Эрүүл мэндийн салбарын шилдэг инноваци ба “Монгол геном”

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн салбарын шилдэг инноваци ба “Монгол геном”

Эрүүл мэндийн салбарын шилдэг инноваци ба “Монгол геном”

Монгол түмэн чухам юугаар дэлхийд сайн сайхнаар дуурсагдах вэ? гэх асуултад хүн бүр өөрсдийн үзэл бодлыг илэрхийлэх боломжтой. Харин шинжлэх ухааны хүрээнд үүнийг нотлон харуулна гэдэг чухал ажил. Тэгвэл энхэүү судалгааны ажлыг Монголын хэсэг эмч, хими судлаач, гени судлал сонирхогчид монгол хүний генийн донжийг (ГЕНОМ) тайлах ажилд баг хамт олон болон ажиллаж амжилтад хүрсэн байна. Энэхүү судалгааны ажлаар цаашид дэлхийн эдийн засагт оролцох монгол оролцооны үүд хаалга нээгдэж байгааг ч эрдэмтэд онцолсон юм.

Тиймээс эрүүл мэндийн салбарын инновацийн 2022 оны “Шилдэг технологи” шагналыг хүртсэн “Монгол геном” төслийн багтай ярилцлаа.

ХҮНИЙ БОДИСЫН СОЛИЛЦОО, УДМЫН САНЫН ГҮН РҮҮ НЭВТЭРЧ ЧАДСАН ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ

Анагаах ухааны доктор Ж.АМАРСАНАА:

-Сүүлийн 30 жилд Монголын эрүүл мэндийн салбарт гарч ирж байгаа хувьсгалын шинжтэй том технологи бол “Монгол геном” төслийн хүрээнд нэвтрүүлж буй генетикийн технологи. Зарим уншигчид ГЕН, ГЕНОМ ын ялгааг ойлгохгүй байгаа байх. Ген нь хүний удамшлын мэдээллийн нэгээхэн хэсэг бөгөөд дунджаар 10-15 мянган код агуулдаг бол Геном нь удамшлын бүх мэдээллийг агуулж дунджаар 3,2 тэрбум кодоос бүрдэнэ. Ген нь өөрөө геномын бүрэлдэхүүн хэсэг ба хүний геномд 22,000 гаруй ген багтдаг. Бид 2017 оноос хойш хүний геномыг бүтэн унших технологийг судалж Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Түүнээс хойш энэхүү технологийг нэвтрүүлэх, дэд бүтэц, хүний нөөц, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж зэргийг бүрдүүлж, 2019 оны арваннэгдүгээр сараас үе шаттай судалгаагаа эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар монгол эрдэмтэд, эх орондоо монгол хүний удмын мэдээллийг бүрэн унших боломжтой болсон төдийгүй гурван хүний геномыг уншаад байна.

Бидний нэвтрүүлж буй технологи хүний бодисын солилцоо, удмын санын гүн рүү нэвтэрч чадсан гэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, тэнгэрт олон тэрбум од байдаг шиг хүний эсийн гүнд олон тэрбум код агуулагддаг. Монгол геном төсөл нь  анагаах ухаан, хавдар судлал, биологи, генетик, байгаль орчин хамгаалах, нөхөн сэргээх, хүн судлал, газар тариалан, мал аж ахуй, хүнс судлал, вирус судлал, микробиологи, түүх гээд нийгмийн бүхий л салбарт хувь нэмрээ оруулах ач холбогдолтой. Тодруулбал, удамшлын өвчин, төрөлхийн гажигуудыг оношлох, цаашилбал эмчлэх боломж бүрдэнэ. Мөн хорт хавдрын генийн өөрчлөлтийг өндөр нарийвчлалтай тодорхойлох боломжтой гэдгээрээ чухал ач холбогдолтой. Ингэснээр монголчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг хорт хавдрын эмчилгээнүүдэд сонголт хийх боломж бүрдэх юм. Монгол Улсад одоогоор хийж эхлээгүй байгаа дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэх аргыг нэвтрүүлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болж байна гэсэн үг. Бид гадаагшаа өвтөнөө явуулах биш эх орондоо эмчилдэг болно.

Хамгийн чухал нь хувь хүнд тохирсон анагаах ухааныг хөгжүүлэх суурь бүрдэнэ.

Монгол хүний эрүүл мэндийн онцлогийг тодорхойлоход томоохон хувь нэмэр оруулах юм. Энэхүү технологи нь хувь хүний бодисын солилцооны онцлог, оюуны болон бие мах бодийн биологийн чадамжууд, дархлааны онцлог, өвчлөл, стресс , хордлого даах чадвар гэх мэт олон шинж чанарыг нарийн тодорхойлох боломжтой.

Орчин цагийн анагаах ухаан хүн бүр хоорондоо ялгаатай, ижил эмчилгээнд янз бүрээр хариу урвал өгдөг, ижил вирусээр халдвар авахад зарим нь хүндээр өвдөж нас барахад зарим нь хамрын ханиад төдий тусаад өнгөрдөгийн учрыг генетикийн шинжлэх ухааны ачаар гүнзгий ойлгож байна. Хүн бүрт тохирсон эмчилгээ байх ёстой юм байна. Үүнийгээ хувь хүнд тохирсон анагаах ухаан гэж нэрлээд байгаа. Харин Монголын уламжлалт анагаах ухаанаар бол энэ ухагдахуун анхнаасаа маш зөвөөр тайлбарлагдсан байдаг. Жишээ нь аливаа эмийг хүн бүрт тохируулж өгөх ёстой гэж маарамбууд үздэг байсан. Орчин цагийн хорт хавдрын бай эмчилгээ энэ зарчмаар хийгдэж эхэлсэн. Хорт хавдар бүр генетикийн хувьд ялгаатай. Ингэснээр эпигенетикийн шинжлэх ухаан Монгол Улсад хөгжих суурь тавигдаж байна. Генийн кодыг тайлснаар бүхнийг тайлбарлах боломжгүй. Зөвхөн генийн дарааллаар тайлбарлах боломжгүй биологийн онцлогийг эпигенетик гэдэг. Маш энгийнээр тайлбарлахад булчингийн эс, өөхний эс хоёр  генетикийн хувьд адилхан боловч харагдах байдал биофизикийн шинж чанараараа тэс өөр шүү дээ. Генийн мэдээллийг удирдаад улмаар өөр өөр хэв шинж бий болгоод байгаа тэрхүү хүчин зүйлийг судлах шинжлэх ухааныг эпигенетик гэдэг юм. Энэ технологиор эпигенетикийн чухал төлөөлөл болох “генийн метилжилт”-ийг судлах боломж нээгдэж байгаа юм.

Энэ шинжлэх ухааны дэвшлийг Монголын анагаах ухаанд нэвтрүүлэх шаардлагатай учраас Монгол хүний геномын нуклеотидийн дарааллын бүрэн тодорхойлох ёстой.

“Монгол геном” төслийн зорилго нь Монгол хүний геномын нуклеотидийн дарааллыг бүрэн тодорхойлох юм. Энэ технологийн платформ өргөн хүрээнд нэвтэрснээр:

  • Монгол хүний гарал үүслийг гүнзгий судлах
  • Чингис хаан судлалд генетикийн аргаар шинэ баримт, нотолгоо бий болгох
  • Дэлхийд бүртгэгдээд байгаа 25,000 гаруй төрөлхийн өвчин гажгуудаас оношлох боломж бүрдэнэ
  • Хорт хавдрын мутацийн хэв шинж, ачааллыг тодорхойлно
  • Хорт хавдрын эмчилгээний сонголт хийх боломжийг бүрдүүлнэ
  • Монгол улсад дархлааны эсээр хорт хавдрыг эмчлэхэд шаардагдах тулгуур технологиудын нэг бий болно.

Эдгээрээс гадна Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудал хэмээн яригдаад байгаа цус ойртолтыг маш өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох боломж бүрдэнэ.

ХАВДАРТАЙ ХҮМҮҮС ОНОВЧТОЙ ЭМЧИЛГЭЭНИЙ ХУВИЛБАРЫГ ОЛОХ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

“Монгол геном” төслийн багийн гишүүн био судлаач, хавдрын химийн эмч Э.Цэнд-Аюуш:

-Хорт хавдрын тухайд гэвэл: Юуны өмнө хорт хавдар нь генийн гэмтлээс гаралтай өвчин гэдгийг маш сайн ойлгож авах хэрэгтэй. Хорт хавдар нь хүний биеийн эсийн хуваагдал үндсэн дөрвөн үе  шаттайгаар явагддаг бөгөөд эсийн хуваагдлыг эрчимжүүлэх, дэмжих (Oncogen) эсвэл дарангуйлах (Tumor suppressor) үүрэг гүйцэтгэдэг уургийг нийлэгжүүлдэг генийн дараалалд өөрчлөлт орсноор эсийн хуваагдлыг дэмжих уургууд ихээр үүссэнээс болж мөн эсийн хуваагдлыг дарангуйлах генийн үйл ажиллагаа алдагдаснаас эс хяналтгүйгээр олноор хуваагдаж, томорч, эсийн хяналтгүй ургалт гэдгийг эхний ээлжинд ойлгох хэрэгтэй байх.

Харин энэхүү төслийн үр дүнд: Оношлогдсон хорт хавдрын төрөл болон генийн дарааллад орсон өөрчлөлтөөс хамаараад олон улсад судлагдсан хими, бай, туяа, дархлалын эмчилгээний хамгийн оновчтой буюу үр дүн сайтай байгаа хувилбарыг зөвлөх боломж нээгдэж буйгаараа ач холбогдолтой. Мөн, хүмүүс урьдчилан сэргийлэх байдлаар шинжилгээнд хамрагдвал бүх эрхтэн тогтолцоонд ямар нэг асуудал үүсч болзошгүй, хавдар үүсэх эрсдэлтэй зэрэг бусад маш олон төрлийн мэдээллийг авах боломжтой, энэ төрлийн шинжилгээг Монголдоо хийлгэх боломжтой болох юм. Ингэснээр хавдрын ургалтыг идэвхжүүлж буй гол шалтгааныг мэдэхийн тулд ДНХ-ийн дарааллыг судлан өөрчлөлтийг илрүүлж, хавдар үүссэн үндсэн шалтгааныг илрүүлэх боломж нээгдэнэ гэсэн үг. Мөн генийн дараалалд ямар нэгэн өөрчлөлт орж, хүний биед хавдар үүсэх үндсэн нөхцөл бүрдсэн байгаа эсэхийг илрүүлэх бас боломжтой. “Монгол геном” төслийн нэвтрүүлсэн технологи хүний генийн дарааллын мэдээлэлд тулгуурлаж өндөр ач холбогдолтой мэдээллүүдийг олох боломжтой.

Энэ мэдээллийг мэдэж авснаар хавдраар өвчлөхөөс сэргийлэх, өвдсөн тохиолдолд зөвхөн өөрийн биед тохирсон эмчилгээг сонгох боломжийг нэмэгдүүлэх юм .

Хавдрын эмчилгээний хувьд Монгол Улсад хийгдэж байгаа нь мэс засал, хими, туяа гэсэн үндсэн гурван эмчилгээтэй. Хими эмчилгээний тухайд үндсэн хоёр төрлөөр хийгдэж байна. Эхнийх нь үндсэн хими эмчилгээ, нөгөө нь бай эмчилгээ. Монголд одоогийн байдлаар ЭМД-аар нийт 30-аад төрлийн хими, 8-н төрлийн бай эмчилээг хийж байгаа бөгөөд төслийн үр дүнд эмчилгээний сонголт илүү баялаг болох юм .

ЭНЭХҮҮ ТЕХНОЛОГИЙН ХУВЬД ЗӨВХӨН ХҮН, АМЬТНААС ГАДНА ХҮНСЭНД Ч ХАМААРАЛТАЙ

Биологич, докторант Г.Эрдэнэбаяр:

-Монгол ген гэж массын тодорхойлолт гаргахын тулд энэ технологиор дунджаар Монгол хүнийг төлөөлөхүйц тооны хүний генийг судалж тогтоох шаардлагатай. Тэр тоо нь жишээ нь 1000 байж болно. Биологи талаас авч үзвэл монголд олон төрлийн амьтан, ургамал бий. Эдгээр төрөл зүйл бүр дээр өмнө нь судалгаа, шинжилгээ хийж чадаагүй. Ганцхан жишээ татахад нэн ховордоод буй мазаалай баавгайн генетикийг судлахад гадаадын эрдэмтэдтэй хамтарч, олон улсын хүрээлэн рүү явуулж байсан. Харин одоо “Монгол геном” төслийн хүрээнд нэвтрүүлж байгаа инновацийн тусламжтайгаар генетикийн судалгааг монголдоо хийх бүрэн боломжтой боллоо.Хөгжингүй улс орнууд биологийн төрөл зүйлийнхээ генетикийн судалгааг хийж, дата бааз бүрдүүлсэн байдаг. Ингэснээр тухайн амьд биет устаж үгүй боллоо гэхэд сангаас мэдээллийг авч сэргээх боломжтой.

Бидний хувьд одоо ямар дэмжлэг хүсч байгаа вэ? гэхээр санхүү. Аливаа шинжлэх ухааны бүтээгдэхүүнийг үйлчилгээнд нэвтрүүлэхэд тодорхой хэмжээний өртөг зардал шаардана.

Харин манай төслийнхний хувьд хэн нэгнээс ямар нэгэн санхүүжилт хүсэхээс илүүтэй шинжлэх ухааныг дэмжиж буй бүх нэгжтэй хамтран ажиллахад бэлэн. Үүнд зөвхөн Эрүүл мэндийн яам хамаарахгүй. Энэхүү технологийн хувьд зөвхөн хүн, амьтнаас гадна хүнсэнд ч хамааралтай. Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг илүү нарийн таних, илрүүлэх боломж бүрдэнэ. Нэн ховор, ховор амьтан, ургамалыг геномын мэдээллийг уншиж тогтоох, хадгалах боломжтой болно. Жишээ нь, мазаалай, ирвэс, монгол бөхөн, тахь, хавтай, алтан гагнуур, зүүн гарын гоёо зэрэг амьтан ургамлын ген фонд бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Хурдан морь, ямаа, малын үүлдэр угсааг судлах, сайжруулахад хувь нэмэр оруулна. Гэмт хэргийн илрүүлэлт, шүүх эмнэлгийн зарим асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэнэ. Цар тахал, хоруу чанартай вирус, бактерийн мөн чанарыг таньж, оношилгоо, эмчилгээг боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдгээр онцлог. Эпигенетикийн шинжлэх ухааныг Монгол улсад хөгжих суурь тавигдсанаар эх орондоо, ховордсон амьтан, ургамлыг геномийн мэдээллийг уншиж тогтоох ч бүрэн боломжтой.

МОНГОЛ ХҮНИЙ ГЕНИЙН ДОНЖ ӨВӨРМӨЦ ОНЦЛОГТОЙ

“Монгол геном” төслийн зөвлөх, химич, техникийн ухааны докторант Б.Төмөрчулуун:

-Хүний хувьд нарийн судлагдаагүй зүйл бол тархи, Түүгээр ч зогсохгүй ген гэж юуг хэлж байгаа, молекул гэж юу болохыг нарийвчлан судалдаг. Тэгэхээр хүн бол тэр чигтээ амьд дата. Тэрхүү датаг хадгалахаас гадна өвлүүлдэг. Өвлүүлэхдээ маш өвөрмөц байдлаар үр удамдаа удамшлуулдаг гэсэн үг. Ингэхдээ эцэг, эхийн генээр дамжуулж хүүхдэд удамшлын шинж тэмдгүүд илэрнэ. Эрдэмтэд генийн инжинерчлэлээр зарим удамшлын өвнийг эмчлээд эхэлчихсэн шүү дээ.

Хэрэв аливаа амьд бие, хүнсэн дээр ямар нэгэн байдлаар генийн инженерчлэл, өөрчлөлт хийсэн бол хүн түүнийг идэх зохимжгүй.

Тиймээс зөв бүтэцтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх ёстой. Эдгээр үндсэн нөхцлөөс хамаарч удамшлын үндсэн хэсгийг агуулдаг ген, молекул генийн инженерчлэл, геном судлал гээд явж байгаа. Энэ зүйл рүү эрдэмтэд, судлаачид баг болж ажиллаж байгаа нь дэлхий бусад улс оронд хэдийнэ нэвтрүүлсэн зүйлийг монголдоо анхлан бий болгох зорилготой. Монгол хүн ямар гентэй, хэчнээн төрлийн нуклеотидоос бүрдэж байгаа зэргийг тайлна. Генийн дараалал тогтоож, үүний дараагаар оношилгоог хийх боломжтой. Удамзүйг судалснаар эрүүл мэндийн нөхцөл байдал, хэдэн насандаа нас барах зэргийг хүртэл тооцоолж чадна. Ингэснээр генийн донж төрхийг тодорхойлж, аливаа цар тахал, өвчин эмгэгийн эрсдэлээс сэргийлэх боломжтой юм.

Хүн өөрийн генийн донж, удам судраа мэддэг бол урт наслахад асуудалгүй.

Өөрөөр хэлбэл, генийн донжоо мэддэг хүн амьдралын хэв маягтаа ч анхаарч, өөрт байгаа датагаа бүрэн ашиглаж чадна. “Монгол геном” төсөл хүний дараагаар ургамал тэр дундаа самрын генийн дарааллыг тогтоохоор зорьж байна. Монгол Улс дэлхийд мэдлэгийн эдийн засгаар гарахад үндсэн хүчин зүйл нь генийн донж байх болов уу. Гэхдээ зөвхөн хүний генийн донжоор биш амьтан, ургамлын онцлог датагаар ч бид олон улсад гайхагдах боломжтой.

Хүн байгалийн бүтээгдэхүүн. Монголчууд тэр дундаа унаган байгаль дээр оршиж буй учраас генийн донж, IQ, EQ маш өндөр зэрэглэлд хамаардаг.

Тиймээс энэ өндөр чадамж, датаг дэлхийд таниулахад технологийг нэвтрүүлж байна. Одоо бидэнд юу тулгамдаж байна гэхээр тодорхой хэмжээний дэмжлэг. Өртөг зардлын хувьд өндөр учраас хөгжиж буй орны хувьд төр засгаас үүнд анхаарахыг хүсч байна. Хайгуулаар зүйрлэвэл үүнийг ингэж хийдэг юм байна гэдгийг манай багийнхан гаргасан. Тиймээс цаашид энэ хайгуулыг хийх боломжийг өргөн хүрээнд бий болгох шаардлагатай. Цаашид ген, генийн инжерчлэл, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнээр дагнаж судлах зайлшгүй шаардлагатай.

Монголчууд хүнсээ буруу сонгож хэрэглэж байгаагаас олон янзын өвчлөлд өртөх нь ихэссэн. Тиймээс генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнийг амьдралдаа хэрэглэж хэвших хэрэгтэй.

Энэ судалгаа хангалттай хийгдэж чадахгүй байгаа учраас сүүлийн 30 жилд маш олон төрлийн хоруу чанартай бүтээгдэхүүнийг бид хүнсэндээ хэрэглэж ирсэн. Үүнд өөрчлөлт хийж, хүн өөрийн генд тохирсон, датад хамаарах зөв зохистой хүнсийг хэрэглэж урт наслах боломжтой. Тиймээс “Монгол геном” төсөл цаашид үргэлжлэх нь олон эерэг үр дүнтэй.

Цөөхөн Монголчууд Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилтаас булаацалдан байж хүртэх ёстой.

Энэ удаад Монгол хүний генийн донжийг тайлав. Удаах маш сонирхолтой зүйл бол монгол орны ургамал амьтны генийн донж бидний анхаарлыг ихэд татаж байна. Ялангуа Хуш модны самар. Тиймээс сүүлийн үед хүчээ аваад байгаа Хушхан брэндийн хамт олны бүтээл самарны генийн донжийг тогтоохоор ажиллах бэлтгэлээ хангаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж