Төсөв-2023: Урсгал зардал 15 их наяд төгрөгт хүрнэ | News.MN

Төсөв-2023: Урсгал зардал 15 их наяд төгрөгт хүрнэ

Төсөв-2023: Урсгал зардал 15 их наяд төгрөгт хүрнэ

Төсөв-2023: Урсгал зардал 15 их наяд төгрөгт хүрнэ

Төсвийн тэлэх бодлого инфляцийн дарамтыг улам нэмэгдүүлж байна. Тиймээс ирэх онд Монгол Улсад инфляци урт хугацаанд өндөр түвшинд байж, цаашид эдийн засгийн өсөлт сулрах төлөвтэй байгааг гадна, дотнын шинжээчид анхааруулсаар байна. Ирэх оны төсвийн төсөлд шинэ хөрөнгө оруулалт хийгээгүй гэж буй боловч зарлага нь орлогоосоо 1.5 их наяд төгрөгөөр их, алдагдалтай төсөл боловсруулсныг шүүмжлэх хүн олон байна.

Төсөл боловсруулагчдын мэдээлж буйгаар, урсгал зардал нэмэгдсэний улмаас төсвийн зарлага өсчээ. Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг "Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд төсвийн тэвчиж болох бүх зардлаа тэвчиж, 2022 оны төсвийн тодотголуудтай харьцуулахад ирэх оны төсвийн төсөлд зарлагыг бууруулсан. Төсвийн урсгал зардал зайлшгүй нэмэгдэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлсөн. Тухайлбал,

-Өнгөрсөн хоёрдугаар сард тэтгэвэр нэмсэнтэй холбогдуулан 231.4 тэрбум, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөтөлбөрийн төлөвлөгөөний урсгал зардалд 228.3 тэрбум, төрийн албан хаагчдын цалингийн тогтолцоог өөрчлөхөд 266.2 тэрбум, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжид 114.7 тэрбум төгрөг болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн тооны өсөлт, хоолны зардал зэрэг зайлшгүй нэмэгдэх зардлын нийт дүн 1.6 их наяд төгрөг болж, урсгал зардал нэмэгдсэн" гэж тайлбарласан.

Олон улсын байгууллагууд дэлхийн эдийн засгийн хямралт нөхцөл байдал 2024 он хүртэл үргэлжилнэ гэж төсөөлж буй. Иймд төр хэмнэлт хийж, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг дэмжих, импортын дарамтыг сааруулах, нөөцийн оновчтой хуваарилалтаар дамжуулан, макро эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай.

Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслөөс харахад, төсвийн нийт урсгал зардал 2023 онд 15 их наяд төгрөгт хүрэхээр байна.

Үүний 61 хувийг төрөөс олгодог тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө, хуульд заасны дагуу тарифаар гүйцэтгэлд үндэслэн санхүүждэг эрүүл мэнд, боловсролын салбарын цалин хөлс, 15 хувийг төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагаатай холбоотой зардал, 12 хувийг бусад салбарын цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, 8 хувийг гадаад, дотоод зээлийн хүүгийн төлбөр, 4 хувийг төрөөс иргэн, аж ахуйн нэгжид олгох хөнгөлөлт, татаас эзлэх аж.

Бодлого боловсруулагчид 2023 онд төрийн албан хаагчдын орлогод шууд нөлөөлөх үр дагавартай цалин хөлстэй холбоотой зардлыг бууруулалгүйгээр төсөвт байгууллагын хэмнэх боломжтой үйл ажиллагааны зардлыг багасгахаар тооцжээ. Түүнчлэн зорилтот бүлэгт чиглүүлж, бүтээмжтэй уялдсан цалин хөлсний уян хатан тогтолцооны шинэчлэлийг эхлүүлэн, төрийн үйлчилгээ хүргэж буй зарим салбарыг үр дүнгийн гүйцэтгэл, үйлчилгээний чанарт үндэслэн санхүүжүүлэх тогтолцоог үе шаттай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээний цахим шилжилтийг эрчимжүүлнэ гэж тооцсон байна.

Төсвийн төсөлд 2023 онд нийт татварын орлого 2022 оны батлагдсан дүнгээс 25.2 хувиар нэмэгдэж, 17 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцсон. Үүнээс 26.5 хувь буюу 4,530.0 тэрбум төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татварын орлого, 21.1 хувь буюу 3,597.3 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлийн орлого, 20.6 хувь буюу 3,509.7 тэрбум төгрөгийг орлогын албан татварынх, 8.9 хувь буюу 1,520.0 тэрбум төгрөгийг гадаад үйл ажиллагааны орлого, 5.7 хувь буюу 966 тэрбум төгрөгийг онцгой албан татварын орлого, үлдсэн хэсгийг бусад татварын орлого бүрдүүлнэ гэж үзжээ.

Мөн төсөлд эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд ирэх онд сэргэж, уул уурхайн экспорт нэмэгдэх хандлагатай гэж тусгасан байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлого 2022 оны батлагдсан түвшинтэй харьцуулахад 13.6 хувиар нэмэгдэж, 2,400.0 тэрбум төгрөгт хүрнэ гэж тооцоолжээ.

Хувь хүний орлогын албан татварын орлогыг өмнөх жилүүдийн орлогын гүйцэтгэл, цалин хөдөлмөрийн хөлсний өсөлт зэрэгтэй уялдуулан энэ оны батлагдсан дүнгээс 11.5 хувиар нэмэгдүүлэн 1,262.8 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон байна. Хувь хүний орлогын албан татварын өсөлтөд ирэх онд нэмэгдэх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хувь хүний орлогын албан татварын шаталсан тогтолцооны өөрчлөлт, цалингийн сангийн өсөлт голлон нөлөөлж буйг төсвийн төсөлд дурджээ.

Түүнчлэн дотоодын барааны нэмэгдсэн өртгийн албан татварын орлого ирэх онд 2022 оны батлагдсан дүнгээс 9.7 хувиар нэмэгдэж, 1,700.0 тэрбум төгрөгт хүрэхээр тооцсон байна. НӨАТ-ын сугалааны урамшууллыг үргэлжлүүлж, цахим төлбөрийн баримтын системийн шинэ хувилбаруудыг нэвтрүүлэн, ашиглахад хялбар болгож, хамрах хүрээг өргөтгөх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр НӨАТ-ыг нэмэгдүүлнэ гэжээ.

ИРЭХ 2023 ОН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУВЬД ХАМГИЙН ИХ АЧААЛАЛТАЙ ЖИЛ

Өдгөө Монгол Улс ДНБ-ий дунджаар 4 хувьтай тэнцэх хэмжээний улсын төсвийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлж байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд 1.6 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 1,376 төсөл, үйл ажиллагаа баталсныг 749.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн нь энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 44.1 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтын хувьд 2023 онд хэрэгжүүлж буй төслийн явц, гүйцэтгэл үр дүнг шалгуураар эрэмбэлж, төсвийн төсөлд тусгах, төсвийн ачааллыг багасгах зорилгоор төсөвт өртөг их, томоохон төслийг төсвийн баримт бичигт үндэслэн үе шаттай хэрэгжүүлэх. Ирэх онуудад төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны бэлтгэл, ТЭЗҮ, зураг төсвийг боловсруулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах, эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдол бүхий шинэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ гэжээ.

Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд хамгийн их ачаалалтай жил 2023 он болох нь. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй. Тодруулбал,

-Төсвийн хөрөнгө оруулалтаар 2019 оноос хойш эхлүүлсэн дуусаагүй шилжих төслүүдийн үлдэгдэл санхүүжилт

-2022 оны төсөвт хийсэн хоёр удаагийн тодотголоор багасгаж, хойшлуулсан хөрөнгө оруулалт болох 824.3 тэрбум төгрөг

-2021 оны барилгын материалын үнийн өсөлтөөс шалтгаалсан нэмэлт санхүүжилт болох 303.4 тэрбум төгрөг

-Өмнөх онуудад концессын “барих-шилжүүлэх” төрлөөр гэрээ байгуулж, ажил нь дууссан төслүүдийн гэрээний эргэн төлөлтийн дагуу 2023 онд төлөх төлбөр 279.6 тэрбум төгрөг

-Гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төслүүдийн олон улсын гэрээгээр хүлээсэн Монгол талын санхүүжилт болох 244.1 тэрбум төгрөг зэргийг төсвийн төсөлд тэмдэглэжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааны 51.9 хувь нь хөдөө орон нутагт, 30.1 хувь нь нийслэлд, 18 хувь нь улсын хэмжээнд байх нь. Хөрөнгө оруулалтын 34.3 хувь нь боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт, 49.3 хувь нь авто зам, эрчим хүч, инженерийн шугам сүлжээний салбарт, 14.1 хувь нь төрийн захиргаа, 2.3 хувь нь аюулгүй байдал, гадаад харилцааны салбарт хэрэгжих аж.

Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн танилцуулгад дурдсанаар, төсвөөс бусад дотоод эх үүсвэрээр голлон санхүүждэг уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалт 2023 онд багасч, нийт эдийн засгийн өсөлтийг сааруулахаар байна. Иймд тус салбаруудын санхүүжилтийн боломжийг нэмэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар үйл ажиллагааг нь дэмжих хэрэгтэйг тэмдэглэжээ.

2021 оны байдлаар гадаадын 2126, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай 554 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулсан нь өмнөх оныхоос 12 хувиар, цар тахлын өмнөхөөс 10.5 хувиар бага байв. Мөн онд нийт хөрөнгө оруулалтын 58.2 хувийг гадаадын, 12.7 хувийг улсын төсвийн хөрөнгө оруулалт, 29.1 хувийг банкны зээл, бусад эх үүсвэрээс бүрдүүлжээ.

Батлан хамгаалах, төрийн удирдлага, эрчим хүч, барилга, боловсруулах үйлдвэр зэрэг улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадны зээл тусламжаар голлон санхүүждэг салбарын хөрөнгө оруулалт багасаж, уул уурхай, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгджээ.

Монгол Улсад 2000-2001 онд 69.2 их наяд төгрөгийн гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсний 70 орчим хувь нь уул уурхай, олборлох салбар, 20 гаруй хувь нь үйлчилгээний салбарт төвлөрсөн байна. Нийт хөрөнгө оруулалт 2021 онд өмнөх оныхоос 7.5, цар тахлын өмнөх 2019 оны түвшнээс 2.6 хувиар багасчээ. Үүнд гадаад зээлийн хэмжээ 60 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.

ЗЭСИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ҮНИЙГ ТОНН ТУТАМД 8,386.7, НҮҮРСНИЙХИЙГ 110.8 АМ.ДОЛЛАР БАЙХААР ТООЦЖЭЭ

Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэхээр төлөвлөжээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагын дагуу зэс, нүүрсний үнийг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон бөгөөд 2023 онд зэсийн тэнцвэржүүлсэн үнийг тонн тутамд 8,386.7, нүүрснийхийг 110.8 ам.доллар байхаар тооцсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-17 202.126.89.252

ene yurunhiilugch gej neg subekt eldew busiin yum sanaachilj tusuwt duraaraa mungu tawiulah yum. terniih ni heregjiltend hen ch hyanalt tawihgui uuruu ch hariutslagaa huleehgui. gajig togtoltsootoi. duraaraa durgij baigaa yurnhii said, gishuud bol ireh songuuliar yawaad ugnu. yurnhiilugch l chuhal tsarailaad suuj bn.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж