Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн осол 2022 оны аравдугаар сарын 10-ны 18:53 цагт гарсан. Олон нийтийн сүлжээнд жолооч хаазаа андуурч гишгэснээс болоод осол гаргасан гэх мэдээлэл тархаад байгаа билээ. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тайлбар мэдээлэл өглөө.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах зохицуулагч Г.Отгонтамир:
-2022 оны есдүгээр сарын эхний байдлаар зам тээврийн ослоор нийт 426 хүн нас барж, 2150 хүн гэмтэж, бэртсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 мянга 34 зөрчлийг илрүүлж таслан зогсоосон. Эдгээр зөрчлөөс огт жолооч биш, эрхээ хасуулсан байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон 23 мянга 834 зөрчлийг илрүүлсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоны ойролцоо “Ланд Круйзер-200” маркийн автомашин хашлага давж, эсрэг урсгалын долоон автомашин мөргөсөн ослын тухайд долоо хоногийн өмнө гарсан. Ослын улмаас нийт найман жолооч эд хөрөнгийн хохирол амассан. Мөн гарцаар гарч байсан 12 настай хоёр хүү гэмтсэн. Одоогийн байдлаар хүү эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр "Олимп" хотхоны хойд замд зам тээврийн осол гаргасан авто машины жолооч нь 29 настай, эмэгтэй М гэгч байсан.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа учраас ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан.
Ослын дүгнэлт гараагүй байгаа. Хааз, тормоз андуурч дарсан эсэх нь тогтоогдоогүй. Осол гарах үед жолооч архи, согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Мөн хар тамхитай тэмцэх хэлтсээс тест авсан. Тестийн хариу гарсан бөгөөд тухайн жолооч мансууруулах бодис хэрэглээгүй нь тогтоогдсон. Эмэгтэй жолооч биш нь тогтоогдож, ослын шалгалтыг 14 хоногоор сунгасан. Шалгалтын ажил дуусаагүй бөгөөд тухайн осол гаргасан машины эзэмшигчид ч Зөрчлийн хуулиар хариуцлага тооцно. Мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа Прокуророос шүүх рүү шилжүүлж, хуулийн хариуцлага тооцно” гэв.
Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.