Цахим залилангийн эсрэг Тайвань анхаарлаа хандуулж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.17-нд нийтлэгдсэн

Цахим залилангийн эсрэг Тайвань анхаарлаа хандуулж байна

Цар тахлын дараах эрин үед хил дамнасан цахим залилан, луйвартай тэмцэх үйл хэргийн хүрээнд олон улсын хамтын ажиллагаан дахь Тайваний оролцоо улам бүр идэвхжиж байна.

Цар тахлын дараах эрин үед ихэнх хүмүүсийн амьдрал интернэт сүлжээтэй ихээхэн холбоо хамааралтай болсон. Ажил үүргээ гүйцэтгэх, суралцах, худалдан авалт хийх зэрэгтэй холбоотой бүхий л онлайн санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан гэмт хэргийн бүлэглэлүүд арга саам ашиглан, амар хялбар аргаар мөнгө олохыг санаархах болсон нь цагдаагийн албан хаагчид хэргийг шалгахад илүү хүндрэл учруулж байна.

2021 оны байдлаар Тайваньд залилангийн гэмт хэргийн улмаас иргэдэд нийт 5.61 тэрбум Тайвань долларын хохирол учирсан байна. Үүнээс үзвэл залилангийн гэмт хэргийн улмаас улс орны эдийн засагт хэдий хэмжээний хохирол учирч буйг харах боломжтой.  Дэлхийн бусад улс орнуудад ч мөн ижил хүндрэл бэрхшээл тулгарч буй нь дамжиггүй юм.

Сүүлийн үед залилан мэхлэх гэмт хэргийн төрөл зүйл улам бүр олширч, арга нь нарийсаж, залилан мэхлэх арга хэлбэрүүд ч шинэчлэгдэж, орчин үед зах зээлд ихээхэн дэлгэрч байгаа виртуал валютууд ч луйврын бай болж, хохирогчид их хэмжээний хохирол амссаар байна. Тайваний цагдаагийн албан хаагчид залилангийн олон хэргийг шийдвэрлэх явцдаа гэмт этгээдүүдийн ашигладаг серверүүд, төлбөрийн данснууд эсвэл виртуал валют арилжааны платформууд нь Тайваний хилээс гадуур хилийн чанадад байрладаг байх гэсэн бэрхшээлтэй нүүр тулгардаг ба нөгөө талаараа залилуулсан мөнгөн гүйлгээг хохирогчид цаг тухайд нь зогсоох боломжгүйгээс гадна сэжигтнийг таслан зогсооход хүндрэлтэй байдаг байна.

Гадаадын улс орнуудын хувьд залилан мэхэлсэн мөнгө болон бусад хууль бус мөнгөн гүйлгээг тухайн улс руу шилжүүлэх нь мөнгө угаах, татвараас зайлсхийж буй явдал бөгөөд энэ нь үндэсний санхүүгийн хяналтыг доголдуулаад зогсохгүй улс орны засгийн газрын эрх мэдлийг сулруулж болзошгүй юм. Дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагууд Тайваний цагдаагийн байгууллагатай хамтран ажилласнаар хохирогчдын тоог бууруулаад зогсохгүй улс орнуудын засгийн газрын засаглалын үр нөлөөг дээшлүүлэхэд тус дөхөм болно гэдэгт бид итгэлтэй байна.

Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой виртуал валютын гэмт хэрэгтэй үндэстэн дамнан хамтран ажиллаж, таслан зогсоох нь

“Өндөр эрсдэлтэй, өндөр өгөөжтэй” шинж чанартай виртуал валютын луйвар хөрөнгө оруулалтын зах зээл дээр газар авсаар байна. Үүний зэрэгцээ олон нийт, иргэд виртуал валютын үйл ажиллагааны механизмын ойлголт хангалтгүй байгаа улмаас энэ төрлийн хөрөнгө оруулалтыг залилангийн бүлэглэл маш түгээмэл ашиглах болсон.

Саяхан Тайваний цагдаагийн албан хаагчид виртуал валют ашиглан мөнгө угаадаг гэмт хэргийн бүлэглэлүүдийн үйлдэж буй гэмт хэргийн дийлэнх нь хөрөнгө оруулалтын шинж чанартай залилангийн гэмт хэргүүд байгааг тогтоожээ. Хохирогчдыг залилангийн бүлэглэлүүд хууран мэхэлж, хуурамч хөрөнгө оруулалтын платформын гишүүнээр элсүүлдэг байна. Хэрэглэгч тодорхой дүнтэй ашиг хүртэн, мөнгө хүлээн авах хүсэлт гаргахаас өмнө залилан мэхлэгч хэрэглэгчийг ашгийнхаа 10-20 хувьтай дүйцэх татвар төлөхийг шаарддаг. Хэрэглэгч заасан татварыг төлж, төлбөрийг шилжүүлсэн хэдий ч залилангийн бүлэглэлүүд мөнгөн төлбөр хүлээн авахаас өмнө гүйлгээний шимтгэлийг төлөх ёстой гэх мэтээр олон төрлийг шалтаг шалтгаан тоочин, хэрэглэгчдийг үргэлжлүүлэн төлбөр төлөхийг шаарддаг байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд гэмт хэрэг үйлдэх арга барилаа хэдийн өөрчилсөн ба хувь хүмүүсийн дансыг худалдан авч, үүгээрээ дамжуулан виртуал валютын түрийвч ашиглах болсон нь мөнгө хүлээн авах үед цагдаад баригдах эрсдэлийг бууруулж байна.

Гэмт хэргийн бүлэглэлүүд бодит хүний жинхэнэ нэрээр баталгаажуулалт хийдэг системийг ашиглан виртуал валют арилжааны данс нээлгэн, хохирогч гэмт хэргийн бүлэглэлийн заасан данс руу мөнгөн гуйвуулга шилжүүлсний дараа залилангийн бүлэглэлүүд тэр даруй тэрхүү мөнгөн гуйвуулгыг хэд хэдэн удаа дамжуулан шилжүүлдэг төдийгүй хамгийн сүүлд нь тухайн мөнгийг хүйтэн түрийвч буюу cold wallet-д хадгалаад, дараа нь бусад биржээр дамжуулан хууль ёсны төлбөрийн хэрэгсэлд шилжүүлдэг. Криптовалютын түрийвчийг мөнгө угаах арга хэрэгсэл болгон ашиглахад хялбар байдаг. Учир нь хэрэглэгчийг баталгаажуулах шаардлагагүй байдгын зэрэгцээ шилжүүлэг хийх гүйлгээний дүнд хязгаар тогтоодоггүй. Хохирогчид, гэмт этгээдүүд болон гэмт хэргийн байршлын ихэнх нь өөр өөр улс оронд байрладаг төдийгүй нийтлэг шинж чанар нь хууль бус орлогоо нууж, дараа нь мөнгө угаахад чиглэдэг. Одоогийн байдлаар зөвхөн үндэстэн дамнасан хамтын ажиллагаагаар л гэмт хэргийн энэ хэлбэртэй нарийн тэмцэх боломжтой юм.

Хүний наймааны гэмт хэрэгтэй холбоотой залилангийн бүлэглэлээс ард иргэдээ хамгаалахын тулд цагдаагийн байгууллага бүх хүчээ дайчилна

Цар тахлын улмаас цомхотголд орсон ажил хайгчид олширч байгаа улмаас залилангийн бүлэглэлүүд дэлхий даяар сүлжээ байгуулж олон тооны хүмүүсийг интернэтээр дамжуулан “амар хялбар ажил хөдөлмөр”, “санхүүгийн эрх чөлөөнд богино хугацаанд хүргэх” гэх мэт үгсээр татан элсүүлэх болсон. Эхэндээ тогтвор суурьшилтай, хууль ёсны ажлын байраар хангана гэсэн баталгаа өгдөг хэдий ч тухайн ажил хийх газраа очсоны дараа залилан мэхлэхтэй холбоотой хууль бус хөдөлмөр, эсвэл хүлээлтээс тэс өөр ажил гэдгийг ойлгодог. Тэр ч байтугай гадаад паспортыг нь хурааж авч, хувь хүний эрх чөлөөг хязгаарлаж, эсэргүүцсэн тохиолдолд хүч хэрэглэн зодож, өөр бусад хууль бус компаниудад худалддаг. Хэрвээ ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргавал залилангийн бүлэглэлээс хохирол барагдуулах өндөр мөнгөн дүнтэй нөхөн олговор шаардаж эсвэл биеийн эд эрхтэнээрээ хохирол барагдуул гэж айлган сүрдүүлдэг.

Хүний наймааны гэмт хэрэг бол дэлхийн хэмжээнд шийдвэрлэх ёстой хүний эрхийн ноцтой асуудлын нэг бөгөөд залилангийн бүлэглэлүүд интернэтийн сүлжээг ашиглан дэлхийн өнцөг булан бүрээс өөр өөр улс орны иргэдийг элсүүлж, залилан мэхлэх сүлжээгээрээ дамжуулан хууль бус үйл ажиллагаа явуулдаг. Тайваний цагдаагийн алба олон жилийн турш хил дамнасан энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хүчин чармайлтаа харамгүй гаргаж ажилласан. Энэ жил Камбож, Филиппин, Дубай болон бусад орны иргэдийн хувийн эрх чөлөөг Хятад улсын иргэдийн байгуулсан хууль бус бүлэглэлүүд хязгаарлаж, залилан мэхлэх хөдөлмөр эрхлэхийг тулган шаарддаг тухай асуудлууд ил болсоор байна. Тэдгээр бүлэглэлүүд иргэдийг албадан залилан мэхлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлүүлж буй тул олон улс хамтран ажиллаж, хамтдаа энэхүү гэмт хэргийн эсрэг тэмцэх шаардлагатай байна.

Тайваньд 2021 онд Тайваний цагдаагийн албан хаагчид, Вьетнамын цагдаагийн албан хаагчид хамтран залилангийн бүлэглэлийг илрүүлж, Тайваньд оршин суух хугацаагаа хэтрүүлсэн Вьетнам иргэдийг албадан залилан мэхдэх гэмт хэрэг үйлдүүлэх гэж байсныг илрүүлжээ. Залилуулсан Вьетнамын иргэдийн нийт хохиролын хэмжээ  3.292 тэрбум Вьетнамын донг (ойролцоогоор 4.198.324 Тайвань доллартай тэнцэх) давсан байна.

Тайваний цагдаагийн албан хаагчид гадаадын хууль сахиулах байгууллагуудтай хамтран 2020 онд Монтенегро, 2021 онд Турктэй хил дамнасан залилангийн гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй хавсарсан хэд хэдэн гэмт хэрэг, гэмт хэрэгтэн, гэмт хэргийн хохирогчид, гэмт хэргийн байршил, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг зэргийг амжилттай илрүүлж таслан зогсоосон. Ялангуяа Монтенегрогийн хамтын ажиллагааны хэрэгт 92 сэжигтэн, 2000 гаруй хохирогчийг илрүүлсэн бөгөөд  632.78 сая шинэ Тайвань долларын хохирол учруулсан байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг харуулаад зогсохгүй хүн ардыг хамгаалахын төлөө бид хамтдаа хүчин чармайлт гаргаж байгааг харуулж байна.

Тайваний оролцоо дэлхийн улс орнуудыг залинлагийн бүлэглүүдээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх болно

Тайвань хууль цаазаа сахин хамгаалах, хүний эрхийг дээдлэхийг чухалчилдаг. БНХУ-ын (Тайвань) үндсэн хуульд ард түмний бүрэн эрхт байдлын үзэл баримтлалыг тунхаглаж, ард түмний эрх чөлөө, эрхийг хамгаалах талаар тодорхой заасан байдаг. Засгийн газар мөн бусдын эрхэнд халдсан үйлдлийг хатуу хориглодог.Үндэстэн дамнасан гэмт хэрэг нь ихэвчлэн олон улс орон, бүс нутгийг хамардаг тул гэмт хэрэг илрүүлэх олон байршлыг бий болгодог.

Цар тахлын дараах эрин үед гэмт хэргийн арга барил тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, шинэ арга барилууд төрөн гарсаар байна. Мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн гэмт хэргийн шинэ арга барилуудаас олж авсан туршлага нь маш үнэ цэнэтэй юм. Тайваний цагдаагийн алба гэмт хэргийг амжилттай илрүүлэх туршлагаасаа хуваалцахад бэлэн байна.

Түүнчлэн өнөөгийн харилцаа холбоо, цахим залилангийн гэмт хэргүүд улс үндэстэн дамнаж, нэгдмэл зохион байгуулалт бүхий хөдөлмөрийн нарийн уваарьтай үндэстэн дамнасан гэмт хэргийн бүлэглэл болж хувирсан нь улс орнуудын үндэсний бүрэн эрхт байдалд халдаж байгаа төдийгүй ард түмний амьжиргаа, эдийн засаг, олон нийтийн аюулгүй байдалд хохирол учруулж байна. Тайвань дэлхийн улс орнуудад хилийн чанад дахь гамшгийг таслан зогсоох, эсвэл тухайн улсдаа хууль бус үйлдэл хийж буй гэмт хэргийн байгууллагуудтай тэмцэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд түншүүдтэйгээ мэдээлэл харилцан солилцоход бэлэн байна.

Цагдаагийн алба хаагчдын үүрэг бол нийтийн хэв журам сахиулах, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт юм. Гэмт хэргийн төрөл олширч байгаа энэ үед цагдаагийн албан хаагчид илүү олон сорилттой тулгарч байна. Урьдчилан төлөвлөх, үнэн зөв хариу арга хэмжээ авах, гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд сүүлийн үеийн гэмт хэргийн шинэ нөхцөл байдлын талаар нарийн ойлголттой болох нэн шаардлагатай байна. Цаашид Тайваний цагдаагийн алба дэлхийн улс орнуудын түншүүдтэй хамтран ажиллахыг хүсэж байна. Дэлхийн хэмжээнд цар тахлаас урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэхэд Тайваний оролцоо ч дутах ёсгүй.

Дотоод хэргийн яамны харьяа Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны дарга Ли Ши Хө

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж