Украин НАТО-д элсэхгүй байж болзошгүй 5 шалтгаан

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Украин НАТО-д элсэхгүй байж болзошгүй 5 шалтгаан

Украин НАТО-д элсэхгүй байж болзошгүй 5 шалтгаан

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын 30-ны өдөр Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэнэ гэж зарласан. Энэ мэдэгдэлтэй холбоотойгоор Украин улс НАТО-ийн цэргийн эвсэлд элсэх хүсэлт гаргажээ. Одоогийн гишүүн орнуудаас Польш, Румын, Словак, Чех, Эстони, Латви, Литва, Монтенегро, Хойд Македон зэрэг улс энэ саналыг дэмжээд байна.

Гэхдээ НАТО-ийн тэргүүн Йенс Столтенберг дэмжихээс зайлсхийж, АНУ-ын аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан өргөдлийг хойшлуулах ёстой гэж мэдэгдэв.

Украин улс НАТО-д элсэхгүй байх таван шалтгааныг энэхүү нийтлэлээр онцолж байна.

ДАЙН УЛАМ ТЭЛЭХ ЭРСДЭЛТЭЙ

Нэгдүгээрт, Украин НАТО-д элсвэл дайны цар хүрээ улам өргөжих эрсдэлтэй. НАТО-ийн хамтын хамгаалалтын гэрээний тавдугаар зүйлд зааснаар нэг гишүүн орон халдлагад өртвөл бусдад нь ч бас халдсан гэж үзэж, холбоотондоо туслах ёстой аж. Тэгэхээр Украин улс Оростой дайтна гэдэг нь гэрээний тавдугаар зүйл хэрэгжинэ гэсэн үг юм. Түүнчлэн Польш зэрэг Оростой хил залгаа оршдог гишүүн орон фронтын шугам болж магадгүй юм.

Украинаас гадна Нордикийн орнууд болох Швед, Финланд хоёр НАТО-д элсэх хүсэлтээ наймдугаар сард гаргасан. Тиймээс НАТО тус улсуудад цэрэг, дэд бүтцээ байршуулж магадгүй гэж Орос үзэж буй. Байршуулсан тохиолдод зохих арга хэмжээг авна гэж Путин сүрдүүлсэн.

“Украиныг гишүүнээр элсүүлэх нь маш эрсдэлтэй. Энэ нь дайныг хар дарсан зүүд хувилбарт шилжүүлж магадгүй” гэж олон улсын улс төр, дайн ба тусгаар тогтнолын чиглэлээр мэргэшсэн профессор Жон Уильямс хэлжээ. Тэгвэл НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн даргын туслах асан Жэйми Ши “Эхлээд мөргөлдөөнийг эцэслэе. Одоохондоо гол асуудал бол Украины тусгаар тогтнолыг хадгалж, Оросын цэргүүдийг нутаг дэвсгэрээс нь гаргах явдал юм. Өнөөдрийн оройн хоолоо хийчихээд дараа долоо хоногийн хоолондоо санаа зовъё” гэж хэлсэн.

Энэ мэт Украин НАТО-д элсэх эсэх дээр тодорхойгүй байдал үүсч буй хэдий ч орох хаалга бүрмөсөн хаагдсан гэсэн үг биш юм. Дайн дууссаны дараа Украин эсвэлд нэгдэх боломжтой, ирээдүйд найдвартай гишүүн хэвээр байна.

УКРАИН НАТО-Д ЭЛСЭХ ШААРДЛАГАГҮЙ

“Euro news” хуудсанд онцолсноор НАТО аль хэдийнэ Украины өмнө үүрэг хүлээжээ. Тодруулбал, НАТО-ийн гишүүн орнууд Украинд хэдэн арван тэрбум еврогоор үнэлэгдэх цэрэг, санхүүгийн тусламж үзүүлсэн. Түүнчлэн тус эвсэл өөрөө ч асар их хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

“Бүх зэвсэг хангамж Украин руу урсаж байгаа нь тус улс хэдийнэ НАТО-ийн гишүүнчлэлийн аюулгүй байдлын баталгаатай болсон гэсэн үг. Заримдаа НАТО-д элсэхгүйгээр асар их ашиг тусыг нь хүртэх боломжтой” гэж Жэйми Шихэлсэн. Ингэж хэлэхдээ тэр Косовогийн жишээг дурдсан юм. Косовогийн дайн 1998 оны хоёрдугаар сараас 1999 оны зургадугаар сарыг хүртэл үргэлжилсэн. Эл дайнд НАТО хөндлөнгөөс оролцож, улмаар Югославын арми Косовог орхин гарч мөргөлдөөн дуусч байв.

Цөмийн аюулын хувьд ч ялгаагүй Украин НАТО-ийн ивээлд байна. “Орос улс Украинд цөмийн зэвсэг ашиглах ёстой” гэж Чеченийн удирдагч Рамзан Кадыров хэлсэн. Энэ мэдэгдлийн дараа АНУ хариу арга хэмжээ авна гэдгээ хатуу анхааруулсан. Тодруулбал, “АНУ Украин дахь Оросын цэргүүдийг устгаж, Хар тэнгис дэх флотыг бүхэлд нь живүүлнэ” гэж Тагнуулын төв газрын дарга асан Дэвид Петреус мэдэгдэж байв.

УКРАИН БЭЛЭН БИШ БАЙНА

НАТО-д элсэхийг хүссэн улс орнууд эдийн засаг, улс төр, цэргийн тодорхой стандартыг хангасан байх ёстой. Гэвч Украин энэ тал дээр хараахан бэлэн болоогүй байна. Профессор Уильямсын хэлснээр Украинд ардчилсан институци болон авлигатай тэмцэх үйл явцтай холбоотой асуудал бий гэв. “Украины сонгууль авлигад идэгдсэн. Тус улсыг орчин үеийн, либерал, ардчилсан Европын улс болгохыг шаардсан гудамжны томоохон эсэргүүцлийн жагсаалыг бид мартаагүй байна. Одоо Украины улс төрийн байгууллагуудад хийх ажил их бий. Энэ бол урт зам” гэж тэр хэлжээ. Нөгөөтэйгүүр барууны орнуудын техник хэрэгсэл, сургалтыг Украин тасралтгүй хүлээж авч буй тул үүн дээрээ тулгуурлаад НАТО-ийн шаардлагыг хангах боломж гарч магадгүй юм.

Украин улс Европын холбоонд элсэхийг оролдож буй ч мөн л дээрхтэй төстэй бэрхшээлтэй тулгараад буй. Украин тус холбооны стандартыг хангаж, хүлээлтэд хүрч чадах эсэх нь эргэлзээтэй.

НАТО-ИЙН ГИШҮҮН ОРНУУДЫН ДЭМЖЛЭГ

НАТО-ийн дүрмийн дагуу гишүүн орнууд бүгд зөвшөөрсөн тохиолдолд л эвсэлд шинэ гишүүн элсэх боломжтой. НАТО-ийн гишүүн 30 орон бий. Хэн нэг нь санал нийлээгүй тохиолдолд үйл явц тэр чигээрээ саатаж, тухайн улсыг бүр замаас нь гаргаж ч магадгүй юм. Швед, Финланд улсууд яг ийм хүндрэлтэй тулгарсан. Тэдний элсэх хүсэлтийг Турк эсэргүүцээд буй. Үүний нэгэн адил Украины гишүүнчлэлд саад болж магадгүй улсаар Унгарыг нэрлээд байна.

Украин ба Унгар нь хуурай газраар хиллэдэг. Украин дахь унгар хэлээр ярьдаг цөөнхийн эрх ашгийн талаарх маргаан удаан хугацаанд үргэлжилж буй. Тодруулбал, Украины 2017 оны боловсролын тухай хуулиар украин хэлийг улсын сургуулиудын сургалтын цор ганц хэл гэж тогтсон. Энэ шийдвэрээс хойш Унгар улс Украины олон улсын эвслүүдэд нэгдэх оролдлогыг удаа дараа хааж байжээ.

Унгарын ерөнхий сайд Виктор Орбан Орос руу чиглэсэн барууны стратегийг удаа дараа шүүмжилж, өөрийгөө Путины холбоотон гэж нэрлэсээр ирсэн.

СУРТАЛ УХУУЛГЫН ЯЛАЛТ

Украин НАТО-д элсэх нь Путинд суртал ухуулгын ялалт болох аж. Дайн эхэлснээс хойш НАТО Орост заналхийлж байна гэсэн байр суурийг Путин илэрхийлсэн. Энэ үгээрээ тэр Украин дахь дайнаа зөвтгөж буй юм. Тодруулбал, ОХУ-ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж буй энэ аюулаас Оросыг хамгаалж байна гэж тэр хэлдэг.

“Хэрвээ Украин НАТО-д нэгдвэл барууны цэргүүд болон баазуудыг Украины нутаг дэвсгэрт байрлуулах нь гарцаагүй. Энэ нь Путинд суртал ухуулгын томоохон түлхэц өгөх болно. Путин оросуудад НАТО-ийн аюул заналхийлэл байдаг гэдгийг итгүүлэхээр хичээж буй” гэж Жэйми Шихэллээ. Путины суртал ухуулгын ялалт буруу цагтаа ирлээ гэсэн яриа ч байна.

НАТО-ийн эрх баригчид болон барууны улстөрчид Украины дайн бол зөвхөн Киев, Москва хоёрын мөргөлдөөн гэдгийг нэг бус удаа мэдэгдэж байв. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден эвслийг Украины асуудлаарх мөргөлдөөний хөлд чирэхгүй гэж хэлсэн. Тэгвэл төв болон зүүн Европ дахь НАТО-ийн есөн орон Украины элсэх хүсэлтийг дэмжжээ. Оросыг одоо л зогсоохгүй бол дараагийн удаа тэднийг онилох вий гэж эмээж буй учир ийн хариу арга хэмжээ авахыг уриалаад байна.

Эх сурвалж: EURO NEWS, CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж