Франц улсад шатахууны хомсдолоос үүдэлтэй газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчид ажил хаяад гурван долоо хоног өнгөрч байна. Тэгвэл өчигдөр /2022.10.16/ Парис хотод олон мянган хүн шатахууны хомсдолоос болж амьжиргааны өртөг нэмэгдэж буйд бухимдлаа илэрхийлэн жагслаа. Жагсаалыг зүүний үзэлтэй улс төрийн сөрөг хүчнийхэн зарлаж, “Бөхөөгүй Франц” намын тэргүүн Жан-Люк Меленшон удирджээ. Меленшон Мягмар гаригт бүх нийтийн ажил хаялтыг уриалаад, улмаар жагсаалыг удирдсан.
Зарим жагсагч 2018 онд болсон засгийн газрын эсрэг жагсаалын бэлгэ тэмдэг шар өнгийн хантааз өмссөн байв. Бороохойгоор зэвсэглэсэн аюулгүй байдлын хүчнийхэн тэдэн рүү хэд хэдэн удаа нулимс асгаруулагч хий цацжээ. Жагсаалд 140 мянган хүн оролцсон гэж зохион байгуулагчид мэдэгдсэн ч цагдаа нар 30 мянга гэж хэлжээ. “Occurence” хэвлэлийн тооллогоор 29500 хүн оролцсон байна.
“Сэрэх цаг боллоо. Дээдчүүл биднээс хол тасарсан. Бид татвараа төлдөг, яагаад гэдгээ мэдэхгүй. Энэ мөнгө хий дэмий үрэгдэж байна” гэж намын идэвхтэн Кристофер Савидан хэллээ.
Ажил хаялт болон эсэргүүцлийн жагсаалыг засгийн газар анхааралтай ажиглаж буй. Одоогоор Францын дөрвөн газрын тос боловсруулах үйлдвэр хаагдаад байна. Жолооч нар шатахуун авах гэж олон цагаар дараалалд зогсож, олон ч компаниуд хүргэлтийн үйлчилгээгээ танажээ. Тэр бүү хэл яаралтай тусламжийн машин хүртэл үйлчилгээгээ хэвийн үзүүлж чадахгүй болсон.
Хэрвээ нөхцөл байдал хурцадмал хэвээр байвал эрх баригчид нэмэлт шаардлага хүргүүлж, ажил хаясан ажилчдыг албан тушаалд нь буцаана гэж ерөнхий сайд Элизабет Борне өчигдөр /2022.10.16/ мэдэгдлээ.
Эх сурвалж: FRANCE 24