлийг тодрууллаа.
-Жүжигчин Ч.Ундралын хувьд Кино урлагийн зөвлөлийн даргаар томилогдсон. Ажлаа хүлээж авсны дараа кино урлагийн ямар ажлуудад анхаарч ажиллав?
-Надад киноны чиглэлээр урт хугацаанд ажилласан уран бүтээлч байх, маркетинг болон улсад ажилласан байх шаардлагыг тавьсан. Би өмнө нь Улсын драмын эрдмийн театрт ажиллаж байсан. Салбартаа олон жил ажилласан. Энэ утгаараа зөвлөлийн даргад нэр дэвшүүлж, санал тавьсан байх. Төрийн алба хашиж байх хугацаандаа хувийн уран бүтээлээ хийх боломжгүй болж байгаа юм.
Манай Кино урлагийн зөвлөл үүсгэн байгуулагдсанаас хойш Канн, Венец, Бусаны олон улсын кино наадмуудад амжилттай оролцлоо.
Ингэснээр бид дэлхийн кино урлагийн хаана явж байна вэ, цаашид юун дээрээ анхаарах ёстой вэ гэдгийг олж харах боломжтой болж байгаа юм. Зөвлөлийн хувьд маш олон ажил хийхээр төлөвлөж байна. Жишээлбэл, боловсон хүчин, дэд бүтэц, гадаад харилцаа, дотоодын уран бүтээлчдийн кино нэгтгэлтэй хамтран хийх ажлууд гэх мэт.
-Кино урлагийг дэмжих сангаас энэ онд санхүүжүүлэх кино төслүүдийг хэрхэн сонгон шалгаруулах вэ?
-Манай зөвлөлийн дэмжих сан гэж бий. Энэ сангаас уран бүтээлчдэд 50 хувийн зээл, 50 хувийг нь буцалтгүй дэмжин тусалж, ажиллана. Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл нь кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.
Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөлд сангаас олгох зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байна.
Кино урлагийг дэмжих сан есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21-ний хугацаанд 2022 оны анхны сонгон шалгаруулалтыг зарлаж буй. Энэ хугацаанд Монголын түүхэн, шинэ залуу найруулагчийн бүтээл, хүүхдийн кино, анимейшн хүүхэлдэйн кино гэсэн төрлөөр төсөл хүлээж авна. Төслөө ирүүлж буй уран бүтээлийн 30-70 хувийг дэмжин ажиллах юм. Киноноос гадна киног сэргээн засварлаж хөрвүүлэх, олон улсын кино наадамд оролцуулах, олон улсын сургалт семинар гэсэн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалтыг хийнэ. Төслийн сонгон шалгаруулалт хүн болгонд нээлттэй. Бид аль болох сайн, нийгэмд ач холбогдолтой төслүүдийг сонгон шалгаруулна.
-Кино урлагийг дэмжих сангийн төсвийг сонирхож болох уу?
-Энэ санд улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгаж буй. Үүний таван хувь буюу таван тэрбум нь зээл. Мөн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулж, дэмжин ажиллана.
-Дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн кино компаниудын төлөөллүүд Монголд ирж, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ ажлын үр дүнгээс танилцуулахгүй юу?
-Бид Монголд есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн кино компаниудын төлөөллүүдийг урьсан. “Fam Tour-2022”-ийн хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын дөрөв, Английн хоёр, БНСУ-ын нэг, Тайландын нэг кино компанийн долоон уран бүтээлчид ирсэн. Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуультай болж, зөвлөлөө байгуулсан. Тиймээс бид олон улсын уран бүтээлчдэд хууль эрх зүйн хувьд суурьтай болсноо илэрхийлж, татварын буцаан олголт бусад орнуудтай харьцуулахад өндөр гэдэг мэдээллийг өгч, тур аялал зохион байгуулсан.
Тодруулбал, Монголд кино зураг авалт болон киноны дараах процессыг хийвэл 30 хувь, гадаад уран бүтээлчдийн цалингийн таван хувь, соёлын өвийг танилцуулсан бол 10 хувь гээд нийтдээ 45 хувийн буцаан олголтыг гадаадын уран бүтээлчдэд олгох боломжтой.
Энэ хөтөлбөр маань үр дүнгээ өгч, одоогийн байдлаар Тайландын нэг, Английн хоёр уран бүтээлч Монголд ирж, бүрэн хэмжээний уран сайхны кино зураг авалтаа хийхээр болсон. Цаашдаа гадаадын уран бүтээлчид Монгол Улсад кино хийх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг танилцуулга хийж байгаа. Бид үнэхээр сэтгэл хангалуун байна. Монгол Улсад 500 мянган ам.доллараас дээш төгрөгийн санхүүжилттэй кино бүтээл орж ирэхэд татварын буцаан олголттой болж байна. Засгийн газар, Соёлын яам, төрөөс кино урлагт ихээр анхаарч байна. Бид сууриа зөв тавьж, олон улсын хамтарсан кино төслүүдийг Монгол руу хөтлөх замтай болговол Засгийн газрын төсвийг бүрдүүлэх том байгууллагын нэг болох алсын хараатайгаар ажиллаж байна.
-Зарим уран бүтээлчдийн хувьд хуультай, зөвлөлтэй болсон ч салбарын хөгжилд ахиц гарна гэж хүлээхгүй байгаагаа илэрхийлж буй. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тэр бол хувь хүмүүсийн асуудал. Хамгийн гол нь Монголын кино урлаг хуультай болж, эрх зүйн суурьтай болсон. Энэ хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс аль болохоор бүх уран бүтээлчдээ дэмжих, техник тоног төхөөрөмж, дэд бүтцийн хувьд бүх асуудлыг шийдэхийг хичээж байна.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ