НЭМЭЛТ:
Дорнод аймаг руу цэрэгт татаж явсан цэрэг тээврийн машин хажуулдаж унасан талаарх мэдээллийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн өглөө.
Тэрбээр "Улс даяар аравдугаар сарын 14-24-ний өдрүүдэд цэрэг халагдах ажиллагаа болж байгаа. Өчигдөр /2022.10.17/ 14.00 цагийн үед ХХЕГ-ын харьяа 0306 дугаар анги Хэнтий аймгаас цэрэг татаж, Дорнод аймаг руу явж байсан. Машинд нэг офицер, нэг ахлагч, 15 цэргийн албан хаагч байсан. Түмэнцогт сумаас 40 километр газарт зам тээврийн осол гарсан. Осол гарсан шалтгаан нь машины рулийн аппарат хагарч, хажуулдсан. Машинд явсан дөрвөн цэргийн толгой хагарч, хоёр цэрэг гэмтэл авсан. Урьд шөнө манай эмнэлгийн яаралтай тусламжийн бүлэг газар дээр нь ажиллаж, Хэнтийн нэгдсэн эмнэлэг дээр үзлэг хийсэн. Хоёр цэргийн албан хаагч хүзүүний зөөлөн эдийн гэмтэл авсан. Цаашдаа тэр эмнэлэгтээ эмчлүүлэх боломжтой гэсэн.
Цэргүүдийг тээвэрлэж явсан машины хувьд 2008 онд Монголд орж ирсэн, Хятад улсад үйлдвэрлэсэн машин байсан. Ер нь цэрэг тээвэрт тэвштэй машин ашиглахыг сүүлийн үед хориглож буй. Нэгэн зэрэг олон тооны цэргийг халж, шинээр татах ажиллагаанд тээвэр хүрэлцэхгүй байгаа нь үнэн. Мөн өнгөрсөн Ням гаригт зургаан цэрэг тээвэрлэж явсан "Пургон" машин хажуулдаж, зургаан цэрэг явсан ч гэмтэл бэртэл аваагүй. Цэрэг тээврийн ажил онцгой ажил. Бид маш хариуцлагатай хандах ёстой. Гэсэн хэдий ч зам хол, хүйтэн болж байгаа учраас хээр хоноод явах тохиолдол ч бий. Хилийн застав дээр машин тэрэгний асуудал хүнд байгаа. Сүүлийн жилүүдэд бага багаар шийдвэрлэж байгаа. Ирэх онд хилийн заставын парк шинэчлэлийг хийх болов уу.
Нийт 170 гаруй заставтай. 1200 гаруй хуучны машинтай. Ихэнх машины ашиглалтын хугацаа дууссан. Өдөрт 6000 мянган хилчид хилийн манаанд явж байгаа. Ихэвчлэн явган, морь, тэмээтэй явдаг. Техникийн хүчин зүйл байгаа ч албан хаагчдын хариуцлагын асуудлыг авч хэлэлцэнэ. Эмнэлгийн машин бас цувааг дагаж явдаг. Осолдсон машины хувьд 30 километрын хурдтай явж байсан юм билээ. Цэргүүдийг хоёр цаг тутам хооллож, бие засна. Оройн 22.00 цагаас хойш явахгүйгээр тэр газраа хонодог. Цэргүүдийн ар гэрт мэдээлэл өгч, эмнэлэгт ирсэн. Цэргийн албан хаагч энэ жил өнжих хүсэлтэй бол буцаах шийдвэрийг гаргасан. Өнгөрсөн 2017 оны тооцооллоор 72 тэрбум төгрөгийг парк шинэчлэх шаардлагатай гэсэн. Ирэх онд 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвт суулгахаар ярьж байгаа" гэв.
ЦЭРЭГТ ТАТАГДСАН ЗАЛУУСЫГ ТЭЭВЭРЛЭЖ ЯВСАН МАШИН ОСОЛДЖЭЭ
Хэнтий аймгаас Дорнод аймагт цэрэгт татагдсан залуусыг тээвэрлэж явсан автомашин өчигдөр /2022.10.17/ Түмэнцогт сумын ойролцоо осолджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тухайн автомашинд 15 шинэ цэрэг, хоёр ахлагч, нэг офицер явсан гэх мэдээлэл байна. Тэдний зургаа нь ослын улмаас эмнэлэгт хүргэгдсэн байна.
Энэ талаар Дорнодын Цэргийн 0306 дугаар ангийн эмчээс тодруулахад, "Цэргүүдийн биеийн байдал сайн байгаа. Өчигдөр орой нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийгдээд, рентген зураг, ЭХО-д харуулсан. Ямар нэгэн ноцтой асуудал байхгүй" гэлээ.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Холбоотой мэдээ