Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар албаныхан нийслэлийн товчоодыг цахимжуулах талаар танилцуулсан. Ингэснээр ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүй болох юм. Энэ шийдвэрийн талаар жолооч нар мэдээлэл муутай байна. Ингээд жолооч нарын байр суурийг хүргэе.
Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Бямбацэрэн:
-Жолооч нар машин тэргээ зарахдаа торгуулиа заавал төлдөг. Хот руу гарч явахдаа торгуулиад, буцаж ирэхдээ орж чадахгүй болно гэсэн үг үү. Ийм зохицуулалт хийхийг дэмжихгүй. Арай өөр арга хэмжээ авсан нь дээр байх. Би торгуулиа цаг тухайд нь төлдөг. Яг одоо автомашины улсын дугаар дээр торгууль байхгүй.
Харин Баянзүрх дүүргийн жолооч С.Ням "Автомашиныхаа торгуулийг төлөх төлөхгүй нь тухайн хувь хүний ухамсрын асуудал. Хотын түгжрэл жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчих хамгийн том шалтгаан болж байна. Хүн түгжрээнд удаан зогсч байхаар ямар нэгэн аргаар урагшаа явахаа бодно шүү дээ. Товчоодоор торгуультай машиныг оруулахгүй гээд үр дүн гарах уу. Манай жолооч нар чинь ямар нэгэн аргаар зам гаргаад л явчихдаг шүү дээ. Миний хувьд энэ талаар огт мэдээлэл аваагүй" гэсэн юм.
"Торгуулиа төлөх л ёстой юм чинь аль боломжтой хувилбараар төлсөн нь зөв. Миний хувьд автомашиныхаа торгуулийг жилдээ нэг бөөгнүүлж байгаад төлдөг. Гэхдээ их хэмжээний торгууль төлдөггүй ээ. Ийм арга хэмжээг хэрэгжүүлснээр тодорхой хэмжээнд торгууль багасч, замын хөдөлгөөний дүрмийн зөрчил буурах байх" гэдгийг Хан-Уул дүүргийн иргэн Н.Азбилэг хэллээ.
Харин Сэлэнгэ аймгийн жолооч Б.Батмөнх "Хот руу нэвтрэх товчоодоор ирэх сарын 1-нээс зөрчилтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй гэдэг талаар мэдээлэл муутай байна. Хэрвээ үнэхээр хэрэгжүүлэхээр бол анхаарч, торгуулиа шалгаж үзье" гэсэн юм. "Жолооч хүнийхээ хувьд торгуультай машиныг хот руу нэвтрүүлэхгүй гэдгийг дэмжихгүй. Ийм арга хэмжээ аваад ч нэмэргүй байх" гэдгийг С.Өлзийням хэлж байв.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:
-Товчоодыг цахимжуулах ажлыг нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран хийж, техник, технологийн хувьд бэлэн болсон. Нийслэлд нийт найман товчоо бий. Энэ бүгд цахим дугаар танигч төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Дөрвөн төлбөр авдаг цэгийн 21 гарц байдаг. Хүний механик ажиллагаа шаардлагатай учраас өмнө нь заавал ажилтан байлгадаг байсан. Төсөв хэмнэх зорилгоор таван цэгийн нэгийг нь л ажиллуулдаг тогтолцоотой байсан нь чирэгдэл үүсгэх нөхцөл болж байлаа.
Технологийн дэвшлийг ашиглан хяналт тавих бүрэн боломжтой болж байна. Зөрчилтэй тээврийн хэрэгслийг нийслэлийн бүс рүү оруулахгүй байх арга хэмжээ авна. Хууль эрх зүйн орчин, журам баталгаажуулах ажлууд хийж байна. Одоогоор техникийн ажлууд л хангагдсан гэж хэлж болно. Уг журам шинэчлэгдсэний дараа ямар арга хэмжээ, зохицуулалт хийх нь тодорхой болно. Автомашины цуваа үүссэн нөхцөлд урд байгаа нэг машинд асуудал үүслээ гэхэд ард байгаа бусад машинд чирэгдэл үүсгэхгүй байхаар журмыг боловсруулж байна. Шалган нэвтрүүлэх цэгт дугаар нь тэмдэглэгдээд, шаардлага хангаагүй, зөрчилтэй машин гэсэн мэдээллийг цагдаагийн ажилтанд өгч, тухайн товчоон дээр арга хэмжээ авахаар шийдэж байна.
Цаашлаад зөрчилтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх журмыг зөвхөн товчоодод биш, нийслэлийн замын хөдөлгөөний хяналтад бүрэн нэвтрүүлэхээр ажиллаж байна. Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд техникийн бэлэн байдлыг хангана гэсэн мэдээллийг хэрэгжүүлэгч газрууд өгч байна.
Энэ нь тээврийн хэрэгсэл бүр цахим гэрчилгээтэй болно гэсэн үг. Уг мэдрэгч төхөөрөмжийг мэдэрдэг төхөөрөмжийг нийслэлийн 160 гаруй цэгт байршуулж байна. Ингэснээр зөрчилтэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцвол арга хэмжээ авдаг, хариуцлага тооцдог, татвар оношилгоог цаг бүрт нь хийлгэдэг систем бий болно. Одоогийн байдлаар 2015 оноос хойш нийт 81 тэрбум төгрөгийн торгууль оногдсон байна. Үүний 40 гаруй хувь нь төлөгдсөн гэх тооцоолол байна. Энэ ажил зөвхөн торгох, төсөв бүрдүүлэх ажил биш. Цаг тухайд нь төлдөг болвол замын хөдөлгөөнд соёлтой оролцох, дүрэм зөрчихгүй байх зэрэг зөв хэвшил бий болгоход чухал ач холбогдохтой юм.
Холбоотой мэдээ