Ши Жиньпин бүгдийн дарга хэвээр үлдэнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.19-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин бүгдийн дарга хэвээр үлдэнэ

Ши Жиньпин бүгдийн дарга хэвээр үлдэнэ

Хятадыг АНУ-тай өрсөлдөж, дэлхийн давамгайлагч хүчин болгохын тулд Коммунист намын Ардын их хурлын төлөөлөгчид Ши Жиньпиний бүрэн эрхийг гурав дахь удаагаа сунгахаар хуралдаж байна. Ингэснээр Ши Жиньпин Хятадын улс төрийн уламжлалыг шинэчилж, дэлхийн хамгийн хүчирхэг удирдагчдын нэг болох статусаа бэхжүүлэх юм. Намын 20 дугаар их хурал өнгөрсөн Ням гаригт эхэлсэн бөгөөд бүтэн долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ.

Өдгөө 69 настай Ши Жиньпин 2012 онд Хятадын төрийн зөвлөлийн даргаар анх томилогдсон бөгөөд үргэлжлүүлэн бүрэн эрхээ таван жилээр сунган ажиллаж байгаа.

Харин ирэх хавар болох Бүх Хятадын ардын их хурлаар гурав дахь удаагаа бүрэн эрхээ сунгаснаар Ши Жиньпин нас бартлаа даргаар үлдэх нөхцөл бүрдэж буй юм.

Тэрбээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятадын төрийн эрхийг барихдаа нэр нөлөөгөө дотоодод төдийгүй олон улсад тогтоож чадсан.

Энэ долоо хоногт үргэлжлэх намын их хурлаар бодлого гаргагч Төв хорооны 200 гишүүнийг сонгоно. Төв хороо нь эргээд намын Улс төрийн товчоонд элсэхээр 25 хүнийг сонгон шалгаруулж, энэ гүйцэтгэх засаглалын нэг төрлийн дотоод тойрог болно. Дараа нь эдгээр 25 хүн Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд Ши Жиньпин тэргүүтэй намын элит долоон гишүүнээс бүрдсэн Улс төрийн товчооны байнгын хороог сонгоно.

Австралийн академич Жереми Барме хэлэхдээ, “Ши Жиньпин бүгдийн дарга хэвээр үлдэнэ” гэсэн юм. Ши Жиньпин өдгөө Хятадын төрийн дээд гурван албан тушаал хашиж буй.

Тодруулбал, Хятадын Коммунист намын дарга, Ерөнхийлөгч – Төрийн зөвлөлийн дарга, Зэвсэгт хүчний командлагч – Хятадын Төв цэргийн комиссын даргын албан тушаалыг хашдаг.

ХУУЛБАРЛАГЧААС ШИНИЙГ САНААЧЛАГЧ ҮНДЭСТЭН БОЛНО

Хятад нь олон улсыг тэргүүлэгч технологийн шинийг санаачлагч болохын тулд шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик тооцоололд илүү их хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Ши Жиньпиний удирдлага дор Хятад нь биотехнологи, санхүү, дэвшилтэт програмчлал, робот, хиймэл оюун ухаан, сансар судлал, цахим аюулгүй байдал зэрэг технологийн дэвшилтэт салбаруудад хуулбарлагчаас шинийг санаачлагч улс болох том зорилгыг хэрэгжүүлж байна. Улмаар 2012 онтой харьцуулахад өнгөрсөн онд Хятадад шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн чиглэлээр дээд боловсрол эзэмших иргэдийн тоо 30-60 хувь болж өсчээ. Тэгвэл 2025 он гэхэд дээрх чиглэлээр докторын зэрэг хамгаалах хятад оюутнуудын тоо АНУ-ыг давж гарах тооцоог гаргасан байна.

ТАЙВАНИЙГ ЭРГЭН НЭГТГЭХ БА ЦЭРГИЙН ЗАРДАЛ

Тайванийг эх газарт эргэн нэгтгэхээ амласан ба ингэхдээ хүч хэрэглэхгүй гэж амлалт өгч чадахгүй гэсэн юм. АНУ-ыг эс тооцвол Хятад улс аль ч орноос илүү их мөнгийг цэргийн зардалд төсөвлөж буй. Тухайлбал, Хятад улс өнгөрсөн онд 240 тэрбум ам.долларыг цэргийн зардалд төсөвлөсөн байна. Харин АНУ-ын 2021 оны цэргийн нийт зардал 801 тэрбум ам.доллар. Хятад нь гадаад дахь анхны цэргийн баазаа 2017 онд Африкийн Джибути улсад байгуулсан. Олон улсын тэнгист АНУ нь нисэх онгоц тээвэрлэгч 11 хөлөг онгоцтой бол Хятадад хоёр бий.

Хятадын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалахын төлөө эдийн засгийн өсөлтийг сааруулж болно гэсэн. Дэлхийн банкны мэдээллээр Ши Жиньпинийг анх гарч ирэхэд Хятадын эдийн засгийн жилийн өсөлт 7.9 хувь байсан бол жилээс жилд буурсаар 2020 онд ДНБ-ны өсөлт 2.2 хувьд хүрч унасан. Гэхдээ Хятадын эдийн засаг ДНБ-ний хэмжээгээр авч үзвэл 2012 онд 8.5 их наяд ам.доллар байсан бол 2021 онд 18 их наяд ам.долларт хүрсэн. АНУ өдгөө дэлхийн хамгийн том эдийн засаг хэвээр байгаа боловч хэр удаан энэ байр сууриа хадгалах нь эргэлзээтэй.

АНУ-ХЯТАДЫН ХАРИЛЦААНЫ ӨӨРЧЛӨЛТ

Ши Жиньпинийг анх Хятадын төрийн эрхэнд гарч ирэхэд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн бүрэн эрхийн хоёр дахь жил байсан. Тухайн үед Бээжин нь Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай бүсэд хяналтаа нэмэгдүүлж, бусад улсуудын эзэмшиж буй жижиг арлууд дээр цэрэгжүүлсэн заставуудыг байгуулж, худалдааны асуудлаас болж АНУ-тай маргаантай байснаас Бээжингийн талаарх америкчуудын сөрөг хандлага нэмэгдэж байв. АНУ, Хятадын харилцаа Ерөнхийлөгч Дональд Трампын үед эхлээд сайжирч байсан ч худалдааны сөргөлдөөнөөс болж нөхцөл байдал хурцадсан. Үүн дээр Уханьд “COVID-19” цар тахал гарч, Хятадын хүний эрхийн зөрчлүүдээс үүдэн 2022 онд Бээжинг сөргөөр харах америкчуудын тоо 82 хувьд хүрч, 10 жилийн өмнөхөөс 42 хувиар нэмэгджээ.

ХҮН АМЫГ ӨСГӨХ БОДЛОГО БАРИМТАЛЖ ЭХЭЛСЭН

Ши Жиньпин төрийн эрхэнд гараад нэг жил болсны дараа Хятад нь хүн амын өсөлтийг хязгаарласан “нэг хүүхэд” бодлогоо зөөлрүүлж эхэлсэн. Өдгөө хятад гэр бүлүүд гурван хүүхэдтэй болох боломжтой болсон ч хүн амын өсөлт Ши даргын санасан хэмжээнд хүрээгүй. Хүн амын өсөлтийг хязгаарласан бодлогоо цуцлаад бүтэн 10 жил болж байгаа ч 2021 онд төрөлт маш бага хэвээр буюу ердөө 0.07 хувийн өсөлт ажиглагджээ. Төрөлт энэ хэвээр үргэлжилбэл Хятадын хүн ам жил бүр 1.1 орчим хувиар буурсаар 2100 он гэхэд 1.4 тэрбумаас 587 саяд хүрч буурах тооцоог Шанхайн Нийгмийн шинжлэх ухааны академи тооцоолжээ. Хүн амын өсөлт бага байх нь хөдөлмөрийн зардал өсөх, эдийн засгийг сааруулах хүчин зүйл болно гэж судлаачид онцолж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж