"Хэрэглэгчид оройн цагаар эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

"Хэрэглэгчид оройн цагаар эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй"

"Хэрэглэгчид оройн цагаар эрчим хүчээ хэмнэх хэрэгтэй"

Сангийн сайд Б.Жавхлан УИХ-д 2023 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барих үеэрээ цахилгаан эрчим хүчтэй холбоотой дараах мэдэгдлийг хийсэн. Тэрбээр “Өрхийн тарифыг хэвээр үлдээж, аж ахуйн нэгжийн цахилгааны тарифыг чөлөөлөхөөр болж байгаа. Эрчим хүчний салбарын томоохон хөрөнгө оруулалтыг төсвөөс хийж байгаа. Байгууллагын тариф нэмэхийг төсвийн бодлогоор дэмжиж байна.

Тодруулбал, ус, дулаан, цахилгаанаа төсвөөс санхүүжүүлдэг төсвийн байгууллага дээр урсгал зардлыг нэмэгдүүлж тооцсон" гэсэн юм.

Тиймэс Эрчим хүчний зохицуулах хорооны үнэ тариф, зах зээлийн газрын дарга Б.Эрдэнэбулганаас тодруулга авлаа.

-Аж ахуй нэгжүүдийн цахилгааны тарифыг чөлөөлөх бодлогыг Засгийг газраас барьж байна. Айл өрхийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа шүү дээ. Ер нь аж ахуйн нэгжийн цахилгаан дулааны үнийг хэдээр нэмэх вэ? 

-Цахилгаан, дулааны үнэ тарифт өөрчлөлт оруулах асуудлыг 2021 оноос эхлэн манай хороо санал дэвшүүлж ирсэн. Тооцоо, судалгаагаа хийгээд саналаа танилцуулж явсан. Цар тахалтай тэмцэх хуультай зэрэгцээд энэ асуудал хойшилсоор одоо шийдэгдэх шатандаа явж байна. Ер нь бол цахилгаан, дулааны үнэ тариф 28 хувиар нэмэгдэх шаардлагатай байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед айл, өрхийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт оруулахгүй байхаар шийдэж байна. Нийт 696 мянган цахилгаан, эрчим хүч хэрэглэгч айл өрх, 286 орчим мянган дулааны эрчим хүч хэрэглэгч орон сууцны айл өрх тус тус байдаг. Энэ хэрэглэгчдийн цахилгаан дулааны үнийн тарифт өөрчлөлт орохгүй.

Одоогоор айл өрхийн цахилгаан, эрчим хүчний тарифт өөрчлөлт оруулах төлөвлөгөө байхгүй.

Харин аж ахуй нэгжийн цахилгаан, дулааны тарифт өөрчлөлт орно. Нийт аж ахуй нэгжийн дулааны үнэ 28 хувиар нэмэгдэхээр шийдэгдэж байгаа. Цахилгааны хувьд дараах байдлаар өөрчлөгдөхөөр төлөвлөгдсөн. Уул, уурхайн олборлох, боловсруулах аж ахуй нэгж гэсэн ангилал байдаг. Мөн энгийн аж ахуй нэгж гэсэн ангилал бий. Уул, уурхайн олборлох, боловсруулах аж ахуй нэгжийн ангиллын хэрэглэгчдэд энгийн хэрэглэгчдээс арай өндөр тариф тогтоодог. Энгийн аж ахуй нэгжийн тарифт дараах байдлаар өөрчлөлт орно.

Тухайн аж ахуй нэгжийн сарын эхний 5000 квт цаг цахилгааны тариф 14 хувиар, 5000-аас илүү гарсан цахилгааны хэрэглээний үнэ тариф нь 28 хувиар нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн сард 6000 квт цахилгаан хэрэглэвэл 5000 нь 14 хувиар нэмэгдсэн тарифаар, үлдсэн мянга нь 28 хувиар нэмэгдсэн тарифаар бодогдоно.

-Улсын хэмжээнд хэчнээн аж ахуй нэгж байгаа вэ?

-51 мянга орчим цахилгаан хэрэглэдэг аж ахуй нэгж байгууллага байгаа. Үүний 82 хувь нь буюу 41 мянга орчим нь 5000 хүртэлх хэрэглээтэй байдаг. Үүнд ихэвчлэн жижиг дунд бизнес эрхлэгчид, үйлчилгээний байгууллагууд багтдаг.

-Уул уурхайн аж ахуй нэгжүүдийн тарифыг хэрхэн зохицуулах вэ?

-Уул уурхайн хэрэглэгчдийн хувьд мөн хэрэглээний шаталсан байдлаар үнэ тарифт нь өөрчлөлт орно. Сарын 200 мянган квт цаг цахилгааны тариф нь 28 хувиар нэмэгдэнэ. Илүү гарвал 38 хувиар нэмэгдсэн тарифаар тооцно. Уул, уурхайн аж ахуй нэгжүүдийн ихэнх нь бараа бүтээгдэхүүнээ экспортоор гаргадаг, дэлхийн зах зээлийн үнээр арилжаалдаг учир өндөр дүнтэй байгаа юм.

Энэ удаад уул уурхайн аж ахуй нэгжүүдтэй ижил түвшинд банк, интернет, үүрэн холбооны бизнес эрхлэгчдэд, согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд тариф тогтоосон.

-Цар тахлын үед айл өрхийн цахилгаан, дулааны хэрэглээний зардлыг төр дааж байсныг өнгөрсөн зунаас цуцалсан. Харин гэр хорооллын айлуудад хүйтний улиралд үзүүлдэг шөнийн хөнгөлөлт байгаа юу, цуцлагдсан уу?

-Айл, өрхийн хувьд өмнө нь 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл цахилгаан, дулааны үнэ тарифт нь хөнгөлөлт үзүүлсэн. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд зөвхөн айл, өрхийн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлсэн. Энэ хөнгөлөлтүүд одоогоор зогссон. Тиймээс ямар нэг хөнгөлөлтгүй ердийн тарифаараа эрчим хүчний төлбөрөө төлнө.

Нөгөө талд 2017 оноос эхлэн гэр хорооллын айл өрхийн хүйтний улирлын орой, шөнийн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифт хөнгөлөлт үзүүлж байгаа. Энэ хөнгөлөлт Засгийн газрын тогтоолын дагуу үргэлжилж байна.

Өөрөөр хэлбэл, гэр хорооллын 220В хүчдлийн түвшний хэрэглэгчид сард 700 квт цаг цахилгаан, эрчим хүч, 380В хүчдлийн түвшний хэрэглэгчид сард 1500 квт цаг цахилгааны орой, шөнийн 100 хувийн хөнгөлөлтөд хамрагдаж байна. Харин илүү гарсан цахилгааныг нь 50 хувь хөнгөлж байна. Энэ хөнгөлөлтөд нийслэл Улаанбаатар хот, бүх аймгийн төвүүд, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрууд багтаж байна.

-Энэ жил эрчим хүчний хэт их ачааллаас болж  нийслэл тэг зогсож магадгүй гэсэн анхааруулгыг салбарын зарим хүмүүс хэлэх болсон. Улаанбаатарчууд өнөтэй өвөлжиж чадах уу, өвөлд хэр бэлтгэж байна?

-Эрчим хүчний хэрэглээ жил бүр өсч байгаа. Жилд 6 орчим хувиар цахилгаан, эрчим хүчний хэрэглээ өсдөг. Цар тахлын жилүүдэд төрөөс эрчим хүчний төлбөрийг чөлөөлсөн үед бүр 10 хувиар өсч байсан. Энэ жил л гэхэд өссөн хэрэглээ нь Монгол Улсад суурилагдсан хүчин чадлаас илүү гарчихсан. Эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орчихсон байна. Тиймээс эх үүсвэрийн дутагдалтай үед цахилгаан станцууд болон импортын шугамууд бүгд 100 хувь ажиллана гэсэн үг. Нөгөө талдаа хэрэглэгчид өвлийн улирал оргил цаг буюу оройн цагаар эрчим хүчнээ хэмнэх шаардлага гарсан. Хэрэглэгч, үйлдвэрлэгч хоёр хоёулаа л анхаарах цаг болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж