Сурвалжлага: Хүүхдийн ханиад эдгэхгүй нэг сар болж байна

Хуучирсан мэдээ: 2022.10.18-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Хүүхдийн ханиад эдгэхгүй нэг сар болж байна

Сурвалжлага: Хүүхдийн ханиад эдгэхгүй нэг сар болж байна

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бага насны хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүдийн хөлд дарагджээ. Эцэг эхчүүдийн нэг хэсэг нь өлгийтэй нярайгаа үзүүлэхээр дарааллаа хүлээнгээ гаднах талбайд нь агаарлаж зогсоно.

Зарим нь эмчийн өрөөний үүдэнд бөөгнөрч, ээлж дугаараа тэвчээртэйгээр хүлээж байв. Хүүхдүүд уйлагнаж, аав ээжийнхээ энгэрт наалдана.

Зөвхөн амьсгалын замын өвчлөлийн тасаг гэлтгүй хүүхдийн чих хамар хоолой, мэдрэл, харшил, нүдний эмчид үзүүлэх эцэг, эхчүүдийн  дарааалал их байлаа.

Нярай хүүхдээ нүдний эмчид үзүүлэхээр дугаарлаж байгаа Ц.Энхцэцэг "Эх нялхаст улс орны өнцөг булан бүрээс хүүхдээ дагуулж ирж үзүүлдэг учраас дараалал дугаар ихтэй байдаг юм" гэв. Хажуугийн хаалганд, мэдрэлийн эмчид хүүхдээ үзүүлэхээр эцэг эхчүүд дугаарлана. Зарим нь эмчид үзүүлэхээр хоёр сарын өмнө цаг авч, өнөөдөр өглөө эмнэлэгт ирсэн ч үзүүлж чадаагүй байна гэсэн юм.

"УЛС, ХУВИЙН ГЭЛТГҮЙ ЭМНЭЛЭГТ ОЧИХООР ДАРААЛАЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ БАЙНА"

Баянзүрх дүүргийн оршин суугч Ш.Шижирбат охиноо утсаараа сатааруулангаа "Хүүхэд маань  нэг ой, зургаан сартай. Өнгөрсөн шөнөөс эхлэн тасралтгүй бөөлжиж эхэлсэн. Бид түргэн тусламжийн 103 дугаар руу залгаж зөвлөгөө авахад "Шууд дүүргийн эмнэлэг рүүгээ яв" гэсэн. Дүүргийн эмнэлэг дээр очиход нарийн коридорт хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд урт дараалал үүсгэчихсэн байсан учраас хувийн эмнэлэг рүү явсан.

Гэвч хувийн эмнэлэг нь ялгаагүй гаднаа машинаа ч байрлуулах зайгүй урт дараалалтай байсан. Арайхийж тэндээ урьдчилан сэргийлэх дусал тариа хийгээд гэртээ буцсан. Хүүхэд маань 36 цаг юу ч идэж, уугаагүй. Энэ хугацаанд гэнэт хүүхдийн бие муудвал яах вэ. Улсын, хувийн гэлтгүй эмнэлэгт очихоор дараалал нь дийлдэхгүй. Одоо ЭХЭМҮТ-д хүүхдээ оношлуулахаар цаг аваад сууж байна. Ажлаа алдаж, хүүхдээ үзүүлэхээр цаг авсан учраас хэчнээн цаг хүлээсэн ч сууж байгаад үзүүлнэ" гэв.

Р.Уянгын охин найман сартай, халуун нь огт буухгүй байгаа аж. Тэрбээр "Бид хоёр өглөө 08:00 цагт эмнэлэгт ирж, халуунаа буулгасан. Эмчийн цаг дуусч, Пүрэв гаригт үзүүлэх боломжтой гэсэн. Тиймээс цаг авсан хүмүүсийн араас нэмэлтээр дугаарлаж байна. Ямар ч байсан гурван цаг хүлээж байна. Хүүхдийн хувьд шингэн нус гоожиж, 40 хэм хүртэл өндөр халуурч байгаа. Түргэн тусламжид дуудлага өгөхөөр 38 хэм хүртэл халуурах нь хэвийн гээд тоохгүй юм. Халууныг нь буулгахаар лаа хийгээд буухгүй байна. Хөдөө орон нутгийн хаягтай учраас энд ирсэн юм" гэлээ.

ХАНИАДНЫ ЭДГЭХ ХУГАЦАА УДААН, ХАНИАЛГАЖ, ХАЛУУРАХ, ХООЛОЙ ӨВДӨХ ШИНЖ ТЭМДГЭЭР ИЛЭРНЭ

 "Хүү маань одоо хоёр настай. Би хүүгээ үзүүлэх гээд 30 минутын өмнө ирсэн. Хүү өндөр халуурч, ханиалгаж байгаа. Ханиад нь эдгэхгүй нэг сар болж байна. Эм уугаад ч эдгэхгүй болохоор ЭХЭМҮТ-д үзүүлэхээр ирлээ. Цэцэрлэгт энэ жил орсон. Хүүхдүүдийн дунд ханиад томуу их байна" гэж хүүгээ тэвэрч суусан Ж.Эрдэнэцэцэг хажуугаас ярианд оролцлоо.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгч буй мэдээллээр бага насны 0-15 насны хүүхдүүдийн өвчлөл 90 орчим хувийг эзэлж байна. Үүн дотроо 0-4 настай хүүхдийн өвчлөл 60 орчим хувийг эзэлж байгаа.

Ялангуяа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 50 орчим хувь нь амьсгалын замын цочмог хэлбэрийн хүнд халдвартай гэж оношлогдож байгаа аж.

Хүйтний улирал эхэлж, ханиад томуу, халдварт өвчин дэгдсэнээр эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Хүүхдүүдийн дунд хүнд хэлбэрийн ханиад, томуу гадуур их дэгдэж, өвчлөл нэмэгдэж байгааг эмч нар хэлж байв.

Эдгэх хугацаа удаан бөгөөд ханиалгаж, халуурах, хоолой өвдөх гэх мэт шинж тэмдгүүдээр илэрч байгаа аж.

ӨНГӨРСӨН ЖИЛҮҮДЭД БАЙГААГҮЙГЭЭР ТОМУУГИЙН ВИРУС НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

Тэгвэл уг ханиад нь ямар төрлийн вирусээс гаралтай болох, хэрхэн эмчлэх талаар ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн дарга А.Бурмаа зөвлөгөө өгөхдөө "Хүйтэн сэрүүний улирал эхлэхэд Монголд томуу, томуу төст өвчин дэгддэг. Бид одоо яг энэ үе дээрээ явж байна. Зөвхөн томуугийн вирусээс гадна бусад амьсгалын замын томуутай төстэй, ижил шинж тэмдэгтэй вирус нь хүн амын дунд өвчлөлийн шалтгаан болдог. Вирус судлалын лабораторид хийж байгаа шинжилгээгээр томуугаас бусад вирус тодорхойлогдож байна. Зонхилон дэгдэж байгаа нь риновирус, аденовирус байгаа юм.

Эдгээр вирус нь томуутай адилхан шинж тэмдэгтэй бөгөөд амьсгалын дээд халдвар илүү үүсгэдэг. Цаашдаа томуугийн А, В вирус ч дэгдэх хандлага ажиглагдаж байна. Тийм учраас эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангах ажилдаа орсон. Өнгөрсөн жилүүдэд байгаагүйгээр томуу, томуу төст өвчний вирусүүд нэмэгдэх хандлагатай байна" гэдгийг хэлжээ.

ХӨСҮТ-өөс долоо хоног бүр тандалт, мэдээ тайланг гаргадаг. Өмнөх долоо хоногийн байдлаар амбулаторид үзүүлж байгаа нийт иргэдийн 7-8 хувь нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Харин нийт эмнэлэгт хэвтэгсдийн 10.7 хувь нь амьсгалын замын цочмог хүнд хэлбэрийн халдвартай байна гэсэн тандалт судалгаа гарсан байна.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж