“Номун” нэгдсэн эмнэлэг 20 жилийн ойн хүрээндээ Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын хувь нэмэр, ололт амжилт сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд төр хувийн хэвшлийн түншлэлийн үүрэг оролцоо 70х30 хувьтай байгааг аж.
“Номун” нэгдсэн эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхлээд 20 жил болж байна. Анх үйл ажиллагаагаа эхлэхдээ 25 ортой, 25 эмч, сувилагчтай ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр 155 ор бүхий стационар, нарийн мэргэжлийн 8 кабинеттэй нэгдсэн эмнэлэг, 100 ор бүхий амралт, сувилалын газартай, 200 гаруй эмч, ажилчинтай болтлоо өргөжсөн байна. Тус эмнэлгийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Энхцэцэг “Орчин үеийн дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээс гадна хүн амд харьяалал харгалзахгүйгээр мэс заслын болон бусад нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ, СХД, СБД, ЧД-ийн иргэдэд яаралтай мэс заслын тусламжийн үйлчилгээг 24 цагаар үзүүлж байна” гэдгийг эрдэм шинжилгээний бага хурлын үеэр онцолсон юм.
Харин ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Төрийн болоод хувийн эрүүл мэндийн байгууллагууд яг адилхан санхүүжилтийг авдаг болж байгаа. Тиймээс цаашдаа хувийн болоод төрийн эрүүл мэндийн байгууллагууд хоорондоо өрсөлдөнө. Ирсэн хүн бүхэнд харъяалал харгалзахгүйгээр чанартай тусламж үйлчилгээ үзүүлээд санхүүжилтээ авдаг тогтолцоо руу шилжсэн” гэдгийг онцолсон юм. Монгол Улс 2021 оны гуравдугаар сараас эхлэн ЭМД-аас төр болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ижил тариф мөрдүүлж, иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээндээ гаргах зардлыг 25 хувиас ихгүй байхаар зохицуулалт орсон нь иргэдийн амьдралд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой болсон аж.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд 40 гаруй судалгаа илтгэл танилцуулж, хэлэлцүүлсэн байна. Илтгэлүүдэд тусгагдсан судалгаа, шинэ санаа, тулгамдсан асуудал зэргийг анхаарч, ажилдаа нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанарт ахиц дэвшил гарч, тодорхой шийдэлд хүрэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж салбарынхан онцолж байна.
Энэ үеэр Эрүүлийн хамгаалахын тэргүүнээр 4 хүн, яамны жуухаар 5, нийслэлийн Эрүүл мэндийн газрын тэргүүний ажилтан шалгарсан байна. Мөн АШУҮИС-тай хамтран эрдэм шилжилгээний бага хурлын үеэр тавьсан илтгэлүүдээс шилгүүдийг шалгаруулжээ. Шилдэг илтгэлээр Н.Мягмарнарангийн илтгэл, 2-р байранд П.Сугармаа, 3-р байранд н.Билгүүн нар тус тус шалгарчээ.
Л.Халиу
Холбоотой мэдээ